Товч агуулга: Тус өгүүлэлд Б.Ринчен гуайн “Монгол бөө мөргөлийн судлалын материал” хэмээх Ордос, Халх, Буриад ардын аман зохиол, угсаатан зүйн эх сурвалж бүтээлийг нарийн танилцуулан өгүүлжээ. Даруй зохиогч тус бүтээлтэй эхэлж танилцсан, судлалдаа эшлэж ашигласан зэргээ тодорхойлж, тус бүтээлийн эмхэтгэн найруулсан арга барил, үнэ цэнийг гүнзгий задлахдаа “аман зохиолын”, “хэл шинжлэлийн”, “угсаатан зүйн”, “тайлга тахилгын”, “дом шившлэгийн” хийгээд хээрийн шинжлэлийн арга барил” –ын үнэ цэнийг үнэлэн шүүмжилжээ.
Зангилаа үгс: Б.Ринчен, В.Хейссиг, бөө мөргөл, аман зохиол, үнэ цэнэ, арга барил, дуудлага, даатгал, даллага, тамлага, тахилга, сан, сацал, шившлэг, сэржим, залбирал, хурайлга, өчиг.
2020 оны зун би корона вирус өвчний нөлөөгөөр Кёльн хот дахь гэртээ хөл хорионд хэдэн номынхоо хэвлэлийн эх бэлтгэлийг хийсээр л байлаа. Эмэгтэй зохиолч ордосын В.Сарангуа, Б.Ринчен гуайн “Монгол бөө мөргөлийн судлалын материал” хэмээх гурван боть номыг галиг үсгээс худам монгол бичигт хөрвүүлж дуусгаад, нэг, гуравдугаар ботийн өмнөх Б.Ринчен гуайн францаар бичсэн “оршил”-ыг орчуулан өгөхийг хүсэв. Би түүний герман хэлээр хэвлүүлсэн өгүүлэл зохиол, номуудыг нь уншиж, олонхийг нь хадгалж байгаа боловч, энэ аугаа их билгүүн эрдэмтэн Бямбын Ринчен багшийн бүтээлийг тийм амархан орчуулж чадахгүйгээ мэдэж, монгол франц хэлтэй хоёр монгол залууг олж орчуулахыг найдав. Гэтэл нөгөө хоёр дүү маань хоёр гараг барьж оролдож үзээд чадахгүй хэмээн буцааж өгөв. Тэгээд би парис дахь францын зүүн азийн хэл шинжилгээний судлалын төвийн гишүүн Ч.Сайнзаяа гуайтай холбоо тогтоож орчуулгын ажлыг түүнд хүчээр даатган найдав. Орчин цагийн харьцуулал хэл судлалаар мэргэшсэн Ч.Сайнзаяа гуай хэдийгээр тус оршил нь нилээд эртний хэл хэллэгтэй бөгөөд маш урт өгүүлбэртэй богино өгүүлэл боловч маш баялаг агуулгыг багтаасан бүтээлийг орчуулж өгөхдөө “угсаатан зүй, бөө мөргөлийн олон тусгай хэл хэллэг, даатгал дуудлага зэргийг бүрэн зөв ойлгуулан орчуулж чадаагүй байж магад” гээд үндсэн агуулгыг орчуулж өгөв. Ингэж би гучин жилийн өмнө судалж байсан хуучин сэдвээ дахин авч уг эх бичиг зэрэг хамаа бүхий бичиг материалтай харгуулан найруулж хэвлэлд бэлтгэв.
Нэг. Б.Ринчен гуайн “Монгол бөө мөргөлийн судлалын материал” –ыг анх ашигласан нь
Миний бие “Хатгин арван гурван атаа тэнгэрийн тайлга”[2] хэмээх номоо туурвиж байх үедээ В.Хейссиг багшийн “Монголын шашин суртахуун”[3] гэдэг номоос дам ашиглаж байжээ. Жишээлбэл:
“Атаа тэнгэр хаан минь
Аянгын дууны нүргээн чинь
Асга хадны хавцал дор цуурайтана
Аливаа монголчуудын сэрэлд нэгдэнэ...
Энх жаргалан, аливаа баялгийг бидэнд хамгаалан соёрхогч
Эцэг дээд хан мөнх атаа тэнгэр минь ...[4] гэж “Ринчений нэгдүгээр номерт материал, Хейссигийн “Монголын шашин суртахуун” –аас дам авав”[5] гэж 1984 онд би Б.Ринчений энэ номыг судлалдааа анх ашигласан өвөрмонголын хамгийн анхны хүн болно. 1986 оны 9 сарын 14 –нд Хөххотод В.Хейссиг багш миний гэрт анх удаа айлчлахдаа “Хан атаа хан сод эрхт хурмаст тэнгэр нарын судар”[6] хийгээд “Атаа тэнгэрийн сан оршив”[7] хэмээх миний судалгаатай холбоотой хоёр гар бичмэлийн хуулбарыг өгөхдөө Б.Ринчений номыг дараа жилийн хуралд ирэхдээ өгье гэжээ.
1987 онд өвөрмонголд анх удаа зохион байгуулагдсан тав дахь удаагийн олон улсын монгол судлалын эрдэм шинжилгээний хурлаар В.Хейссиг багш хоёр дахь удаагаа миний богино гэрийг маань гэрэлтүүлсэн боловч, Б.Ринчений номыг авч ирсэнгүй харин миний герман явах тухай ярилцав. Атаа тэнгэрийн тайлга хийгээд Б.Ринчений номын тухай би Чой.Лувсанжав багштай захидлаар харилцаж байсан болохоор тэрбээр бөө мөргөл судлаач бөгөөд тэр үед дундад улсын Бээжин дэх суугаа монгол улсын элчин сайдын албатай Ч.Далай багшаар надад дамжуулан ирүүлжээ[8]. Би Чой.Лувсанжав багштай найз шиг сайхан туслалцаж явсан сонин сайхан түүхтэй боловч, 1987 оны хурлаар анх нүүр тулан уулзсан юм. Бидний хоорондох олон сониноос нэгэн учрыг зоог зугаа болгон ярья.
