Монголчуудын маань нэгээхэн хэсэг нь гаднаас бараа бүтээгдэхүүн импортлон зарж борлуулж, ажлын байр бий болгож, татвараа төлж, иргэдийг хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээр хангаж явдаг нэг талын гавьяатай ажил хийдэг билээ. Бид нэгэнт үйлдвэрлэгч орон биш, бүх л түүхий эдээ гадны орнуудаас импортлон оруулж ирж зарим нэг үйлдвэрлэлээ үргэлжлүүлэн явуулдаг. Жишээ нь л гэхэд хувцас урлал, үйлдвэрлэл эрхэлсэн ч зүүгээ бид өөрсдөө үйлдвэрлэдэггүй учир Хятад улсаас л оруулж ирдэг шүү дээ.
Тиймдээ ч бараа бүтээгдэхүүн захиалж авчирч хэдэн монголчуудынхаа хэрэгцээ хангамжийг бүрдүүлж өгдөг наймаачид, бизнес эрхлэгчид, онлайн худалдаачиддаа баярлахад ч хилсдэх зүйлгүй л.
Гэвч энэ цагийн чухал асуудал болсон хил гааль хаалттайгаас үүдэн дээрх хэсэг бүлэг иргэдэд асуудлууд үүссээр удаж байна. Хятадын олон хотуудаас захисан бараагаа Эрээнд хаягтай Өвөр монгол хүмүүсээр дамжуулан бараагаа ачуулан хил давуулан ирүүлдэг бизнес эрхлэгч, иргэд цөөнгүй. Гэтэл дайны хажуугаар дажин гэгчээр эдгээр Өвөр монголчууд бараа гацсан байдал дээр далимдуулан нааш ачуулах барааг аль болох үнэтэй ачуулж, хүссэнээрээ үнэ нэмж хэлж нэхэж, зарим нь бүр цугларсан барааг ачуулсан эсэх нь ч тодорхойгүй алга болж энд хүлээж буй иргэдийг бухимдуулж хэдэн арван саяын бараа таваарын өрөнд оруулж хохироож үлдээх нь энүүхэнд болжээ.
Ингээд хохироод үлдэж буй иргэд, бизнес эрхлэгчид хэнд хандаж, хэрхэн хохирлоо барагдуулахаа мэдэхгүй л шаналж сууна...
Ийм байдалд хүрсэн нэгэн бизнес эрхлэгчтэй бид холбогдлоо.
Сайн байна уу. Та өөрийгөө танилцуулаач.
Намайг Болдын Жаргал гэдэг. Миний үндсэн ажил мэргэжил бол нэгэн банкны санхүүгийн тайлангийн мэргэжилтэн гэдэг албан тушаал дээр ажилладаг байж байгаад 2019 онд жирэмсний амралтаа аваад ойрхон 2 дараалан төрөөд гэртээ хүүхдээ хараад сууж байгаа ээж байна. Тэгээд залуу гэр бүлийн хувьд нөхрийн цалин хүрэлцээ багатай байдаг. Иймээс би хүүхдээ харангаа 2021 оны 1-р сараас хувиараа худалдаа арилжааны ажил хийдэг болоод жил гаран болж байна. Тэр нь юу вэ гэхээр би пэйж ажиллуулдаг. Бээжин, Тяанжин, Гуанжу гэх мэт Хятад улсын хотуудаас сандал ширээ буйдан гэх мэт зүйлсийг захиалгаар авчирч зарж борлуулдаг. Энэ хугацаанд захиалагчдынхаа хувьд нэг ч удаа хариуцлага алдаж байсангүй. Хүмүүст намайг хариуцлагагүй мэт болгож байгаа хамгийн гол зүйл нь бол улс төрийн, хил гаалийн нөхцөл байдал байгаа юм. Энэ бүхнээс шалтгаалаад захиалга хугацаандаа ирэхгүй байх, зогсох гэх мэт асуудлууд үүсээд байгаа.
