Монголын ард түмний арга билгийн шүтэн барилдлагын гүн сэтгэлгээ, ардын домог, утга соёл, дуу хөгжим, ёс заншил, бэлгэдэл хүндэтгэлийн нэгдмэл цогцол болсон монгол оюун соёлын хосгүй сод үзэгдэл - эгшиглэнт хос чавхдаст Морин хуур нь Монголын үндэсний соёлын маргашгүй өв мөн билээ. Морин хуур нь урт удаан хугацааны явцад олон төрөл хэлбэр, онцлог бүхий хөгжмийн зэвсэг болон хөгжиж ирсэн түүхтэй.
Бид энэ удаагийн ярилцлагаараа Эгшиглэн Магнай ХХК-ийн мастер Ц.Гантогтохтой ярилцсан юм. Ц.Гантогтох Морин хуур хөгжмийг хориод жилийн хугацаанд урлажээ. Тэрээр өөрийн бүтээсэн хөгжмөө дуугарч байхыг сонсоод л сэтгэл нь хөдөлж аз жаргалыг мэдэрдэг...
-Сайн байна уу танд энэ өдрийн мэнд хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач
Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Ц.Гантогтох гэдэг. Эгшиглэн Магнай ХХК-ийн Мастер үйлдвэрийн даргаар ажилладаг.
-Морин хуурийг анх хэзээнээс урлаж эхэлсэн бэ? Яагаад энэхүү ажлыг сонгов?
Багаасаа авъяас маань тодорсон/ инээв/ Цэцэрлэгт байхад зургийн уралдаан болоод түүндээ түрүүлээд хөөрхөн машинаар шагнуулж байсан. Дунд ангиасаа эхлэн сийлбэрийн дугуйланд явдаг байлаа. Яг сургууль төгсдөг жил аав маань бөх болгоно гээд байдаг. Миний сонирхол сийлбэр хийх сонирхолтой байсан учраас сонирхолоо дагаад Өвөрхангай аймгийн Хар хорин их сургуульд орж уран сийлбэрч, дүрслэх урлагийн багш мэргэжлээр төгссөн.
-Анх ажлын гараагаа хаанаас эхэлж байв?
Сургуулиа төгсөж ирээд Эгшиглэн Магнай ХХК-д шалгуулаад ажиллаж эхэлж байлаа. 2004 оноос ажиллаж эхэлсэн хориод жилийн турш хөгжмийн зэмсэг урлаж байна даа.
-Морин хуурыг хэдий хугацаанд урладаг вэ?
Энгийн морин хуурыг 3-4 хоногийн хугацаанд урладаг. Ерөнхийдөө тухайн морин хуурын ажиллагаанаас хамаарч хэдий хугацааг ч зарцуулж болно.
-Таны болон танай байгууллагын урласан мэргэжлийн морин хуурууд бусад газрын хуураас юугаараа ялгардаг вэ?
Манай урласан морин хуурын хувьд материал сонголт , дуу тембр ур хийцэд дээд зэргээр анхаардаг. Ямар ч хөгжимчин тоглоход чанарын шаардлага бүрэн хангасан байдгаараа онцлог давуу талтай байдаг .
-Та байгууллагынхаа талаар танилцуулаач?
Эгшиглэн Магнай компани маань байгуулагдаад 30-аад жилийн нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд үндэсний бүхий л төрлийн хөгжмийг хийж дотоодод болон гадаадад нийлүүлэн ажиллаж байна. Тавь гаруй ажилтан үндэсний өв соёлоо авч дэлхий нийтэд түгээхийн төлөө ажиллаж байна даа.
- Монгол өв соёлыг авч үлдэх энэ үйлсэд цаашид залуу үеийхэн хэр гар нийлж оролцох бол ?
Манай байгууллагын хамгийн залуу ажилтан 20 гаруй настай хүн бий. Бид үндэсний хөгжмийн хэрхэн хийх талаар сургаж цаашдаа ажиллах нөхцөлөөр нь ханган ажилладаг. Сурсан мэдсэн бүхнээ зааж сургахад хэзээд бэлэн байдаг. Тиймээс залуучуудыг энэ сайхан ажлыг хийж сураасай гэж их хүсдэг.
-Морин хуур айл бүрийн хойморт байдаг.Айлд байснаар ямар утга учрыг бэлгэддэг вэ?
Монголчууд морин хууртай айлыг бүтэн айл, морин хуургүй айлыг хугас айл гэж ярьдаг. Морин хуур бол амгалан тайван, хөгжил цэнгэлийн бэлгэддэг гэдэг.
-Танд ажлын тань юу таалагддаг вэ? Мэдээж Монгол үндэсний хөгжмийг урладаг гэдгээрээ бахархдаг байх?
Өөрийн урласан хөгжмөө хараад л шууд таньдаг дуугарч байгааг нь сонсоход л сэтгэлийн цэнгэл эдэлдэг. Энэ олон жилийн хугацаанд өөр ажил хийе гэж бодож байгаагүй. Яагаад гэвэл хийдэг ажилдаа үнэхээр сэтгэл хангалуун байдаг.
-Үндэсний өв соёлоо авч үлдэхийн тулд залуучууд бид юу хийх ёстой вэ? Залуучууд үндэсний урлаг соёлоосоо хөндийрөх хандлага сүүлийн жилүүдэд ажиглагдаж байна.
Залуу хүүхдүүд түүхээ мэддэг байх хэрэгтэй. Үндэсний гэх зүйлсүүдээ судалдаг байх хэрэгтэй. Бид морин хуур хийх чадвараа дараагийн үедээ зааж сургах чин хүсэлтэй байдаг. Морин хуур хөгжим зөвхөн Монголын хөгжим биш дэлхийн хөгжим болоосой гэж хүсэж явдаг даа.
-Бидэнтэй ярилцсанд баярлалаа Танд амжилт хүсье. Танай хамт олны урлаж буй энэ гайхалтай хөгжим ирээдүйд дэлхийн сонгодог хөгжмийн нэг болох болтугай
Баярлалаа.