Ковидын цар тахлын үеийн хүнд хэцүү асуудлууд ар араасаа шилээ даран иргэдийг, бизнес эрхлэгчдийг ЖДҮ-ийнхийг сандаргаж байна. Өөрийнхөө хүчээр бизнес босгож өсгөж, хөгжүүлж, тодорхой хэмжээний татвар улсдаа төлж, цөөн тооны ч гэсэн ажлын байр бий болгож ажиллаж, дунд давхаргыг бүрдүүлж байгаа ажилч хөдөлмөрч хэдэн залуус минь аргаа барж эхэлж байна. “Эрвийх дэрвийхээрээ хичээсээр долоо найман сарыг давж бүх боломжоо шавхан эргэлтийн мөнгөө ч гамналгүй зээлээ төлөөд явж байгаа ч одоо эцсийн шатандаа орж, зээлээ хийж чадахааргүй болж байна. Орлогогүй, бараагаа татан авч чадалгүй ингэж удаан явахдаа зээлээ цаг хугацаанд төлж байхад сүүлийн ганцхан сар 40 хувийг нь дутуу төлсний минь төлөө зээлийн зэрэг бууруулна гэх мэт арга хэмжээг надаас авч байгаа юм бол, миний барааг найман сар хил дээр гацаасныхаа төлөө Засгийн газарт ямар арга хэмжээ авах юм бэ” гэж сошиал сувагт цагаахнаар бухимдлаа илэрхийлсэн бизнес эрхлэгч нэгэнтэй бид холбогдлоо. Хэцүү байгаа хэдий ч энэ бүхнийг даваад гарна, болохгүй бол анх эхэлж байсан шигээ дахиад эхэлж чадна гэсэн өөдрөг бодолтой Классик тавилгын дэлгүүрийн захиралтай өнөөдрийн бодит байдлынх нь тухай ярилцсанаа та бүхэндээ хүргэе.
Сайн байна уу. Та өөрийгөө танилцуулаач.
Сайн байна уу. Намайг Төмөрчөдөр гэдэг. Классик тавилгын дэлгүүр ажиллуулаад дөрөв дэх жилдээ явж байна. Эхний жилдээ бараагаа импортолж оруулж ирээд онлайн хэлбэрээр ажилладаг байсан. Хоёр дахь жилээсээ дэлгүүртэй болоод үйл ажиллагаагаа явуулж байна.
Ковидын цар тахлын үед үйл ажиллагаа нь хэрхэн явагдаж байв?
Яг хөл хорионы үед бол үйл ажиллагаа маань тэр чигтээ зогссон. Хөл хорио, хязгаарлалт шат дараагаар тавигдах үед бид дэлгүүр дээрээ худалдан авагч цуглуулахгүйгээр онлайнаар бараагаа танилцуулаад холбогдож зарж борлуулж байсан. Яг ковидын халдвар эхлэхийн өмнөх үе манай тавилгын борлуулалтын эрэлттэй үе байсан юм. Ихэнх бараа ирээд зарагдаад дуусч байсан үе. Тэгээд цар тахал эхэлсэн үеэс хөл хорио гээд, тээвэр татан авалт хийгдэхгүй байсан болохоор бараагүй шахуу, байсан хэдэн бараагаа онлайнаар зарж байсан.
Хэвийн үеэ бодвол орлого нь нэлээд буурсан байх. Бүр орлогогүй үе хэзээ байв?