Тэгээд энэ нэг жилийн хугацаанд их юм болсон. Би өөрөө ийм тавилга оруулж ирэхээс гадна 2021 оны 4-р сараас эхлээд карго ажиллуулж эхэлсэн. Гурван сарын хугацаанд ажиллуулж үзлээ. Маш олон хүний олон ачаа барааг авч хүргэж ирж ажиллаж байлаа. Ингэж ажиллуулж байхдаа Эрээнд суудаг Өвөр монголчууд Хятадуудтай ажиллаж эхэлсэн. Тэд нар ямар үүрэгтэй ажилладаг вэ гэхээр Эрээнд нэг хаягтай байгаад тухайн хаяг дээрээ миний захиалга өгч байгаа газрууд буюу Бээжин, Тяньжинь, Гуанжоу гээд цаашаа хол байдаг үйлдвэрүүдээс захиалсан тавилгуудыг хүлээж авдаг юм. Тэгээд Монголруу гаргах ийм үндсэн чиг үүрэгтэй ажилладаг юм. Ийм маш олон Өвөрмонгол хүмүүс байдаг л даа. Монголд худалдаа эрхэлж байгаа бүх хүмүүс өмнө нь цүнхээ үүрээд өөрөө урагшаа хил гараад ачаа бараагаа аваад захиалаад л явдаг байсан бол одоо энэ Ковидын халдварын үед ийм Эрээнд хаягтай Өвөрмонголчуудаар дамжуулж ингэж ажлаа явуулах нь маш их болсон байгаа шдээ. Өөр ч аргагүй. Эдгээр хүмүүс нь Эрээнд хаяг дээрээ жижиг жижиг мквт түрээслээд ачаа бараа авч ажилладаг юм билээ л дээ. Тэгээд энэ 100 айлын худалдаачид, том худалдааны төвүүд, жижиг лангуунууд, мөн онлайн шопууд, тавилгын худалдаа эрхлэгчид гээд л маш олон хүмүүс энэ Өвөрмонгол хүмүүсээр ачаа бараагаа итгэж хүлээлгэж өгч авдаг байхгүй юу. Тэгээд сайны хажуугаар саар гэгчээр зарим нэг нь итгэл алдаж асуудал үүсгээд байдаг юм байна.
Надад ямар асуудал үүссэн бэ гэхээр карго ажиллуулж байх хугацаандаа 10 сая төгрөгийн алдагдалд орж байсан. Яасан бэ гэхээр цаанаас энэ хүмүүс бид танай ачааг ачуулсан тэдэн төгрөг өг гэдэг. Бид энэ хүмүүстэй уулзаж, биеэр харилцах боломжгүй учраас байнга л утасны цаанаас л харьцаж байгаа юм. Тэгээд л утасны цаанаас тэд эдэн юань өг, ачааг чинь ачууллаа гэдэг. Тэгээд ирэхээр нь үзэхээр тоо нь дутдаг ч юм уу зөрөх асуудал үүснэ. Тэгээд бүр сүүлдээ утсаа авахаа болиод бараануудыг маань явуулахаа болиод алга болчихдог. Тэнд ачигдах ёстой бараа маань бүгд манай каргогоор үйлчлүүлж байгаа хүмүүсийн бараа таваар байгаад байдаг. Тэгээд нь тэр нь ирэхгүй таг алга болоод би 10 сая төгрөгийн өрөнд орж байсан. Тэгээд каргоны үйл ажиллагаагаа больсон.
Тэгээд та өрөнд ороод хохироод үлдсэн гэсэн үг үү? Тэр хүнийг эрж хайж сурагласан уу, огт холбогдож чадаагүй юм уу. Тэнд хүнээр хайлгах зэрэг бололцоо байгаагүй юу.