1982-89 он болтол өвөрмонголд Мөнхбат гэдэг эрдэмтний уриалгаар хүн болгон “Монголчуудын гүн ухааны үзэл санаа” –г судлах халууралтай болж байв. Би ч цаг хөгөөс хоцролгүй энэ ажилд шуурхайлж, мөн Ч.Далай гуайгаас олсон Ч.Жүгдэр гуайн “15-18 дугаар зууны монголын нийгэм –улс төр, гүн ухааны сэтгэлгээний хөгжлийн тойм”[9] хэмээх бүтээлийг кирилл бичгээс монгол бичигт буулгасан юм. Миний бодохоор бараг 1987 оны 9 сарын сүүлчээр нэг үдшийн 8 цагийн орчим Хөххотын гал тэрэгний өртөөнд тухайн үеийн Жинин-ээс монгол улсын галт тэрэг хүрч ирэв. Олонх өвөрмонголчууд хувь өөрийн танил найзаа тосож, танилцаж, баясаж, зарим нь бас нулимс асгаруулж л байв. Лувсанбалдан (махлаг шиг түлхүүр тэргэнд сууж байсан, би нэрийг нь мартаж, Лувсанвандан биш байгаа) зэрэг том эрдэмтэн бие тааруухан шиг болохоор зарим залуухан У.Наранбат мэтийн эрдэмтэд нилээд орой галт тэрэгний зогсоолоос үүрч гарч ирж байв. Би аль хэдийн Ч.Жүгдэр хийгээд Чой.Лувсанжав хоёр багшийг олж, хүлээлгийн танхимд суудалд суулгаж байв. Лувсанбалдан зэрэг сүүлийн томчууд гарч ирэхэд би нөгөө хоёр багшаа бид одоо машиндаа сууя олонх зочид бараг ирсэн байдалтай байна гэжээ. Гэтэл Чой.Лувсанжав багш харин тэргэнд гардаггүй. “Би Л.Хурцбаатар гуайг хүлээж байна” гээд явдаггүй, би яаруу сандруу “Би чинь Л.Хурцбаатар мөн шүү дээ” гэсэнд цаадах нь бас итгэхгүй, “Үгүй, би нөгөө өвгөн Хурцбаатарыг хүлээж байна” гээд бас болдоггүй, тэр бас дахиад “Та, нөгөө “Арван гурван атаа тэнгэрийн тайлга” –ыг бичдэг Хурцбаатар багш мөн үү?” гэж дахин лавлахад, би “мөн, мөн” гэв. Тэр харин гэнэт эргэж намайг шууд ширтэхэд багшийн нэг нүд нь хөдөлдөггүй, би бараг ямар сонин нүдтэй хүн бэ гэж цочиж айв, хөөрхий тэр багшийн минь нэг нүд нь шаазан нүдтэй байсныг сүүлээр нь мэдэв. Тэр бас “Та чинь хүүхэд байх шиг, Далайгаар явуулсан миний номуудыг олсон уу?” гэж асуухад, би “олжээ, олжээ багшид талархаж байна” гэж номын цагаан буянаар өвгөн биш залуу Хурцбаатар ингэж ийм олон буурал эрдэмтэдтэй танилцаж, буян хайрыг нь хүртэж явахдаа би ч буянтай байжээ гэж боддог юм. Гэтэл би Хейссиг багшийн минь “Хурцбаатар дор сайн ном бичих болтугай” хэмээх гэрээс бичээсийг нь бодохтой зэрэг нэг л их хүнд үүрэг хариуцлагатай яваа шиг хэзээд бодогддог юм.
Ингэж би Б.Ринчен багшийн “Монгол бөө мөргөлийн судлалын материал” –ыг Чой.Лувсанжав багшаас, В.Хейссиг багшаас “Атаа тэнгэрийн сан” зэргийг олсон боловч, “Хатгин арван гурван атаа тэнгэрийн тайлга” хэмээх бүтээлдээ шууд ашиглаж чадаагүй юм, учир нь би эх бичгээ 1985 онд Хайлаарын соёлын хэвлэлийн хороонд нэгэнт тушаасан байлаа. Харин Б.Ринчен гуайн нэгдүгээр ботийн эх материалаас “Бууны мялаалга”[10] зэрэг монгол бөө мөргөлийн дуудлага сангуудыг “Монголын бөө мөргөлийн тайлга тахилгын соёл” хэмээх бүтээлдээ 1987 оноос ашиглаж эхэлсэн төдийгүй нэгдүгээр ботийг нь кирилл бичгээс монгол бичигт буулгасан юм[11]. Харамсалтай нь эдгээр гар бичмэл хийгээд Б.Ринчений ном жич миний маш олон ховор гар бичмэлийн хадгаламж ба миний 1983-84 онд хийсэн хээрийн шинжилгээ зэрэг бичиг материал, нэг албан гэрийн бүх ном судраа тухайн үед ажиллаж байсан албан байгууллагад үгүй болгов. Одоо миний гарт ашиглагдаж байгаа Б.Ринчен гуайн ном бол 1989 онд уг номыг хэвлүүлсэн герман Вайсбадены отто харрасувитз хэвлэлийн хорооноос худалдан авсан эх болно. Ихэнх хуудсан дээр нь би монгол үсгээр бичсэн байдаг юм.
Хоёр. Б.Ринчен гуайн “Монгол бөө мөргөлийн судлалын материал” эмхэтгэсэн арга барил
Б.Ринчен гэдэг нэрийг олонх монголчууд сонсмогц монгол хэл, монгол уран зохиолын алдарт билгүүн эрдэмтэн, монголын ууган доктор, цаашилбал монголын дархан орчуулагч зэрэг авьяас билгийг нь санан боддог байна. Харин түүний угсаатан зүйн тухай эрдэм мэдлэг болон зохиол бүтээлүүдийг нь мэддэг хүмүүс тун цөөхөн билээ. Үнэнийг нь хэлбэл, Б.Ринчен бол европын угсаатан зүй судлалын арга барилыг хамгийн анх монголд биеэрээ үлгэр дуурайл болон сурч, судлан практикжуулсан эрдэмтэн болно. Тэрээр энд хэвлүүлж байгаа номынхоо гуравдугаар ботийн оршилд: “Би Доржи Банзаровын өнгөрсөн хагас зуунд эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлэхийг хүсэж л байна” гэж бичсэнээр барахгүй монгол бөө мөргөлийн судлалын үйлсэд 1927-1963 он хүртэл 20 гаруй жил цуглуулга эмхэтгэлийн үндсэн суурь ажлаа хийсэн байна. Угсаатан зүйн судлалд онол, арга гэж хоёр том сурч судлах зүйл байхаас гадна их сургуулийн хоёрдугаар оноос эхлүүлэн “хээрийн шинжилгээ” –ний тухай хичээл заадаг бөгөөд энэхүү хээрийн шинжилгээний хичээл онолыг сурсаны дараа заавал 3-6 сарын хээрийн шинжилгээ хийж онол үйл ажиллагаагаа уялдуулдаг байна. Гэхдээ хээрийн шинжилгээ хийх үндсэн арга онолоор “хэн, хэзээ, хэнийг, юуг, хаана, яаж” хийснээ маш дэлгэрэнгүй тодорхойлон тэмдэглэж үлдээдэг юм. Энэхүү угсаатан зүйн хамгийн үндсэн бөгөөд хамгийн чухал арга онолыг баримтлан Б.Ринчен гуай бараг 30 жил зарцуулан энд хэвлэгдэж байгаа гурван номоо монгол биш харин германд хэвлүүлсэн байна. Энэ гурван номд хамрагдсан монгол бөө мөргөлийн ардын аман зохиол хэвлэгдэн нийтлэгдвэл, судлаачид ашиглахад хялбар гарын авлага материал болох нь эргэлзээгүй. Энэ нь Б.Ринчен багшийн хэдэн арван жилийн нөр их хөдөлмөрийн үр дүн болно. Тэрбээр 1957 оны зун ордосын Чингис хааны цомцог ордонд очиж тахилга мөргөл өргөж, даатгал залбирал хийж, дархад Аюураас “Тэнгэрийн хэлний дуу” –г хэрхэн тэмдэглэснээ “Монгол дахь Чингис хааны тахилга –тайлгын дуу”[12] хэмээх маш чухал герман хэлээр бичсэн судалгааны өгүүллээс доорх мэтийг товчлон орчуулъя.
Бид одоо болтол ерөөс танил бус хүмүүст тэнгэрийн хэлний дууг дуулж өгсөнгүй билээ. Та бол бид таны өчгийг өчдөг боржгин овгийн алтан ургийнхан болно. Иймээс та бол танил бус хүн биш юм. Та бол шинжлэх ухааны судлалын зорилгоор энд ирсэн тул бид богдоос танд өршөөл соёрхол хайрлана гэдэгт итгэлтэй байна гэж Аюур настан миний хүсэлтэд хариулт өгч байлаа...
Дараа өдрийн өглөө настан Аюур намайг онгоны өмнө хүлээн авлаа. Юуны өмнө тэрээр цомцгийн өмнө нэг зул асааж мөргөв. Даруй намайг сууж болох зөвшөөрлийг гуйчилж байх нь энэ билээ. Тэр өөрөө нэг талд нь зогсож энэхүү эртний дууг дуулж эхлэв. Би шингээлтийн машин/дуу хураагч/-аа авч ирээгүйдээ маш их харамсаж билээ. Дууны үг нь маш хүчиртэй ойлгомжгүй мөртөө би түргэн даагж бичиж амжихгүй байлаа. Зарим үгсийг нь бичиж амжихгүй хоосон зай орхиод настнаар ахин дахин давтуулан дуулууллаа. Сайн анхаараагүйгээс болж, хоосон орхисон зайд нь дахин нөхвөр хийсэн үгс нь багтахгүй байлаа. Настан Аюур гуай ядарсан харагдлаа. Иймээс би хэдийгээр заримыг нь бичиж дуусгаагүй боловч бичихээ зогсоосон юм. Настан гуай тэнгэрийн хэлний хамгийн сүүлийн нэг дууг дуулж дуусахад нэгэнт үдийн хойнын гурван цаг болж байлаа. Дараа нь тэр урсам сайхан монгол шүлэг найрууллын хэлээр энэхүү дууны үргэлжлэлийг эхлүүллээ. Настан гуай тун урт цаг зогсож, тасралтгүйгээр надад тус дууг дуулж өгсөн тул тэрээр маш их ядарсан байлаа. Би хамгийн сүүлийн монгол хэлээр дуулсан дууны зөвхөн нэг л бадгийг бичиж амжаад бусдыг нь дахин надад уншин дуулж өгөх болов уу гэж хүсэхээсээ ч ихэд зүрхшээв ... салах үед би настан Аюурт маш ихээр талархаж, би дахин ирвэл шингээлтийн машинаа авч ирье гэж хэлэхэд, хэрэв богд эзнээс соёрхол айлтгавал, та дахин ирэхэд би дуртайяа танд дахин удаа өчин дуулж өгнөө гэж настан хэлж байлаа. Энэхүү дуу бол зөвхөн нэг үеэс нэг үеийн хүнд тус дууг уламжилж болох зөвшөөрлийг олсон нэг л хүнд уламжлан заадаг билээ. Энэхүү дууг миний авга Насанбат (Ц.Жамсрано 1910 онд нэг сар суусан айл , Л.Ху) –аас сурсан билээ. Би тус дууг хөвгүүндээ зааж эхэлсэн боловч түүнийг богд эзэн миний залгамж болохыг зөвшөөрсөнгүй насан таалал болсон билээ. Дараа нь би тус дууг миний ач (Гүржав-Л.Ху) хөвгүүнд зааж эхэлсэн юм. Хоёр сард тэр зөвхөн найман дууг л сурч билээ. Гэтэл миний чээжилж байсныг та хагас өдөрт бүхнийг бичиж авсан байна[13]. Энэ бол Б.Ринчен гуайн энд хэвлүүлж байгаа нэгдүгээр ботийн 53 дугаар “Их монгол хэмээх дуу” –аас 66 дугаар “Их буянт” хэмээх дууг цуглуулан эмхэтгэж авсан бодитой явц болно. Энэ тухай Б.Ринчен герман хэлээр бичсэн 20 гаруй хуудастай өгүүлэлдээ маш нарийн бөгөөд гүнзгий судалгаа хийж задлалт хийсэн юм. Тус өгүүлэл бол энэ “Тэнгэрийн хэлний дуу” –г судалсан хамгийн анхны өгүүлэл бөгөөд бүх дэлхийд анх танилцуулахдаа тус дууг дуулахад дэлддэг “царги” хөгжим хийгээд “Алтан бичиг” –ийн гэрэл зургийг Б.Ринчен гуай бас хамт нийтэлсэн юм. Энэ тухай миний докторын өгүүлэл “Чингис хаан тайлга”[14] (герман хэлээр) хийгээд Огонос Цогтын хамт хэвлүүлсэн “Чингис хааны Алтан бичиг”[15]-т нарийн танилцуулан судалжээ.
Үүнээс гадна Хөвсгөл болон Булган аймгийн хоёр том бөө зайраны онгод буулгасныг тэмдэглэж авсан явц[16] хийгээд Чис байгалийн буриадын бардам Жаматкиновын өөрөөр хүүрнэсэн зүйлийг тэмдэглэж авсан зэрэг сонирхолтой түүх байдаг юм. Тэр хэдэн зуун жилийн монгол бөөгийн аман уламжлалт бичмэлүүдийг маш урт хугацаагаар уншин судалж, хэдэн зуун бөө нарын онгод оршуулах зэрэг байдлыг нүдээрээ үзэж, чихээрээ сонсож, гараараа бичиж тэмдэглэн цуглуулсан монголын алдарт ууган угсаатан зүйч болно.
Гурав. Б.Ринчен гуайн “Монгол бөө мөргөлийн судлалын материал” –ын үнэ цэнэ
Тус гурван номн агуулга бол монголын уламжлалт аман зохиол, цаашилбал бичгийн эх сурвалж (материал хэмээх өрнөдахины хэлнүүдийн үгийг би монголоор “эх бичмэл” буюу эх сурвалж” гэж хэрэглэхийг хүсдэг юм) –ийг бүх талаар хамарсан аман уламжлалын “Бүрэн толь” гэж би гучин жилийн өмнөөс үзсээр ирсэн бөгөөд одоо ч Б.Ринчен багшийн энэхүү судлалын үзэл онол, арга барилыг мөрдсөөр байна. Энд даяар олны таашаал болгож байгаа тус бүтээлээс бид монгол ардын “аман зохиолын үнэ цэнэ”, “хэл шинжлэлийн үнэ цэнэ”, “угсаатан зүйн үнэ цэнэ”, “тайлга тахилгын үнэ цэнэ”, “эм домын уламжлалт засал” хийгээд “хээрийн шинжилгээний арга барил” зэрэг олон талын агуулгыг нарийн ойлгож, гүнзгийрүүлэн судалж болох юм.