Орлого бол маш бага болсон. Хөл хорионы үед нэг ч төгрөгний орлогогүй л сууж байлаа. Манайх хэвийн үед сардаа 3-4 удаагийн бараа татан авалт хийдэг байсан юм. Тэгсэн ковидын цар тахлын үед бараа татан авалт маань бүр дөрвөн сард 1 удаа болсон. Тухайн үед зээлийн хүү бодогдоод л яваад байдаг. Тавилгын наймаа бага мөнгөөр эргэлддэггүй, өндөр үнийн дүнгээр эргэлддэг болохоор банк болон хувь хүнээс ч гэсэн зээл аваад, буцааж төлөөд явдаг л даа. Гэсэн хэдий ч нэг ч төлөлтөө хойшлуулалгүй төлж байлаа. Өөрт байсан, хураасан, бараа татан авах гэж байсан гээд бүх мөнгөөрөө бүх зээлээ дарж хааж явсан. Банкан дээрээ хар данс үүсгэхгүйн тулд барааны эргэлтийн хөрөнгөө хүртэл зээлэндээ оруулж төлсөн. Бидэнд ковидын хүнд үе гэхээсээ илүү бараа материал орж ирэхгүй, сардаа 3-4н удаа ирдэг байсан бараа маань 4н сард нэг удаа орж ирэх нь л маш хүнд туссан. Яагаад гэхээр зарах бараа байхгүй болохоор бид юу хийж ямар орлого олж, яаж ажлаа явуулж чадах билээ. Мөн каргонууд үнийн дүнгээ 2-3 дахин илүү үнэтэй нугалж авдаг болсон. Бид болохоор бараа бүтээгдэхүүнээ нэгдсэн, анхны үнийн дүнгээрээ захиалагч нартаа хэлээд захиалгаа авчихсан байдаг. Гэтэл тээврийн үнийн дүнгээс болоод бараа маань үнэтэй болоод ирдэг. Энэнээс болоод захиалгаа буцаах байдал гарч байлаа.
Манай дэлгүүрийн нэг онцлог нь барааны үнийн хувьд ажилчдын цалингийн нэмэгдэл л нэмдэг болохоос биш дэлгүүрийн түрээс гэх мэтийг тооцож нэмэгдэл өгөхгүйгээр борлуулах үнээ гаргадаг бусдаас харьцангуй хямд үнийн дүнтэй тавилгууд байдаг юм. Тэгээд бид энэ үнийн дүнгээрээ худалдан авагч нараасаа захиалгаа авчихсан. Тэр нь цаашаа захиалагдаад, үйлдвэр дээрээ үйлдвэрлэгдээд буцаад Эрээний боомт дээр ирчихсэн байдаг. Гэтэл тээврийн хөлс 2-3 дахин нэмэгдээд ирэхээр бид захиалагч нартаа танай барааны тээврийн хөлс 3-4 дахин нэмэгдчихсэн байнаа гээд хэлж чаддаггүй. Хэлээд ч худалдан авагч нар маань ойлгохгүй шдээ. Ойлголоо ч тэр өндөр төлбөрийг төлөөд авах хэмжээний боломжтой хүмүүс маань цөөхөн. Тиймээс бид энэ хүнд нөхцөлд ч анхны дэлгүүрийнхээ үнээр л яваад байгаа. Нэг ч төгрөг нэмээгүй. Үнээ барьдаг шүү гэдгээ бид хэрэглэгчдээ харуулж өөрсдийнхөө бололцоогоор хичээж ажиллаж байгаа. Тиймээс бид бүр ашиггүйгээр , дээрээс нь нэмээд бид тээвэр дээр илүү төлбөр төлөөд оруулж ирж хэрэглэгчдээ барааг нь хүлээлгэж өгөөд явж байлаа. Манай зарим бараа шил толин стенкүүд байдаг тэдний зарим нь эвдэрч гэмтэж орж ирнэ, каргоны талын хүмүүстэй цуг байж байгаад шалгаад тооцоолоод эвдрэл гэмтлийн хэмжээний үнийн дүнг нэгтгээд каргоны төлбөрөөсөө хасуулаад буюу Эрээнээс Улаанбаатарт бараа ирээд ингэж 100 хувь хүлээж авсны дараа каргоны төлбөрөө төлдөг байлаа. Одоо бол тийм биш болоод байна. Бид урьдчилж каргоны төлбөрөө төлөхгүй л бол манай барааг ачихгүй, оруулж ирэхгүй байдаг болчихлоо. 100 хувь төлсний дараа бараагаа ачуулаарай гэдэг болчихсон. Тэгэхээр ямарч эвдрэл гэмтэлтэй бараа ирсэн бид суутгуулах боломжгүй болсноор хохироод л үлдэж байна. Толь шил гэмтлээ гэхэд бид засаж янзална. Жишээлбэл толь шил 1мкуб нь 25000 төгрөг байсан бол одоо 75000 төгрөг болоод өсчихсөн бараг гурав дахин үнэтэй болчихсон гээд л асуудлууд байна.
