Ардчилсан намын зүгээс хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ удаагийн хуралд АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, дэд дарга Ч.Отгочулуун, нарийн бичгийн дарга О.Баасанхүү нар оролцов.
Ч.ӨНӨРБАЯР: -2021 он хүний эрхийг зөрчсөн, үүний төлөө тэмцсэн хүмүүсийг хууль хяналтын байгууллагаар айлгасан жил боллоо. Харамсалтай нь энэ асуудлаар эрх баригчид бодитой ажил хийсэнгүй. Харин АН-ын бүлгээс эрх нь зөрчигдсөн, үг хэлснийхээ төлөө хоригдсон, шалгагдсан иргэдийнхээ талд зогссон. Хүний эрхийн дэд хороотой хамтран нээлттэй сонсгол зохион байгуулсан. Цаашид хүний эрхийг хамгаалахын төлөө АН, УИХ дахь намын бүлэг тууштай ажиллана. Иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хамгаалсан бие даасан хуулийн төслийг өргөн барина.
Намрын чуулганаар УИХ 16 хууль баталсан. Тухайн хуулиуд дотор төрийг хариуцлагатай болгох чиглэлд нэг ч өөрчлөлт хийгдсэнгүй. Төрийн өндөр албан тушаалтан нэртэй 200 гаруй хүн бий ч хариуцлага тооцдог хууль байхгүй. Ийм хуультай болох ёстой. Төсөл нь бэлэн болсон. Хаврын чуулганаар өргөн бариулна.
Ч.ОТГОЧУЛУУ: -Эрх баригч МАН амлалтаа мартаад байгааг сануулах нь зүйтэй. Энэ нам 2016 оноос хойш үнэмлэхгүй олонхын суудалтай байгаа. Анх тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулан нэмнэ гэж хэлсэн. Гэвч тоо баримт өөр байдлыг хэлж байна. Инфляц албан ёсны мэдээллээр 15 хувьтай байгаа ч албан бусаар 60-70 хувьд хүрсэн. Гэтэл нөгөө талд өндөр насны тэтгэвэр инфляцтай уялдаж өсөхгүй байна. Өнгөрсөн онд 353 мянган иргэн өндөр насны тэтгэвэрт нийт 1.8 их наяд төгрөг авчээ. Ирэх онд энэ хэмжээ төдийлөн өсөхөөргүй харагдаж байна. Тэтгэвэр авч байгаа иргэдийн худалдан авах чадвар эрс буурсан байна. Тухайлбал 2016 онд сарын тэтгэвэр нь 190 ам.доллартой тэнцдэг байсан бол өнөөдөр 150 ам.доллар болон буурч худалдан авах чадвар 20 хувиар уналаа. Мөн 2016 онд нэг ахмад настан сарын тэтгэврээрээ 50 кг мах авдаг байсан бол одоо 29 кг мах л авч байна. Энэ мэтчилэн ахмадуудын худалдан авах чадвар 50 хувиар буурч, амьдралын чанар доройтлоо. Тэтгэврийг нэмэх боломж бий. Эрх баригчид 2022 онд зургаан их наяд төгрөгөөр барилга, байгууламж барих төсвийг баталсан. Жилд өндөр настны тэтгэвэрт 1.8 их наяд төгрөг зарцуулдаг гэхээр тэтгэврийн нийт фондоос гурав дахин их мөнгийг байшин барихаар төсөвлөсөн. Зарим сумын төвд хоёр дахь соёлын ордныг барьж байна. Эдгээр объектыг зарж, хувьчлах хэрэгтэй. Ингэснээр олон их наяд төгрөг суларч, үүгээр тэтгэвэр тэтгэмжийг нэмэх хэрэгтэй. Дундаж тэтгэвэр 380 орчим мянган төгрөг байгаа. Энэ мөнгөөр яаж амьдрах вэ гэдгийг бодох хэрэгтэй.
О.БААСАНХҮҮ: -УИХ-д байгаа залуу гишүүд бүх хүнд өгч чадахгүй байж, 20-30 хувьд нь ул боов тарааж ард түмнээ алагчилж байна. Үүний оронд нэмүү өртгийн албан татварын буцаалтыг гурван хувь болгосон бол баярлалаа гэж хэлэх байлаа. Инфляц өнөөдөр 15 хувь байгаа бол тэтгэвэр 15 хувиар нэмэгдэх ёстой.