АН-аас долоо хоног бүрийн пүрэв гаригт хэвлэлийн бага хийж, намынхаа асуудал болон нийгэмд өрнөж буй бусад асуудлаар байр сууриа илэрхийлдэг. Энэ удаад тус намын дэд дарга Ч.Отгочулуу, УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх Д.Ганбаяр нар мэдээлэл хийлээ.
Д.ГАНБАЯР: -2021 оны арванхоёрдугаар сарын 16-нд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Э.Бат-Үүлд дөрвөн жилийн хорих ял оноосон. Эрүүгийн хуулийг хянан шийдвэрлэх тухай хуульд "Шүүхийн шийдвэр гарсан цагаас хойш 15 хоногийн хугацаанд шүүхийн шийдвэрийг гардуулж өгнө" гэж заасан байдаг. Гэтэл Чингэлтэй дүүргийн шүүх Э.Бат-Үүлд шүүхийн шийдвэрийг өгөлгүйгээр 409 дүгээр хорих ангид 53 хоног саатуулсан. Тэгэхээр Э.Бат-Үүл даргыг 38 хоног шүүхийн шийдвэргүйгээр саатуулсан гэсэн үг. Шүүхийн тогтолцоо ийм л байна. Улсын дээд шүүх АН-ыг хоёр даргатай, хоёр тамгатай, дотроо хагаралтай байгаа мэтээр нийгэмд харагдуулж байна. Цаашлаад АН-ын нэр хүндийг унагаах ажлыг өнгөрсөн жилээс эхлэн тасралтгүй зохион байгууллаа. Тиймээс Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзоригийг Шүүхийн сахилгын хороонд өгч огцруулах хүртэл арга хэмжээг авах болно.
Ч.ОТГОЧУЛУУ: -Өнгөрсөн онд инфляц 15 хувьд хүрсэн. Гэтэл тэтгэврийг 15 хувиар нэмэгдүүлж байгаа нь өнгөрсөн онд оногдох худалдан авах чадварыг нөхөх хэмжээнд л тэтгэврийг өсгөж байгаа гэсэн үг. Тэтгэврийг хангалттай хэмжээнд нэмэх боломж байсан. Гэтэл нэг удаа гал унтраах байдлаар нэмээд өнгөрлөө.
Хөгжлийн банкны үйл ажиллагаа уг нь эдийн засгийг тэлэхэд зориулагдах байсан ч эрх баригч намын бүлэглэл хоорондын зодоон болж хувирлаа. Хөгжлийн банкны асуудлаар хууль, шүүхийнхний ажлыг нь хийлгэмээр байна. Хийрхэл үүсгээд байх юм. Зээлдэгч нар бүгд муу хүмүүс биш. Ажлын байр бий болгоод бизнесийг тэлж байгаа хүмүүс зөндөө бий. Ам.долларын ханшийн уналтаас болж анх авсан зээлээ хэд дахин илүү төлөөд алдагдлаа чимээгүй үүрч яваа зээлдэгч нар ч бий. Ам.долларын ханшийг унагахгүй байх нь зээлдэгч нарын биш төрийн үүрэг. Энэ ханш сулрахын цаана урт хугацаагаар бүтээн байгуулалт хийж буй компаниуд асар их алдагдал хүлээж байгаа. Мэдээж хэрэг хулгайч нарыг өмөөрөхгүй. Гэхдээ шударгаар хөдөлмөрлөж буй бизнес эрхлэгчдийг харлуулж болохгүй. Хөгжлийн банкны асуудал бол эрх баригч намын бүлэглэл хоорондын зодоон. Бохир хэрүүлдээ АН-ыг оролцуулах гэсэн оролдлогоо зогсоох шаардлага хүргүүлнэ.
УИХ саяхан ээлжит бус чуулганаар цар тахлын хуулийг хулгайгаар сунгасан. Бүх улс орнууд аажмаар хэвийн байдалдаа орсон. Гэтэл яагаад Монгол Улс энэ онцгой зохицуулалтыг хадгалж үлдэв. Уг хуулийн цаана Засгийн газар төсвийн ерөнхийлөн захирагч нар УИХ-ын хяналтгүйгээр зохицуулалт хийж болох боломж бий. Цар тахлын хуулийг анх ганцхан удаа сунгаж болохоор түр хугацаагаар баталсан. Үүнээс хойш хэдэн удаа сунгав. Сүүлдээ бүтэн жилээр сунгаж байна. Ингэж болохгүй.