Бараа татан авалт нь хэзээнээс гацаж эхэлсэн бэ? Үүнээс болоод үүссэн үр дагаварууд нь юу байв? Хамгийн сүүлд хэзээ бараа татан авсан бэ?
Бараа маань эхний хатуу хөл хорио тогтоосноос эхлээд л гацаж эхэлсэн. Манайх ерөнхийдөө буйдан гэх мэт овор ихтэй бараа байдаг. Жишээ нь гэхэд 2-р сард захиалсан бараа маань сая 9-р сарын эхээр буусан. Тэр хооронд бүтэн 6-7 сар хүлээгдэж байгаа шүү дээ. Худалдан авагч нар маань нөхцөл байдлыг ойлгоод маш хүлээцтэй тэвчээртэй хандаж байлаа. Гэхдээ энэ дунд нь буцаалт хийсэн хүмүүс ч байгаа л даа. Тэр үед хүмүүсийн мөнгийг нь аваад өөр юманд эргэлдүүлсэн ч юм шиг санагдсан болов уу гэж бидэнд бодогдож л байлаа. Мөн манай бараа овор ихтэй болохоор каргонуудад их ад үзэгддэг. Тэд аль болох жижиглэнгийн барааг өндөр үнээр ачиж оруулж ирэх сонирхолтой. Тиймээс манай барааг аль болох хойшлуулдаг гэсэн үг. Энэ мэт шалтгаанаас болж бараа маань нилээд гацнаа. Тэгээд 9-р сарын эхээр ингэж нэг удаа бараа татан авчхаад тэрний дараагийн татан авалт нь одоо болтол орж ирээгүй байх жишээтэй. Тиймээс бид дэлгүүрээсээ гадна 600 мкв-ын хэмжээтэй түрээсэлдэг байсан агуулахаа бараагүйн улмаас буулгаад, дэлгүүр дээр үлдсэн цөөн тооны бараагаа хараад л сууж байна даа. Бид чинь сардаа 3, 4-н удаа бараа татан авдаг байсан бол энэ жил гэхэд хоёрхон удаа л бараа татан авч чадсан байгаа юм.
Бизнесийн зээлтэй, тэрийгээ нилээд хариуцлагатай төлөөд явж байгаа юм байна. Зарах бараагүй байгаагаас болоод зээл төлөлтийн нөхцөл байдал одоо ямар байгаа вэ?
Манай бүтээгдэхүүн овортой том, өндөр үнийн дүнтэй бараанууд байдаг болохоор зээл авч эргэлдэхээс өөр аргагүй байдаг юм. Тэгээд 12-р сард төлөх зээлийнхээ нэгийг нь бүрэн төлөөд нөгөө зээлээ бүтэн төлж чадаагүй юм. 40 хувийг нь төлж чадалгүй шино он гаргалаа. Одоо 1-р сардаа яадаг юм билээ, карго маань хэзээ ирэх бол гээд нүдээ ширгэтэл хараад сууж байна даа. Яг бодит байдлаа ярих юм бол бид зарагдсан барааныхаа мөнгийг цуглуулаад ч мөнгө маань дутаад байсан болохоор унаж байгаа машинаа ломбардад тавиад, нэмээд гоёлын алт мөнгөн эдлэлүүдээ бас ломбардад тавин байж сүүлийн зээлийг 60 хувьтай төлөлт хийж чадсан. Одоо бол ганц найдвар болох эргэлтийн мөнгө маань тэнд Эрээний хашаанд эвдрэл гэмтэлд өртөөд л хэвтэж байгаа даа.
Ковидын эхэн үед бол бараа материал хааяа орж ирээд байсан болохоор бас ч гэж зээлээ төлөөд явж байсан. Одоо тэгээд хил хаалттай байгаа, эмийн болон хүнсний бүтээгдэхүүн л орж ирж байна. Аз нь байвал жижиглэнгийн ганц нэг бараа орж ирж байгаа болохоос биш манайх шиг ийм овортой бараатай газрууд бараагаа авч чадахгүй хүнд байна. Тэгээд үе үе мэдээллийн сайт, сошиалд ачаа бараа тээвэр орж ирж эхэллээ гээд л шуурдаг. Бодит байдал дээр үгүй шдээ, орж ирээгүй л байдаг.