1. Аман зохиолын үнэ цэнэ
Монгол ардын аман зохиолын эх бичмэлийн тухай ярихтай зэрэг бид юуны өмнө Ц.Дамдинсүрэн гуайн хэвлүүлсэн “Монгол уран зохиолын дээж зуун билэг оршив” хийгээд “Монгол уран зохиолын тойм” зэрэг номуудыг санаж олдог байна. Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн хоёр монгол уран зохиолын түүхэнд давтагдашгүй хоёр том билгүүн эрдэмтэн болохыг бид санал нэгтэй үздэг билээ. Ц.Дамдинсүрэн гуай бичгийн, ялангуяа төвөд монгол, орос бичгийн уран зохиолын судлалд илүү анхаарлаа хандуулж байсан бол Б.Ринчен гуай бичгийн уран зохиолоос гадна эртний түрэг монгол ардын аман зохиол, үг хэл үсэг бичиг хийгээд европын уран зохиол жич угсаатан зүй судлалд илүү сонирхолтой байжээ. Б.Ринчен гуай “Гэсэр”, “Жангар” –ын уламжлалт аман зохиолын бичмэлүүдийг хэвлүүлснээс[17] гадна түүний зарим аман зохиолын цуглуулга нь “Монгол уран зохиолын дээж зуун билэг оршив”[18]-д бас хэвлэгдсэн байна. Гэтэл Б.Ринчен гуай 1927 оноос монголын эл нутгаас аман уламжлалт эх бичмэлүүдлийг цуглуулан эмхэтгэсэн боловч, яагаад монгол улс, Улаанбаатарт хэвлүүлсэнгүй германд миний багш В.Хейссигийн тусламжаар хэвлүүлснийг бас судлууштай асуудал хэмээн бодож байна. Аман зохиол, ялангуяа угсаатан зүйн хээрийн шинжилгээнд танилцуулан судалж байгаа эх бичмэлийн үүсэл гарлыг заавал тодорхойлох хэрэгтэй юм. Б.Ринчен гуай тус номууддаа энэхүү судлах арга зурмалыг маш чанга баримталж, монголын олон нутгаас цуглуулан олсон эх бичмэлүүдээ маш нарийн тайлбарласан байна. Тус номуудад монгол аман уламжлалт уран зохиолын хүрээ хэмжээнд харьяалагдах доорх элементүүдийг тодорхой эмхэтгэн хэвлүүлжээ. Тухайлбал: “дуудлага”, “даатгал”, “даллага”, “тамлага”, “тахилга”, “сан”, “сацал”, “шившлэг”, “сэржим”, “залбирал”, “хурайлга”, “өчиг” зэрэг монгол бөө мөргөлийн аман уламжлалт эх бичмэлүүдийг адилгүй нутаг орон хийгээд худам монгол үсэг, тод монгол үсэг, буриад хэл, ордос хэл гэх мэтээр хуваарилан эмхэтгэн найруулжээ. Одоогоос 70-80 жилийн өмнө Б.Ринчен гуайн баримталж байсан хатуу, нямбай, чанга хариуцлагатай эрдэм шинжилгээний үзэл баримтлал нь одоо ч бидний заавал сурч баримтлах зүйл болно. Иймээс тус ном бол монгол ардын аман зохиол хийгээд монгол уран зохиолын түүхийг судлах заавал ашиглах хэрэгтэй өндөр үнэ цэнэтэй бүтээл болно.
2. Хэл шинжлэлийн үнэ цэнэ
Б.Ринчен гуай бол 1956 онд унгар улсын алдарт монголч эрдэмтэн Л.Лиггети-ээс доктор цол хамгаалсан монгол улсын ууган доктор болно. Түүний “Монгол хэлний зүй”[19] хэмээх монгол, соёмбо, эвхмэл, пагва дөрвөлжин үсгээр өгүүллийн гарчигаа бичсэн маш том хоёр гар бичмэлийг унгар улсын академийн хүрээлэнд хүрч олон удаа уншин сонирхож, уг эхийг нь хэвлүүлэхээр ярилцаж байсан түүхтэй билээ. Тус өгүүлэлд бүх монгол орон хийгээд дэлхий даяарт монголоор ярьдаг эл нутгийн аялгуу буюу төрөл монгол хэлний түгэн дэлгэрсэн монгол хэлний тархацын газрын зураг, бас маш сонирхолтой баримт хүснэгт гэрэл зураг зэрэг байдаг юм. Би Б.Ринчен гуайн докторын өгүүллийн уг эхийг хэвлүүлнэ гээд нилээд хичээсэн боловч хэвлэл нийтлэлийн эрх өмчлөлөөс болоод хэвлүүлж чадсангүй, өгүүллийнх нь тухай миний “холбоо сүлжээ” дээрх хувийн блог http://www.holvoo.net/imofifдээр 2013 онд заримыг танилцуулсан боловч бас нарийн судалгааны өгүүллээ бичиж амжаагүй байсаар байна[20]. Энд хэвлэгдэж байгаа Б.Ринчен гуайн 1927 оноос эхлэн бүх монгол орны нутгийн аялгуу буюу монгол төрөл хэлний эх бичмэлүүдийг цуглуулан эмхэтгэж байсныг дахин уншаад, тэрбээр 1956 оны докторын өгүүлэлдээ тийм их элбэг баян материалыг ашиглаж чадсаны үнэн учрыг сая мэдлээ. Тус гурван номын бэлтгэл ажил бол мөн ч түүний “Монгол хэлний зүй” хийгээд сүүлийн үед туурвисан “Монгол бичгийн хэлний зүй” хэмээх том бүтээлүүдийнх нь үндсэн суурь ажил байсныг мэдэрч, эрдэмтэн багшийн “Нэг сумаар олон туулай харвадаг” маш тунгалаг ухааныг нь бас сэрж нэн илүү биширнэм. Иймээс тус ном бол өвөрмонголын нутгийн аялгуу, ялангуяа ордосын Чингис хааны онгон тахилгын “Тэнгэрийн хэл”, халх, буриад, ойрад, халимаг нутгийн хэл хэллэг хийгээд нутгийн аялгууг судлахад маш чухал үндэс баримттай одоогоос 70 гаруй жилийн өмнө цуглуулсан судалгааны өндөр үнэ цэнэтэй эх сурвалж болно.
