Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо үргэлжилж буй хүндийг өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголын хүндийн өргөлтийн спортын түүхэнд тодоор бичигдэх бахархам амжилтыг дархлан үлдээлээ. Монгол Улсын гавьяат тамирчин М.Анхцэцэг эмэгтэйчүүдийн 87 кг-ын жинд амжилттай өрсөлдөж, алтан медаль хүртсэнээр хүндийг өргөлтийн спортын түүхэнд шинэ хуудас бичив.
Тэрбээр түлхэлттэй өргөлтөөр 141 кг, огцом өргөлтөөр 109 кг өргөж нийлбэр дүнгээр 250 килограммыг өргөж алтан медалийн болзол хангасан байна.
2012 оноос хойш үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлагад бэлтгэл хийж буй М.Анхцэцэг Дэлхийн аваргын хошой хүрэл медаль, Дэлхийн цомын аварга бөгөөд "Токио 2020" зуны олимпын наадмын дөрөвдүгээр байрт бичигдсэн юм.