Зээлээ дутуу төлснөөс болоод банк үлдэгдлээ нэхэж байгаа юу. Яаж ойлголцож байгаа вэ?
Дутуу төлсөн зээлээс маань болоод зээлийн ангилал буурна. Дахиад дараагийн зээлээ авч чадахгүй болохоор дараа дараагийн бараа эргэлдүүлэх санхүүжилт маань байхгүй болно гэсэн үг. Тэгэхээр яг энэ чигээрээ хар дансанд ороод дахин зээл авч чадахгүй болчихвол одоо яг үнэнийг хэлэхэд дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэдэг шиг л болчхоод байна даа. Манайх засгийн газрын 3%-ийн зээлийг авсан юм. Энэ маань эхний гурван жилдээ бараа эргэлтийг дэмжих зорилгоор олгодог зээл юм билээ. Энийгээ үйлдвэрлүүгээ бараа материал татах гээд явуулчихсан. Тэгээд карго маань хэт өндөр үнэтэй болчихсон, өндөр үнээр нь авья гэсэн ч ачихгүй болчихсон асуудлуудаас болоод зээлээ төлж чадахгүй байгаад байгаа болхоор 3%-ийн зээл маань зээлийн эргэн төлөлтөө хугацаанд нь хийж чадахгүй бол хувь нь 20-н хэдэн хувь болж хүү нь өөрчлөгдөнө гээд гэрээн дээрээ ч байдаг юм. Тэгэхээр зээлээ дахиад 1-2 сараар төлж чадахгүй бол бүр л хэцүү байдалд орох гээд байна. Бид банкны эдийн засагчтайгаа байнгын холбоотой байж ийм асуудалтай байгаа шүү гээд мэдэгдэж байгаа. Зээл хойшлуулах боломж байна уу гэсэн өргөдөл хүсэлт хүртэл өгсөн л байгаа. Тэглээ гээд банкны зүгээс болохоор засгийн газраас өгсөн зээл болхоор Засгийн газраас шийд ирээгүй байна бидэнд өргөдөл өгсөн өгөөгүй ялгаагүй, шийдэх боломж байхгүй, хойшлуулах боломжгүй шүү гэж л хэлж байгаа.
Хил нээчихвэл л танай ажил хэвийн үргэлжлээд л явна шүү дээ тиймээ?
Хэрэв хил гааль нээгдээд бараа татан авалт хэвийн болчихвол манай үйл ажиллагаа хэвийн болоод бид ч зээлээ цаг тухайд нь төлөөд л явна. Бид анх бүх зүйлийг тэгээс эхэлж байсан. Зээл авч л дэлгүүрээ босгож үйл ажиллагаа явуулж байсан. Хил гааль нээгдэхгүй байгаагаас болж дөрвөн жил хөдөлмөрлөж байж бий болгосон, байгуулсан ажил маань, юу ч үгүй болж, нэмээд банкны зээлийн хар дансанд орох гээд маш хэцүү байдалд байгаад байна. Хил гааль нээгдэж бараа татан авалт хэвийн болохыг л маш их хүсч хүлээж байна даа.
Засгийн газрын хувьд хоёр улсын хил гаалийн тухай хоорондоо дипломат харилцааны хүрээнд асуудлаа шийдэж л байгаа байх. Тэгээд Хятад улсын талаас хилээ нээхгүйн улмаас бараа материал татан авалт орж ирэхгүй байгаа гэсэн Засгийн газрын мэдэгдэл мэдээллүүд гарч байна л даа. Гэсэн ч Монгол улс дотроо шийдэж болох асуудлууд байна гэж бид хараад байгаа. Жишээ нь юу гэхээр ийм бизнесийн холбогдолтой зээл авсан иргэдийн бизнесийн үйл ажиллагаа нь хил гаальтай холбоотойгоор гацаж, доголдож үнэхээр л зээлээ төлж чадахааргүй байгаа нөхцөл байдлыг нь судлаад дүгнээд түр хугацаанд хил гааль хэвийн болтол бизнес эрхлэгчдийн хүсэлтийг хүлээн авч зээлийг нь түр хугацаанд хойшлуулдаг ч юмуу арга хэмжээ авч болмоор санагдаад байгаа юм. Бид авсан зээлээ төлөхгүй гээгүй. Төлөөд л явмаар байна. Үнэхээр бидэнд зарах ч бараа байхгүй, хилээр орж ирэхгүй байгаа энэ үед хаанаасаа мөнгө гаргаж ургуулж зээлээ төлөх билээ. Энэ нөхцөл байдлыг харж үзэж, ойлгож, уялдаж хамтран ажиллаасай гэж Засгийн газраасаа хүсч байна.
