Нийслэлийн Засаг даргын 2021 оны A/980 дугаар захирамжийн дагуу цэргийн бүртгэл нэгдүгээр сарын 5-наас 21-нийг дуустал явагдана.
Нийслэлийн Засаг даргын 2021 оны A/980 дугаар захирамжийн дагуу цэргийн бүртгэл нэгдүгээр сарын 5-наас 21-нийг дуустал явагдана. Энэ талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт, Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн, хошууч С.Рагчаадорж НЗДТГ-ын Цэргийн штабын тоо бүртгэл, нөхөн хангалтын офицер С.Баярмагнай, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын “E-Mongolia” төслийн бизнес аналист Б.Батзул нар мэдээлэл өглөө.
Тодруулбал, Батлан хамгаалах яам “E-Mongolia” системтэй хамтарч байгаа бөгөөд иргэдэд хүргэх эхний үйлчилгээ нь цэргийн бүртгэл юм. Ингэснээр цэргийн бүртгэлийг биеэр очих шаардлагагүй болж, “E-Mongolia” системд нэвтрэн шууд бүртгүүлэх боломжтой болж байна. Цаашид Батлан хамгаалах яам лавлагаа авах болон бусад үйлчилгээг нэгдсэн цонхонд байршуулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж.
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын E-Mongolia төслийн бизнес аналист Б.Батзул “Цэргийн бүртгэлийн үйлчилгээнд гурван төрлөөр хүсэлт өгөх боломжтой. Нэгдүгээрт гар утасны аппликейшн, хоёрдугаарт вэб портал буюу www.e-mongolia.mn, гуравдугаарт нийслэл болон 21 аймаг, 330 суманд байрлаж буй төрийн үйлчилгээний оператор ажилтнаар дамжуулан үйлчилгээг авч болно” гэдгийг онцолж байлаа. Цахим үйлчилгээний нэгдсэн “E-Mongolia” системээр цэргийн бүртгэл хийлгэсэн тохиолдолд цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийлгэх шаардлагагүй юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС