БНХАУ-ын иргэний их хэмжээний мөнгийг дээрэмдсэн хэрэг өчигдөр Хан-Уул дүүрэгт гарсан. Тэгвэл энэ хэргийн талаар Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Н.Золбоо мэдээлэл хийлээ. Тэрбээр “Нэгдүгээр сарын 3-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гадны иргэн их хэмжээний мөнгө дээрэмдүүлсэн талаар дуудлага, мэдээлэл ирсэн. Цагдаагийн байгууллага дээрх гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй сэжигтэй дөрвөн этгээдийг тогтоон саатуулан шалгаж байна. Хэргийн газраас алдагдсан 1.1 орчим тэрбум төгрөгөөс 848 сая төгрөгийг эд мөрийн баримтаар хураан авч шалгалтыг ажлыг үргэлжлүүлж байна” гэлээ. Хэрвээ дээрх этгээдүүд уг хэргийг хийсэн нь тогтоогдвол Эрүүгийн хуулийн 17.2-т зааснаар 12 жил хүртэл ял эдлэх юм байна.
Мөн тэрбээр 2021 оны хүнд гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. 2021 онд улсын хэмжээнд хүнд гэмт хэрэг 20.5 хувиар буурч, илрүүлэлт нь 4.9 хувиар өссөн байна. Хүнд гэмт хэрэгт хүн амь, хүчин, дээрмийн гэмт хэрэг багтдаг. Улсын хэмжээнд 2021 онд хүн амины хэрэг 178 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 12 хэргээр буюу 6.3 хувиар буурсан үзүүлэлт бөгөөд илрүүлэлт 100 хувьтай байгаа юм байна. Хүчиндэх гэмт хэрэг 2021 онд 409 үйлдэгдэж өмнөх оны мөн үеэс 22 хэргээр 5.7 хувиар өсөж, илрүүлэлт 51.9 хувьтай байж 1.1 хувиар буурсан байна. Дээрэмдэх гэмт хэрэг 2021 онд 342 хэрэг үйлдэгдэж өмнөх оны мөн үеэс 62 хэргээр буюу 15.3 хувиар буурч, илрүүлэлт 58.3 хувь буюу 4.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна.