БНХАУ-аас чингэлгээр ачаа барааг татах ажил энэ сарын 12-ны өдөр эхэлсэн. Уг ажлыг Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг хариуцаж төрийн албан дахь мэргэжлийн жолоочдоор дундын бүсээс тээврийг хийлгүүлж байгаа юм. Үүнтэй холбогдуулан Авто Тээврийн үндэсний төвөөс цаг үеийн байдлыг мэдээллээ.
Тэдний өгсөн мэдээллээр "Тээвэрлэлтийг Зэвсэгт хүчнээс зохион байгуулж хилийн 0 зурвасын гурван км замыг хариуцаж байгаа. Ингэхдээ Эрээнээс Замын-Үүд хүртэл тээвэрлэдэг. Үүнээс цааш Улаанбаатар хүртэлх тээврийг дотоодын 5000 гаруй тээвэрчид хийж байгаа.
Замын-Үүд-Улаанбаатар хот хоорондын ачаа тээврийн үнэ 3.5 сая болтлоо тогтворжоод байгаа. Энэ хуучин байсан үнэдээ дөхөж очсоныг харуулж буй.
БНХАУ-аас тавьж байгаа шаардлага нь халдварын тоог бууруул гэсэн. Ханги, Мандал боомтоор задгай тэвштэй экспортын тээврийг хийдэг байсан бол чингэлэг тээвэрт шилжсэн. Энэ оны нэгдүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн албан ёсоор чингэлэгт шилжсэн.
Хэвийн нөхцөлд эрээнээс-Замын үүд рүү 70-80 тонн ачаа орж ирдэг байсан. Улаанбаатар уруу 40-50 тонн байхаар замын стандарт тогтоогдсон байдаг.
Одоогийн байдлаар 9000 орчим чингэлэг хуримтлагдсан байснаас 300 гарныг нь татаад байна. Удахгүй овоорсон бараанууд шингэрнэ" гэлээ.