Португал улсын Альмэйда хотноо 2022 оны анхны дэлхийн цуврал Гран При ангиллаар зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа.
Португалд анх удаагаа зохион байгуулагдсан энэхүү тэмцээнд 41 орны эрэгтэй 179, эмэгтэй, 122 нийт 301 жүдоч хуран чуулсан бөгөөд 25 улс медаль хүртсэн байна. Үүнээс манай тамирчид гурван хүрэл медальтайгаар медалийн чанараараа 18 дугаар байрт эрэмбэлэгджээ.
Манай тамирчдаас эхний өдөр -60 кг-д Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын “Хангарьд” спорт хорооны тамирчин 2021 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий мөнгөн медальт Бямбажавын Цогт-Очир хүрэл медаль хүртсэн.
Улмаар тэмцээний хоёр дахь өдөр -73 кг-ын жинд Дархан Уул аймаг, “Женко” клубийн тамирчин тамирчин Өмнөговь-2021 насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, залуучуудын улсын аварга Лавжаргалын Анхзаяа хүрэл медаль хүртээд байлаа.
Энэ медалийн буухиаг тэмцээний сүүлийн өдөр Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин Амарсайханы Адъяасүрэн үргэлжлүүлж +78 кг-ын жинд хүрэл медаль хүртлээ. Түүний жинд нийт зургаан жүдоч хүч үзсэн бөгөөд манай тамирчин сугалаагаар шууд хагас шигшээ рүү орж, Европын нээлттэй тэмцээний бүрэн медальтай Францын Стесси Бастареуд цэвэр ялагджээ.
Гэвч хүрэл медалийн төлөө манай жүдоч Их Британийн 35 настай олон улсын тэмцээний 25 медальтай Сара Адлингтоныг ялж, Гран При ангиллаас анхны медалиа гардлаа.
Түүнтэй хамт энэ өдөр зодоглосон бусад залуусаас -100 кг-ын жинд ОУХМ Одбаатарын Хангал -90 кг-ын дэлхийн хошой аварга Николаз Шеразадашвилиг эхний даваандаа ялсан бол хоёрдугаар тойрогтоо мөн дэлхийн хошой аварга Португалийн хамгийн алдартай жүдоч Хорхе Фонсекад ялагдсан байна.
Манай жүдочдын дараагийн тэмцээн хоёрдугаар сарын 5-нд Парисын Их дуулга байх юм. Парист 58 орны 344 жүдоч өрсөлдөхөөр урьдчилсан мэдүүлгээ өгөөд буй аж.
Эх сурвалж: Монголын Жүдо бөхийн холбоо