3. Угсаатан зүйн үнэ цэнэ
Энэ тухай би үндсэндээ бичжээ. Б.Ринчен гуай угсаатан зүйн хээрийн шинжилгээнд “хэн, хэзээ, хэнийг, юуг, хаана, яаж” зэрэг асуултанд заавал хариулт өгдөг арга барилыг тус 20 гаруй жилийн цуглуулан эмхэтгэсэн гурван боть бүтээлдээ бүрэн зөв хэрэглэж чанга баримталжээ. Энэ нь одоогийн манай зарим хүмүүсийн судалгаандаа эх баримтын үүсэл гарлыг тодорхой тушаадаггүй “хулгайч зантай” хүмүүст зөв талын сайхан сургаал хайрлаж байгаа юм. Түүний угсаатан зүйн талын өгүүлэл бүтээл нь дээр дурдсан ордосын Чингис хааны онгон тахилгын “Тэнгэрийн хэлний тахилгын дуу” –аас гадна “Ламын цам”[21] хэмээх бүтээлээ герман хэлээр хэвлүүлснээс гадна бас монгол баатарлаг туульсын нилээд хэдэн бүтээлээ “Ази судлал”[22] –ын цуврал бичгээр хэвлүүлсэн юм. Б.Ринчен гуайн 60 насны ойд монгол улс биш харин миний багш В.Хейссиг дэлхийн олон улсын эрдэмтдийн хурлыг зохион байгуулж тусгай ном хэвлүүлэхдээ: “Монголын утга зохиолын их эрдэмтэн багш бөгөөд монголын аман зохиолыг хүчлэн зүтгэж цуглуулан судлагч Еншөөбү Ринчен дор бид нар энэхүү дэвтрийг түүний 60 насны ой дор тохиолдуулан өргөв”[23] гэж В.Хейссиг багшаас монгол герман хэлээр бичиж үнэлсэн байдаг юм.
4. Тайлга тахилгын үнэ цэнэ
Юуны өмнө “Монгол бөө мөргөл” хийгээд “Монголын бөө мөргөл” гэдэг хоёр ухагдахууны тухай товч ярья. Хүн төрөлхтний эртний буюу баларлаг шүтлэг бишрэлд угсаатан зүйчид “байгаллаг шүтлэг”, “тотем шүтлэг”, “бөө мөргөл” эсвэл “ардын шашин” гэж шүтлэг, мөргөл, шашин хэмээн адил бусын шинжлэх ухааны үүднээс адил бусаар үздэг байна[24]. Германы Кёльн их сургуулийн миний аспирантын удирдагч багш, германы “Нэвтэрхий бүрэн толь”-д “бөө мөргөл” хэмээх ухагдахууныг бичсэн европын алдарт угсаатан зүйч бөө мөргөл судлаач профессор Улла Ёхонсан Ulla Johansan –ий үзэхээр “бөө мөргөл”[25] –ийг үндсэндээ нэг зүйлийн ардын шүтлэг Volsreligion гэж үздэг байна. Харин харьцуулал шашин судлаач, миний докторын өгүүллийн удирдагч “Ардын шашны нэвтэрхий толь”[26]-ийг бичсэн германы Түбинген их сургуулийн профессор Günter Kehrer Гүнтер Кехрер –ээс шашны буюу нийгмийн үзэгдэл religöses phänomen гэж үзсэн байна. Энэ бол миний 1989 оноос 1999 он хүртэл германд 10 жил сурсан багш нарын маань онол үзэл болно. Гэтэл би 1986 онд Б.Ринчен гуайн энд хэвлүүлж байгаа номтой танилцахдаа дээрх багш нарын үзэл онолыг бүр ч мэдэхгүй байсан билээ, гэтэл намайг тэнгэрийн нарыг үзэхээс өмнө европын угсаатан зүйн онол үзэл, судлалын арга барилыг бүрэн эзэмшсэн Б.Ринчений энэ номоос би 30 жилийн өмнө эдгээр ухаан санааг нь дам олж сурсанаа одоо энд нуулгүй ярихдаа их таатай байна.
Б.Ринчен гуай “Монгол бөө мөргөл” гэдэг ухагдахууныг дээр дурдсан миний докторын өгүүллийн удирдагч багш Гүнтер Кехрер-тэй адил шашны буюу нийгмийн үзэгдлээр үзсэн байна. Өөрөөр хэлбэл, Б.Ринчен гуай бөө мөргөлийг ардын шашин гэж үзсэнгүй хүн ардын шүтлэг бишрэлтэй холбоотой нийгмийн үзэгдэл гэж нэг ухагдахуунаар үзсэнээс “монгол”-ыг бөө мөргөлийн тодотголоор хэрэглэсэнгүй, харин “монгол бөө мөргөл” гэж нэг ухагдахуунаар үзжээ. Иймээс тэр монгол бөө мөргөл, буриад бөө мөргөл, хорчин бөө мөргөл, дархад бөө мөргөл гэж нийтэд нь нэг ухагдахуунаар үзэж, миний дээр нэгэнт дурдсан аман зохиолын эл элемент дуудлага, өчгийг тодотгож, монгол бөө мөргөлийн дуудлага, өчиг гэх мэтээр үзсэн байна. Тухайлбал, тэрээр ардын аман үлгэр, зүйр цэцэн үг жич бөөгийн дуудлагын хэл хэллэгийнх нь уран сайхан болон баялагийг нь ихэд гайхан биширдэг юм, монгол бөө мөргөл нь хэзээ ч “үсэг ч үгүй ном, судар ч үгүй ном” гэдгийг дэлхийн аман зохиол судлаачид болон монголч эрдэмтдэд үзүүлж байгаа юм гэж монгол бөө мөргөл нь “үсэг ч үгүй ном, судар ч үгүй ном” болно хэмээх маш гайхалтай дүгнэснээс түүний үзлийг бид ойлгож болно. Өөрөөр хэлбэл, монгол бөө мөргөл гэдэг үгийг Б.Ринчен гуай энд ардын уламжлал хэмээх утгаар хэрэглэжээ. Би түүний үзлийг яг ингэж ойлгоод, 1987 онд В.Хейссиг багштай хоёр дахь удаагаа Хөххотод уулзаад, “Монголын бөө мөргөлийн тайлга тахилгын соёл” хэмээх гарчигаар хоёр дахь номынхоо эх нооргийг 1987-88 онд бичиж дуусгаад, яг сайхан Б.Ринчен гуайн энд танилцуулж байгаа гурван номын агуулгаар өөрийнхөө номын агуулгыг байршуулснаа одоо нуулгүй шууд хэлэхэд таатай байна. Би номынхоо агуулгыг “гал тахих ёсон”, “туг сүлдний тахилга”, “өвгөдийн тахилга”, “ангийн манхан тэнгэрийн тахилга”, “малын үрс гаргах сацал тахилга”, “нар сар оддын шүтлэг”, “уул усны тахилга”, “овооны тахилга”, “онгон модны тахилга”, “үтрэмийн тахилга”, “бусад тахилга”, “дом шившлэг”, “төлөг шинжилгээ” хэмээн 12 бүлэг хуваан эмхэтгэн найруулсан бүх агуулгыг нь Б.Ринчений гурван номд бүрэн бүтэн хамрагдсан юм. Энд онцгойлон тодорхойлох зүйл гэвэл, би Б.Ринчен гуайн эмхэтгэсэн материалыг харин шууд хуулан буулгаж хэвлүүлсэн юм биш, өөрийнхөө 1983-85 онд хийсэн хээрийн шинжилгээний материалд тулгуурлаж[27] дэлхийн олон газар хадгалагдаж байгаа эх бичмэлүүдийг ашиглаж байгаад бичсэн[28] -ийг маань та бүхэн миний бүтээлийн бүрэн агуулгаас ойлгох болно. Би В.Хейссиг багшийн удирдлагаар 1989 онд тус эх нооргоо дахин засаж өвөрмонголын соёлын хэвлэлийн хороонд тушаасан юм. Харамсалтай нь хэвлэлийн хорооноос гуравны нэг хувийн тайлбар зүүлтийг хасаж хаясан байв. Сүүлээр нь би “Монголын бөө мөргөлийн тайлга тахилгын судлал”[29] хэмээх дөрвөн боть номынхоо гуравдугаар ботид уг орхигдсон тайлбар зүүлтээс зарим хэсгийг дахин нөхөж хэвлүүлсэн юм. Иймээс Б.Ринчен гуайн тус гурван ном бол монголын уламжлалт тайлга тахилгын соёлыг судлахад заавал ашиглах гарын авлага чухал эх сурвалж болно гэдгийг би өөрийн өчүүхэн бүтээлээр нуулгүй үнэн цагаанаар жишээ болгож энд тайлбарлалаа. Түүний энэ гурван ном бол миний бүтээлийн үндсэн суурь тавиур болно. Би яг сайхан түүний санаа оноог дагаж судлагдахууны эх материалаа цуглуулан эмхэтгэж гэрэл зураг, тахилгын нарийн явц жич тахилга тайлгын ёс дүрэм зэргийг асар байшин барих мэт алхам дэс дараатай мөрдөж, үзэл онолоо хамаа бүхий баримтаар баталж туурвисан номыг минь уншин судлагчид ойлгон мэдэж чадах болно.
5. Эм домын уламжлалт засал
Ихэнх улсын угсаатан зүйчид, эхэн үедээ “бөө”-г ардын эмч хэмээн нэрийдэн судалж байжээ[30]. Дэлхийн эл мэргэжлийн эрдэмтэн “бөө”-г эртний ардын уламжлалт эмчилгээний ажил үүргийг гүйцэтгэж байсныг бараг санал нэгтэй зөвшөөрдөг байна. Эртний монголын нийгмийн байгуулалд монгол бөө нь иймэрхүү эмчилгээний ажлыг бас зохих хэмжээгээр гүйцэтгэж байжээ. Гэтэл зөвхөн бөө нар биш харин бөөгөөс гадна энгийн нүүдэлчин малчин ард нийгэм байгалийн урт удаан хугацааны хөгжлийн явцад өөрийнхөө туршлага үйлдлээр дамжин хүн малыг эмчлэх хувь өөрийн арга засалтай болсон юм. Үүнийг монголын уламжлалт засал эмчилгээнд “дом шившлэг” хэмээн угсаатан зүйчид судлахаар барахгүй энэ нь мөн ч монголын уламжлалт анагаах ухааны анхны хэлбэр болж байжээ. Энэ бүхнийг Б.Ринчен гуай тус гурван номдоо мөн монгол бөө хэмээх тодотгол нэрийн доор уламжлалт аман зохиолд багтаан нийтэлжээ. Жишээлбэл, “баавгайн сүнснээ хэлэх үг”, “ганзагын шившлэг”, “тэмээний даллага судар оршив” зэрэг буй.
Сүүлийн 20 жилд монголчуудын дунд сүсэг бишрэлийн хямралын цаг болж, бөө удган нар “талын мөөг шиг олширч, бүжиглэх шиг бөөлж байна”[31] гэж би 10 жилийн өмнө шүүмжилж бичсэн юм. Ямар ч нийгэмд хүн ардын сүсэг бишрэл хийгээд нийгэм байгалийн гай гамшиг зэргийг ашиглаж хуурмаг бөө удган гарч ард иргэдийг мунхруулан мэхлэх үзэгдэл өнөө үед ч биш бүр эртний Чингис хааны үед ч байжээ. Жишээлбэл, “Тэв тэнгэр” хэмээх бөө Чингис хааны ах дүүгийн хооронд зөрчил мөргөлдөөн үүсгэж амь насаа алдаж байсан түүхийг Монголын Нууц Товчоонд[32] тодорхой тэмдэглэсэн байдаг. Б.Ринчен тус бүтээлийнхээ оршилдоо: “Энэ мэтчилэн тэдний сэтгэхүйн мэдлэггүйгээр монголчуудын аж амьдралыг эзэмшиж байсан үзэл санааг нь мэдэхгүйгээр бидний өвөг дээдсийн түүхийн сонирхолтой олон арвин явдлуудыг ойлгох ба тайлбарлахад заримдаа маш хэцүү байдаг юм” гэж монгол бөөгийн гүн ухаан болон ёс суртахууны сэтгэхүйг ойлгохын тулд шөнө болтол номын ард суудаг байлаа[33] хэмээн өөрийн үзэл бодлоо маш тодорхой тэмдэглэсэн байна.
6. Хээрийн шинжилгээний арга барил
Энэ тухай би өмнө нэгэнт олон удаа дурджээ. Б.Ринчен гуай одоогоос 70-80 жилийн өмнө шинжлэх ухаанч, чанга хатуу баримтлалаар эх бичмэлийн илэрсэн нутаг орон, аман уламжлалыг ханган өгсөн буюу хангасан хүний нэр яс овог удам угсааг хүртэл нарийн тодорхой тусгайлан тэмдэглэсэн байна. Тэрбээр ямар ямар багшаас сурч, судлах арга онолыг сурсанаа бас тодорхойлсноор барахгүй багш нартаа талархал хүндэтгэлээ илэрхийлсэн байдаг. Мөн судлаачид эрж хайхад хялбар болгохын төлөө боть бүрийн төгсгөлд “нэрийн хэлхээс” –ийг нарийн хадсан байна. Энэ бүхэн нь өнөө үеийн эрдэмтдийн заавал сурч ашиглах эрдэм шинжилгээний арга барил төдийгүй мөн эрдэмтдийн чанар чансаа, судлаачдын үзэл баримтлалын асуудал болно. Энэ бүхэн нь бидний өнөө үеэр биш үеийн үеэс үрийн үрд суралцах зүйл болно.
