Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар II улирлын хичээл, сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх асуудлыг хэлэлцлээ. Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан энэ долоо хоногийн эхээр мэдээлэл хийж, сургууль цэцэрлэгийг танхим болон цахим гэсэн хосолсон хэлбэрээр хоёрдугаар сарын 14-нд эхлүүлнэ гэж мэдэгдэж байсан. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хоёрдугаар сарын 14-ний өдрөөс 100 хувь танхимаар эхлүүлэхээр боллоо. Уг шийдвэрийг ЭМЯ-наас өгч буй халдварын оргил үе буурч байна гэх судалгаатай уялдуулан гаргажээ.
Ингэхдээ цэцэрлэгт 3-5 настай хүүхдийг хамруулна. Цэцэрлэгийн үйл ажиллагааг танхимаар зохион байгуулахдаа нэг анги, бүлэгт хичээллэх хүүхдийн тоо 20±5 байна.