Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар танилцууллаа. Сангийн сайд Б.Жавхлан " БНХАУ-ын Хөгжил шинэтгэлийн хорооы дэд дарга Нин Жы Жө-тэй ажлын уулзалт хийлээ. Энэ уулзалтаар нэн шаардлагатай таван төслөө ярилцлаа. Нэгт, боомтуудын асуудал. Гурван боомтыг үйл ажиллагааг өргөжүүлэх, харилцан ачаа тээвэр нэвтрэн өнгөрүүлэх чадварыг нэмэгдүүлэх асуудлыг ярьж байгаа. Тухайлбал, зүүн талаасаа Бичигт- Зүүнхатавч, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн- Сэхээ боомтууд дээр 10 гаруй жил гацаад байсан төмөр замын харилцан нэвтрэл солбилцлын цэгийг эцсийн байдлаар тохирлоо. Одоо энэ гурван боомт дээр терминалыг хаана барих вэ гэдэг дараагийн шатны ажилдаа орсон. Бид өөрсдийн зүгээс бэлтгэсэн судалгаануудаа хүргүүллээ. Ингээд хоёрдугаар сарын сүүл гуравдугаар сарын эхээр товлогдсон байсан уулзалтыг хоёрдугаар сарын 15 болгож наашлуулсан. Энэ уулзалтаар терминалаа аль талдаа барихаа тохирчих юм бол цаашаагаа хөрөнгө оруулалтын асуудлууд шийдэгдээд ажиллана. Ерөнхий сайд ажлыг энэ жилдээ шуурхайлах үүрэг өгсөн. Хятадын талаас үүнийг баяртай хүлээж авсан. Боомт гэдэг бол хоёр улсын эдийн засагт харилцан ашигтайгаар экспорт, импортын бараа материалыг нэвтрүүлэх зэрэг эдийн засгийн хүлээлттэй байна" гэлээ.
Түүнчлэн Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хурдны автозам болон хос урсгалтай төмөр зам барих, Гашуунсухайт боомтоор одоо гарч буй нүүрс тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах зорилгоор тулгуурт гүүрэн байгууламж бүхий багтаамж ихтэй тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх, Улаанбаатар хотыг тойрсон тойрог хурдны зам барих зэрэг Монголын талаас тэргүүлэх ач холбогдол өгч буй төслүүдийн талаар дэлгэрэнгүй санал солилцсон ажээ.