Тэгээд би яах уу ийх үү гээд гарц гаргалгаа хайсан л даа. Эрээнд байгаа Хятад хуулийн фермээс өмгөөлөгч хөлсөлж авч болох юм билээ. Тэр нь 8000 юань-аас дээш үнийн дүн бүхий заргыг шийдвэрлэдэг гэсэн. Тийм заргыг шийдвэрлэхэд ажлын хөлс нь л гэхэд 5000-аас дээш юань болдог. Тэгээд тэр хөлсөлсөн өмгөөлөгч нь намайг төлөөлж тэр хүмүүстэй уулзаад явах юм гэсэн. Маш явдал чирэгдэлтэй байдаг, хугацаа их ордог, бараг олж авахаасаа олоогүй нь их байдаг, бараг намайг энэ хэргээ орхисон нь дээр дээ гэсэн утгатай юм ярьсан тийм мэдээлэл олж авсан. Монгол талаас хөөцөлдөх юм бол бүр удна. Яамруу холбогддог. Өргөдлөө өгчих л гэдэг. Тэгээд л ямарч хэл чимээ байхгүй таг болчихдог. Авч байгаа арга хэмжээ байдаггүй.
Сүүлд сураг сонсоход тэр Өвөр монгол хүн мөрийтэй тоглоом тоглож манай ачааг мөрийндөө тавьсан юм шиг байсан. Ямарч байсан тэр бараа таваар маань огт ирээгүй. Би төрөөд удаагүй нялх биетэй байсан болохоор надаас бараа захиалсан байсан олон хүний хэл аманд өртөөд яахав гээд өөрөө өрөө төлөөд л өнгөрсөн. Бүр сүүлд нэг арай гэж холбогдсон. Тэгээд яасан бэ гэсэн чинь чи надад өртэй байсан тэр ний чинь оронд би барааг чинь авчихсан шдээ гэж л хэлж байгаа юм. Бараг л чи тэгээд яах юм намайг гэж байгаа юм шиг. Би бол ямарч тооцоо төлбөргүй байсан. Тийм замбараагүй дураараа л юмыг шийднэ. Тэр хүмүүс ер нь аймаар их мөнгө авна. Ачилтын үнэ тэр ний үнэ гээд л 20000 юань, 40000 юань гээд аваад л байна. Би чамд зөндөө мөнгө өгсөн шдээ, тийм хэмжээний ачаа бараа явуулахад тийм мөнгө авсан шдээ надаас гэхээр үгүй тэр чинь өөр үнэтэй байсан юм би тэр үед талыг нь л чамаас авсан гэдэг ч юмуу ерөөсөө дураараа мөнгө нэхэж авна. Бид чинь бараагаа юмаа авхын тулд хэлсэн амаар нь л байж байдаг. үүнийг зохицуулаад хянаад өгөх нэг ч тийм харилцаа холбоо манай улсаас байхгүй. Тийм болохоор л ийм замбараагүй байдаг байх.
Тэгээд би дараа нь өөр хүнтэй харилцаа тогтоогоод ачаа бараагаа авдаг болоод хагас жил болж байна л даа. Тэгсэн энэ хүн бас л сүүлийн үед утсаа авахгүй миний бараа юм хаана яваа нь мэдэгдэхгүй болоод байна. Тэгээд яахав одоо ачиж байна, одоо гарч байна, одоо Замын-Үүдийн боомтоор гарч байна одоо хотод очиж байна гээд худлаа яриад л байсан. Өнөө маргаашгүй ирэх гэж байгаа юм шиг л яриад байсан чинь одоо байхгүй.
Монголд үйл ажиллагаа явуулдаг карго зөндөө байдаг ш дээ. Тэдгээрт ийм асуудал үүсч байсан тухай сонсож байсан уу?
Каргонууд олон үйлчлүүлэгчтэй байдаг болохоор хэл ам их гарахаас сэргийлж тэр бүр ийм асуудал үүслээ гэж зарлахгүй ээ. Ихэнхдээ хувь хүмүүс л дуугардаг. Ийм асуудал үүсч л байгаа.
Энэ байдал хил гааль хаалттайгаас болоод үүсч байна уу. Өмнө нь ийм асуудлууд байсан юм болов уу?