Ковид цар тахлын үеийн хүнд хэцүү байдлын үүднээс Засгийн газраас тог усны мөнгөнөөс иргэдээ чөлөөлж бас их дэм болсон шүү дээ. Танай үйл ажиллагаанд нөлөө байсан уу?
Тийм. 2021 оны 12-р сарыг дуустал тогны мөнгө чөлөөлж өгсөн нь бас их нэмэртэй байлаа. Энэ оны 1-р сарын 1-нээс эхлээд орон сууцыг чөлөөлсөн хэвээрээ үлдээд аж ахуй нэгжүүдийг тогны мөнгөө төлүүлэхээр болсон байна лээ. Яг манай байгууллагын хувьд бол түрүүн хэлсэнчлэн өдийг хүртэл байдгаа шавхаад зээлээ төлөөд л явсан. Тэгээд өнөөдөр ч гэсэн үйл ажиллагаа маань явагдахгүй байгаа ч дэлгүүрээ нээхгүй байж чадахгүй, хэдхэн ширхэг ч гэсэн бараагаа зарж зээлэндээ нэмэр болгочихмоор байдаг, тэгээд нээгээд ажиллахаар тог усаа ялгаагүй л ашиглана. Ингээд ирэхээр яг үнэндээ тог усны мөнгөн дээр ч гэсэн эмзэг, хэцүү байдалд орж л байна. Манайх шиг ийм асуудлуудтай, түрээсийнхээ төлбөрийг төлж чадахгүй, бараа материал нь орж ирэхгүй байгаа нөхцөл байдалтай маш олон газрууд байгаа шүү дээ. Энэ мэт үйлчилгээ бизнес эрхлэгчдээ байдал хэвийн болтол ямар нэг талаар харилцан уялдаатай шийдвэрүүд гаргаж, үргэлжлүүлэн тог уснаас нь ч болов чөлөөлж болохгүй юм байх даа гэж бодож л байлаа. Зарим бусад байгууллагын хувьд бол жишээ нь банк, хүнс, эмийн сангийн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд ч юмуу тэдний хувьд бол аль хэдийн үйл ажиллагаа нь хэвийн болчихсон, тог усны мөнгөний нөлөө ч нэг их мэдэгдэхгүй л байгаа байх даа.
Хил гааль нээгдэхгүй удвал, цаашдаа яана гэж бодож байгаа вэ? Танд юу бодогдож байна?
Хэзээ нэгэн цагт хил гааль буцаад хэвийн болох л байх. Тэр болтол бүр үнэхээр болохгүй бол байраа зараад ч болов банкны зээлийг хар дансанд оруулахгүйгээр дарж дуусгана даа л гэсэн бодолтой сууж байна. Тэгээд бүх зүйл дуусаад хэвийн болоод бараа бүтээгдэхүүн маань хилээр ороод ирвэл энэ бизнесээ хэвийн явуулаад, бүр болохооргүй байвал дөрвөн жилийн өмнө эхэлж байсан шигээ бүх зүйлийг дахиад л тэгээс нь эхлэх байх даа.
Илэн далангүй ярилцсанд баярлалаа.
Их хэцүү амьдрал ярьчих шиг боллоо. Яг бодит байдал, хэцүү байгаа нөхцөлөө л ярилаа. Олон хүн, аж ахуй нэгж бидэн шиг ийм хэцүү байгаа болохоор нууж хаалгүй бүгдийг нь бодит үнэнээр нь харуулахыг хүслээ.
Адилхан асуултай байгаа юм байна. Хилээ нээгээд бараа таваар оруулж ирмээр байнаа.