Б.Ринчен гуайг би маш шүтэж, их эрдэмтний эрдэм шинжилгээний санаа оноог өөрийн сурлага судалгаандаа шингээн авч, эрдэм шинжилгээний талаар “гар минь ганзаганд, хөл минь дөрөөнд” хүрч явсан юм. Иймээс би 2018 оноос энэхүү монгол оронд давтагдашгүй билгүүн багшийн гэгээн сүнсэнд залбиран даатгаж, гэгээрэл ухааныг нь сурч явахдаа, “Дэлхийн монгол туургатны аугаа эрдэмтэн Еншөөбү овогт Бямбын Ринчений мэндэлсэн 113 жилийн ойд” зориулан “Монголчуудын уугал бичгийн соёлын үүсэл буюу Хөх түрэг бичиг”[34] хэмээх бүтээлээ хэвлүүлэн дурсгасан юм. Энэ жил түүний мэндэлсэн 115 жилийн ойд зориулан бас кирилл үсэг[35] худам монгол бичгээр хоёр номоо хэвлүүлэн дурсгасан юм[36].
Билгүүн эрдэмтэн Б.Ринчений гэгээн сүнсэнд залбирнам !
Бичиг эрдмийн үнэн ухаан санаанд нь талархнам !
Номын цагаан буян дэлгэрэх болтугай !
[1] Зохиогч бол угсаатан зүйч, монголын эртний үг хэл үсэг бичиг, язгуур соёл судлаач, германы Elias Verlag IMoFiF e.V. хэвлэлийн нийгэмлэгийн хэрэг эрхлэгч.
[2] Л.Хурцбаатар: “Хатгин арван гурван атаа тэнгэрийн тайлга” (Атаа тэнгэр гэж товчилно), Өвөрмонголын соёлын хэвлэлийн хороо, Хайлаар, 1987 он
[3] 海西希[德]蒙古宗教。蒙古史研究参考资料,总第57.58辑。内蒙古大学蒙古史研究所编,1984年4月
[4] Л.Хурцбаатар: “Атаа тэнгэр”, нүүр 74-75
[5] Л.Хурцбаатар: “Атаа тэнгэр”, нүүр 82
[6] Солонгод Л.Хурцбаатар, Солонгод Х.Соёнаа: “Солонгод Л.Хурцбаатарын хэсэг цуглуулга хийгээд судалгаа” (Монголын бөө мөргөлийн тайлга тахилгын судлалын 3 дугаар боть) германы Elias Verlag IMoFiF e.V. хэвлэлийн нийгэмлэг, 2012 он, нүүр 23-24
[7] Солонгод Л.Хурцбаатар, Солонгод Х.Соёнаа: “Солонгод Л.Хурцбаатарын хэсэг цуглуулга хийгээд судалгаа” (Монголын бөө мөргөлийн тайлга тахилгын судлалын 3 дугаар боть) германы Elias Verlag IMoFiF e.V. хэвлэлийн нийгэмлэг, 2012 он, нүүр 35-42
[8] 1986 оны өвөл шиг санагдаж байна. Би энэ удаа тус өгүүллийг бичнэ гэж хуучин ном судраас хайж байгаад 35 жилийн өмнө буулгасан энэхүү гарчигийн гар бичмэлээ олж авав. А3 –ийн цаасан дээр буулгасан 11 хуудас байна. Эхний хуудсанд 呼市宾馆2006, 3016 өрөө гэж хятадаар бичсэн байна. Гэтэл он сараа тэмдэглээгүй байна. Нэгдүгээр дэвтрийн гарчиг 68 зүйл гэж зөв буулгасан байна. Гуравдугаар дэвтрийн гарчигт 137 зүйлийг дугаарласан нь 45 дугаараас шууд 56 гэж буруу дугаарласнаас 137 зүйл болсон байна. Одоо нарийн салгаж үзэхээр бас буруу буулгасан зүйл байна. Жишээ нь: “Гай өвчний нуруу даатгал”-ыг “Хаан өвдсөний нуруу даатгал” гэж буруу буулгасан байна.
[9] Тус номыг би өвөрмонголын нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн Мөнхбат багшийн даалгавраар кириллээс буулгаж дуусгасан боловч, 1989 онд герман явахдаа эх бичгээ өвөрмонголын намын сургуулийн өөрийн албан өрөөнд дүүрэн номтойгоо орхиод гарч явсан юм. Сүүлээр миний өрөөний бүх ном судар зэрэг ховор юмс бүрэн үгүй болсон ба бодоход одоо ч сүрхий харамсдаг юм. Тус номыг сүүлээр нь 1992 онд Алмаз гэдэг хүн буулгаж, өвөрмонголын хэвлэлийн хорооноос хэвлүүлсэн байна.
[10] Солонгод Л.Хурцбаатар, Солонгод Ч.Үзмээ: “Монголын бөө мөргөлийн тайлга тахилгын соёл”, Өвөрмонголын соёлын хэвлэлийн хороо, Хайлаар, 1991 он, нүүр 172
[11] Дээрх тайлбарт 8-д дурдсан номуудтай хамт үгүй болов. Миний зарим гар бичмэлүүдээс эдүгээ ч олдож байна. Жишээ нь: “Хишигбатын <эрт ба эдүгээгийн эрдэнийн товч>”-ийн миний гарын үсэгтэй хуулбарыг Мөнхдалай гэдэг хүн хятад хуучин бичиг судрын дундаас олсон гэдэг.
[12] Rintchen: Zum Kult Tschinggis-Khans bei den Mongolen. Opferlieder tayilγ-a-yin daun. in: Opuscula Ethnologica Memoriae Ludovici Biró Sacra.1959. Budapest.S. 9-22
[13] Rintchen: Zum Kult Tschinggis-Khans bei den Mongolen. Opferlieder tayilγ-a-yin daun. in: Opuscula Ethnologica Memoriae Ludovici Biró Sacra.1959. Budapest.S. 19
Ц.Жамсрано1910 онд Чингис хааны “Алтан бичиг”-ийг хуулж авахаас өмнө богд эзэнд тахилга өргөж, зөвшөөрөл гуйсантай адилаар Б.Ринчен гуай ч тахил мөргөл хийж даатгасан зэрэг нарийн явцыг бичиж байна. Уг нь энэ өгүүллийг монгол хэлэнд орчуулах ёстой юм.Би судлалдаа олон дахин ашигласан боловч одоо болтол орчуулах цаггүй байсаар байна.
[14] Солонгод Л.Хурцбаатар: “Чингис хааны тайлга-Чингисийн хараа ихт дөрвөн хөлт хар сүлдний тахилга хийгээд ордос монголчуудын найман цагаан цомцог ордны тайлга тахилгын тухай судлал” (Тус миний докторын өгүүлэл ном нь герман хэлээр 1999 онд японы Осакад хэвлүүлжээ. Маш олон гэрэл зураг зэрэг ховор эх сурвалжтай, нийт 330 гаруй нүүртэй).