Энэ нь хил гааль хаалттай байгаагаас үүдэж, Ковидын цар тахлын үеэс л ийм болчхоод байгаа юм л даа. Хэрэв хил нээлттэй хэвийн байсан бол бид тэр хүмүүстэй очиж уулзаад гэрээ юмаа байгуулаад цаг хугацаандаа тээвэрлэнэ гэдэг ч юмуу нүүр нүүрээ хараад ярихаар ажил хэрэг өөр шдээ. Тэгэхгүй ингээд бүх юм утасны цаанаас байгаад байхаар ийм итгэл алддаг, зугтдаг, хүнийг эд хөрөнгөөр хохироодог асуудлууд үүсээд байгаа юм.
Хил гаалийн үйл ажиллагаа хэвийн байхад 1мкуб ачааг 300 юань-аар тээвэрлэдэг байсан бол өнгөрсөн жилийн зун хил хаагаад бөөн юм болох үеэр энэ үнэ маань хөөрөгдөөд 1500 юань болоод байснаа тэндээсээ буураад 800 юань болсон л доо. Тэгээд одоо буцаад хил хаагаад нээхэд л ахиад л өсдөг. 2000 юань, 3000 юань болчхоод байгаа шүү дээ. Ер нь бол 10 дахин өсчихсөн.
Тэгээд сая 12 сарын 17-нд хилийн 0 цэгт буюу дундын бүсэд байсан 150 машин ачаанууд орж ирсэн юм. Тэр дотор миний ачааг ачуулсан гэсэн. Тэгсэн чинь тэр ачаа нь буугаад хүмүүс нь юмаа аваад дуусчихсан байдаг. Миний ачаа байдаггүй. Хүмүүс зарим овортой ачааг тэнд нь буцааж буулгаад өөр жижиг ачаанууд оруулж ирсэн байна гэж байсан. Миний ачаа дандаа овортой болохоор ийм байдлаар үлдчихэв үү л гэж бодож байна. Ядаж байхад нөгөө Өвөр монгол хүн маань утсаа ч авахгүй, ямар ч холбоогүй таг алга байгаад байгаа болохоор би өмнө нь бас хохирсноо бодоод одоо сандраад байж байна л даа. Яасан ийсэн талаар нь мэдэхгүй л сууж байна.
Таны ачаа хэр хэмжээтэй байгаа вэ? Танд тэр хүнтэй холбогдох ямар ч арга байхгүй юу.
Миний ачаа нийтдээ 25 мкуб, 30 орчим сая төгрөгийн 100 хайрцаг тавилга бараа байгаа. Одоо энэ маань хаана байгаа нь мэдэгдэхгүй. Үнэхээр боломж байдаг бол Эрээн дэх Консулд ч юм уу миний, бидний өмнөөс энэ хаяг дээр очоод үзэх, уулзах хүн байдаг бол миний тэр овортой юм байна уу, байхгүй юу гээд ядаж харуулчихмаар байгаа юм. Тэр Өвөр монгол хүн маань холбогдохгүй таг чиг ийм харанхуй байгаад байна. Тэр бид 2-н хооронд өглөг авлага тооцоо гэж байхгүй. Асуудал байхгүй зүв зүгээр байж байгаад л ингээд таг чиг байхгүй болчихдог.
Одоо холбоогүй хэр удаж байгаа вэ? Таны барааг ачуулсан гэж хэлснээс нь хойш холбогдсон уу? Та манай бараа ирээгүй байна, байхгүй байна гэж хэлж холбогдож чадсан уу?
Хамгийн сүүлд 12 сарын 31-нд бид 2 ярьсан. Тэрнээс өмнө 12 сарын 17-нд ачилтын үеэр миний юмнууд ачигдсан уу гэж асуухад ачигдсан гэсэн. Ямар үнээр ачигдаж байгаа вэ гэсэн чинь хуучин үнээрээ л гэсэн. Хуучин үнэ гэдэг нь 800 юань л даа. Санаа зоволтгүй тэдэн мкуб ачаа байгаа л гэсэн. Одоо манайх Замын-Үүдрүү орж байна, одоо гаалийн материалаа бүрдүүлж байна гээд л яриад л яваад байсан юм. Тэгээд 12 сарын 31-нд болохоор за чамруу өнөө маргаашгүй утастаад ачааг чинь өгөх байхаа л гэсэн. Тэгээд түүнээс хойш таг чиг сураггүй, ерөөсөө холбоогүй, ачаа маань ч одоо болтол ирээгүй байна. Тэгэхээр наашаа барааг маань ачуулаагүй байж худлаа хэлсэн байх гэж би бодоод байгаа юм.
