Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэр тус төвийн ерөнхий захирал Ц.Билэгсайхан Ковид19 халдварын омикрон хувилбар дотоодод бүртгэгдсэн талаар мэдээллээ.
Тэрээр "Эхлээд тандалтын хариу арга хэмжээний талаарх мэдээллийг хүргэе. ДЭМБ өнгөрсөн оны 11 дүгээр сарын 26-нд омикрон хувилбарыг анхаарал татсан, аюултай вирусийн ангилалд бүртгэж буйгаа зарласан. Манай улсын хувьд хилийн тандалтын ажлыг 11 дүгээр сарын 27-ноос өнөөдрийг хүртэл 40 хоногийн хугацаанд авч хэрэгжүүлсэн. Энэ хугацаанд агаарын хилийн тандалтын хариу арга хэмжээний дүнд 109 удаагийн нислэгээр 10773 зорчигч иргэн ирсэн байна. Эдгээр иргэдээс Ковид19 халдварын 232 тохиолдол бүртгэгдсэн. Үүний 104 нь хилийн нэвтрэх цэгт авч буй PCR шинжилгээгээр илэрсэн бол 128 тохиолдол нь хөл хорионы үед илэрсэн байна. Коронавирус 21 улсаас зөөвөрлөгдсөн байна.
Зөөвөрлөгдсөн тохиолдлын олонх нь Турк, Тайланд, АНУ-аас зөөвөрлөгджээ. Тодруулбал,
- Турк 102
- Тайланд 40
- АНУ 40 тохиолдол зөөвөрлөгдсөн.
Нийт 109 нислэг хүлээн авснаас 54-т нь Ковид19 халдвар илэрсэн. Гадаадад Ковид19 халдварын тохиолдол өндөр байгаа учир манай улсад зөөвөрлөгдөж ирэх тохиолдол элбэг байна. Нисэхийн тандалтын шинжилгээнд ХӨСҮТ-ийн 10 баг ажилласан.
Өнөөдрийн байдлаар нийслэлд 13, Сэлэнгэ аймагт хоёр тусгаарлан ажиглах байр ажиллаж байна. 12 дугаар сарын 25-наас эхэлж гадаадаас ирж буй иргэдийг гурав хоног тусгаарлаж байна. Нийт 3492 хүнийг тусгаарлаж, 119 тохиолдол илрүүлсэн байна. Агаарын хилийн тандалтаас гадна хөдөлгөөнтэй байгаа хилийн боомтууд дээр тандалт хийсэн. Энэ хугацаанд,
- Алтан булаг хилийн боомтоор 2100 жолооч нэвтэрснээс зургаан тохиолдол
- Цагаан нуур хилийн боомтоор 510 жолооч нэвтэрснээс дөрвөн тохиолдол
- Боршоо хилийн боомтоор 213 жолооч нэвтэрсэн ч халдвар илрээгүй
- Гашуун сухайт хилийн боомтоор 4751 жолооч нэвтэрснээс 64 тохиолдол тус тус батлагдсан байна.
Манай улсад 11 дүгээр сарын 27-ноос өнөөдрийг хүртэл 40 хоногийн хугацаанд Чингис хаан олон улсын нисэх буудлын тандалтаар 232, Суданаас ирсэн энхийг сахиулагчдаас 231, бусад хилийн боомтуудаар 74 тохиолдол бүртгэгдэж батлагдсан. Эдгээрийн 3356 ойрын хавьтлыг тогтоож, тандалт судалгаа хийж, хяналтад авсан. Үүнээс 150 тохиолдол батлагдсан.
Одоо хувилбарын тандалтын мэдээллийг хүргэе. Хувилбарын тандалтын шинжилгээг хэд, хэдэн аргачлалаар хийдэг. Шинжилгээгээр нийт 12 сорьцод омикрон хувилбар батлагдаж байна. Эдгээрийн 10 нь энхийг сахиулагчдаас илэрсэн. Мөн Истанбул-Улаанбаатар, Бангкок-Улаанбаатар нислэгээс нэг, нэг тохиолдол батлагдсан. Энэ шинжилгээг олон сорьцоос түүвэрлэж цөөн тооны сорьцод хийдэг" гэлээ.