[15] Солонгод Л.Хурцбаатар, Огонос Цогт: “Чингис хааны алтан бичиг”, Өвөрмонголын соёлын хэвлэлийн хороо, Хайлаар, 2001 он
[16] Энд дурдагдаж байгаа Хөвсгөл болон Булган аймгийн хоёр том бөө зайраны онгод буулгасан нарийн байдлыг Б.Ринчен гуай яаж тэмдэглэж авсан тухай, 2013 онд би Бөхийн Бааст настныг сурвалжилахад тэрбээр гарт баригдаж нүдэнд харагдтал нарийн сайхан ярьж өгснийг би дүрс бичлэг хийж үлдээжээ.
[17] “Замлин Шенчиний намтар оршив”, “Цэвээн Гэсэрийн тууж”, “Номч хатны Гэсэрийн тууж”, “Заяийн Гэсэнрийн тууж”, “Эрт эдүгээгийн гайхамшигт сайхан үзэгдэл хэмээх судар” зэрэг уламжлалт аман зохиолын бичмэлийг эмхэтгэн энд хэвлүүлж байгаа номтой адил Б.Ринчен гуай оршил тайлбар бичиж, 1959-60 оны хооронд Улаанбаатарт хэвлүүлсэн юм.
[18] Ц.Дамдинсүрэн: “Монголын уран зохиолын дээж зуун билэг оршив”, Өвөрмонголын ардын хэвлэлийн хороо, Хөххот, 1979 он, нүүр 243-295. Тус “Чингис хааны их өчиг” нэрээр хэвлүүлсэн эхийн тайлбарт “Өвөрмонголын ордос нутаг дахь Чингисийн онгон сүлдний ордонд байгаа алтан дэвтрээс 1956 онд хуулж авсан бичгээ хэрэглэв” гэж тодорхойлсон байдаг. Бас “Бэрийн ерөөл оршив”, “Гүү сүүний сацлын судар оршив”, “Манхан тэнгэрийг тахих ёсон” зэрэг нь хэвлэгдсэн байна.
[19] Тус өгүүллийн эх гар бичмэлийг өнгөт гэрэл зургаар хэвлүүлэх нь маш чухал, эрдэм шинжилгээний өндөр үнэ цэнэтэй юм. Гэтэл хэвлэлийн эрхийг олоход багахан төвөгтэй шиг байсан.
[20] Л.Хурцбаатар: [041] “Б.Ринчений гар бичмэлийг хэн зөв уншсан бэ?”, [042] “Б.Ринчений гар бичмэлийг зөв уншсан эрдэмтэд”, [054] “Б.Ринчений тамга ба уйгуржин монгол гар бичмэл” зэргийг доорх холбоо сүлжээнээс унших боломжтой. http://www.holvoo.net/article/articleView.do?id=c9d5731d- d63b-4392-9032-7a3d6406011d
[21] Bym. Rintche. Lamaistische Tanzmasken.Koehler&Amelang, Lpz., 1967.
[22] Nikolaus Poppe: Mongolische Epen I. Übersetuzng der Sammlung. B.Rintcgen.Folklore Mongol. Livre deuxième. Wiesbaden, 1975
[23] Walther Heissig: Collectanea Mongolica Festschrift für Professor Dr. Rintchen zum 60.Geburtstag (Ардын аман зохиолын цуглуулга, профессор доктор Б.Ринчений 60 насны ойд зориулав) in Asiatische Forschungen Band 17. Wiesbaden, 1966
[24]Ágnes Birtalan. Wörterbuch der Mythologie. Die Mythologie der mongolischen Volksreligion (домгийн толь, монгол ардын шашны домог зүй) Klett-Cotta. 2001.
[25] Susanne Knödel , Ulla Johansen. Symbolik der tibetischen Religionen und des Schamanismus: Tafelband (Symbolik der Religionen)
[26] Walter Kerber. Personenkult und Heiligenverehrung. Kindt Verlag. 1997.
[27] Миний 20 хэдэн насандаа хийсэн хээрийн шинжилгээний зарим тэмдэглэл “1983 онд Ордос Үүшин хошуунд хүрч Хишигбатын тухай анх сурвалжилсан” хэмээх тэмдэглэлийн дэвтрээс тухайн үеийн сурвалжилсан нутгийн буурлууд хийгээд ямар гар бичмэлийг хэнээс олсон зэргийг нарийн тэмдэглэсэн билээ. Солонгод Л.Хурцбаатар Солонгод Л.Хасбаатар: “Хаадын гэрийн арван гурван атаа тэнгэрийн тайлга хийгээд хатгинчууд” (Монголын бөө мөргөлийн тайлга тахилгын судлал)-ын нэгдүгээр боть, германы Elias Verlag IMoFiF e.V. хэвлэлийн нийгэмлэг, 2012 он, нүүр 185-341
[28] Би 1989 оны сүүлээр Дани улсын Копенгагены хааны ордны номын санд хүрч “Монголын бөө мөргөлийн тайлга тахилгын судлал” –д ашигласан гар бичмэлүүдийн эх бичмэлийг харгуулан уншсан маш сонирхолтой бөгөөд хатуужилтай явцаа аль нэг номдоо бичсэн юм. Эдүгээ бичсэн газраа эрж олохгүй байна.
[29] Солонгод Л.Хурцбаатар, Солонгод Ч.Үзмээ: “Монголын бөө мөргөлийн тайлга тахилгын соёл” (Монголын бөө мөргөлийн тайлга тахилгын судлал)-ын гуравдугаар боть, германы Elias Verlag IMoFiF e.V. хэвлэлийн нийгэмлэг, 2012 он
[30] Л.Хурцбаатарын уншигчдад өгсөн ил хариулт [Nr.003] http://www.holvoo.net/article/articleView.do?id=62...
[31] Hans Findeisen, Heino Gehrts. Die Schamanen. Eugen Diederichs Verlag. 1983
[32] Элдэндэй Ардажав: “Монголын Нууц Товчоон-сийрүүлэл тайлбар”, Өвөрмонголын сурган хүмүүжлийн хороо, Хөххот, 1988 он, 246 зүйл
[33] Энд хэвлэгдэж байгаа Б.Ринчений гуравдугаар ботийн “оршил” -оос
[34] Солонгод Л.Хурцбаатар, Өөлд Д.Баатар: “Монголчуудын уугал бичгийн соёлын үүсэл-Хөх түрэг бичиг” германы Elias Verlag IMoFiF e.V. хэвлэлийн нийгэмлэг, 2018 он
[35] Бухатын Базылхан, Базылханы Напил, Солонгод Л.Хурцбаатар: “Эртний түрэг бичээсний хэлний үгийн бүтцийн толь” (кирилл үсгийн хэвлэл), германы Elias Verlag IMoFiF e.V. хэвлэлийн нийгэмлэг, 2020 он
[36] Бухатын Базылхан, Базылханы Напил, Солонгод Л.Хурцбаатар: “Эртний түрэг бичээсний хэлний үгийн бүтцийн толь” (кирилл үсгээс худам монгол бичигт В.Сарангуа хөрвүүлэв), германы Elias Verlag IMoFiF e.V. хэвлэлийн нийгэмлэг, 2020 он
Эх сурвалж: Өдрийн сонин