Ер нь энэ манай худалдаа наймаа эрхэлж байгаа хүмүүс ихэвчлэн каргогоор үйлчлүүлдэг байхгүй юу. Карго чинь илүү найдвартай шдээ. Би өөрөө карго ажиллуулж үзсэн хүний хувьд үзэхэд шууд Өвөр монгол хүнтэй харилцаад ингэж ажиллах нь арай хямд байдаг байхгүй юу. Тэрнээс гадна минийх тавилга буюу дандаа овортой ачаа байдаг учраас Өвөрмонгол талд ч гэсэн ачиж зөөхөд амар байдаг юм билээ. Ийм Өвөр монгол харилцагчтай байхын давуу талыг мэддэг ингэж ажилладаг хүмүүс бол удаан үйл ажиллагаа эрхэлж байгаа худалдаачид байдаг.
Одоо тэгээд энэ Өвөр монгол харилцагч чинь бас утсаа ч авахгүй холбоогүй, тэр олон бараа ор сураггүй болоод дахин хохирох боломжтой болчихсон байгаа юм байна шдээ?
Харин тиймээ. Би энд байгаад байгаа. Хил хаалттай. Хайж олох боломжгүй, утсаар л холбогдож байсан. Утас нь холбогдохгүй. Юу болсноо ч хэлэхгүй ингээд алга болох боломжтой л болчхоод байна. Наана нь яаж арга хэмжээ авах вэ гэж бодоод байна. Тэр Эрээн дэх хуулийн фермээр дамжуулж хөөцөлдөнө гэхээр худлаа л юм билээ. Яг ийм тохиолдолд буюу гадаадын иргэнд залилуулсан тохиолдолд ингэнэ тэгнэ, тэнд хандана гэсэн заавар чиглэл юу ч байхгүй. Би өнгөрсөн даваа гарагаас хойш ГХЯ-аас тодруулж байгаа. Надад ийм асуудал үүслээ яах вэ гээд. Тэгсэн Эрээн дахь Консул уруу ярь гэсэн. Эрээн дэх Консул нь монгол нэг дугаартай, хятад нэг дугаартай. Тэр 2 дугаар луу нь даваа гарагаас хойш л залгалаа. Өнөөдөр баасан гараг шүү дээ. Одоо болтол холбогдож чадаагүй. Утсаа авахгүй. Мэйл л бичсэн. Утсаа ч авахгүй байгаа хүмүүс миний мэйлийг хараад надад хариу өгнө гэдэг юу л бол.
Эрээн дэх Консултай холбогдвол ямар хүсэлт тавих вэ? Танд хэрхэн туслах бол?
Би ямарч байсан 30-аад сая төгрөгийн ачаа бараа маань тэр хүний хаяг дээр очсон гэдгээ баталж чадна. Таобаогоос тэр хүн хаяг дээрээ хүлээж авсан гарын үсэгтэй баримтууд байгаа. Тэгээд энэ хүний вичат хаяг нь, утасны дугаар, ажлын хаяг нь надад байгаа. Тэгэхээр ядаж энэ мэдээлэл дээр үндэслэн миний асуудалд тусалж болох өөрсдийнхөө ажлын хүрээнд хийж болох бүх зүйлийг хийгээд өгөх хүн байгаа юу асуугаад энэ асуудалдаа туслалцаа авмаар байгаа юм. Би харин ч таобаогоор захиалж авчирдаг болохоор арай найдвартай. Манай худалдаачид вичатаар ихэнхдээ захиалгаа хийдэг болохоор бүр илүү хохиролтой байдаг байх.
Ярилцсанд баярлалаа.