Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Р.Дагва өнөөдөр НҮБ-ын Шилжилт Хөдөлгөөний Байгууллагын хөтөлбөрийн менежер Виктор Лутенко тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. НҮБ-ын Шилжилт Хөдөлгөөний Байгууллагын хөтөлбөрийн менежер Виктор Лутенког “Монгол дахь дотоодын шилжих хөдөлгөөнийг ойлгож, удирдах нь” төсөлд сонгогдсонд талархаж байгаагаа Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Р.Дагва илэрхийлэв.
Уулзалтын үеэр НҮБ-ын Шилжилт Хөдөлгөөний Байгууллагын хөтөлбөрийн менежер Виктор Лутенко өчигдөр болсон “Улаанбаатар хот: Хөгжлийн чиг хандлага” форумд тус байгууллагын зүгээс эерэг үнэлгээ өгч байгааг дурдлаа. Түүнчлэн НҮБ-ын Шилжилт Хөдөлгөөний Байгууллагаас хийсэн “Улаанбаатар хотын шилжилт хөдөлгөөний хязгаарлалтын үр нөлөө болон шилжин суурьшигчдын эмзэг байдлын судалгаа”-ны дүнг товч танилцуулав. Улаанбаатар хотод шилжин суурьшиж байгаа иргэдийн дийлэнх нь 20-29 насны залуучууд байгааг судалгаанд онцолжээ. Мөн агаарын бохирдол, авто замын түгжрэл зэрэг нийслэл хотод тулгамдаж буй асуудлууд шилжих хөдөлгөөнтэй шууд холбоотой учир үүнд чиглэсэн бодлогыг судалгаан дээр үндэслэн сайжруулах хэрэгтэйг дурдаад, хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр хэлэхдээ:
-Шилжин суурьшиж буй иргэд хотын хөгжилд болон эдийн засагт эерэг нөлөө авчирдаг тул тэднийг хотын амьдралд дасан зохицох, хотын соёлд суралцахад чиглэсэн цогц төвтэй болвол үр дүнтэй байна гэв.
Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Р.Дагва НҮБ-ын Шилжилт Хөдөлгөөний Байгууллагын зүгээс хэрэгжүүлэх ажилд дэмжлэг үзүүлж хамтран ажиллахад таатай байгаагаа илэрхийллээ.
Уулзалтын үеэр талууд шилжих хөдөлгөөний асуудлыг шийдвэрлэх хувилбаруудыг хэлэлцэн, хамтарч ажиллах боломжуудыг судлахаар тохиролцов.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС