ӨМӨЗО-ны иргэн, өв соёл, тусгаар тогтнолынхоо төлөө тууштай тэмцэгч Б.Балжинням 21 аймаг 9 дүүргийн багш нар болон төрийн албан хаагчдад үнэ төлбөргүй монгол бичиг заах болсон талаар мэдээлэл хийлээ. Тэрээр ”Чингис хаан найман аймгийг нэгтгэсний дараа уйгаржин бичгийг зохиосон. Монгол бичиг бол монголчуудын өв соёл, тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг юм. Гэтэл зарим монголчууд монгол бичгээр нэрээ ч зөв бичиж чадахгүй байна. Иймээс төрийн албан хаагч болон нийт багш нарт монгол бичиг үнэ төлбөргүй заана. Мөн өөрийн сонирхлоор монгол бичиг заалгах хүсэлтэй албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд бидний үүд хаалга үргэлж нээлттэй. Ямар ч үнэ төлбөр авахгүй. 10 гаруй жилийн туршлагатай 10 орчим багш монгол бичгийн хичээл заана.
ӨМӨЗО-д монгол бичгийг сурагчдын хичээлийн хөтөлбөрөөс хассан. Гэвч бид тууштай тэмцсэний хүчинд үлдээж чадсан. Харин Монголын түүхийн хичээлийг сурагчдын хичээлийн хөтөлбөрөөс хасчихлаа. Энэ нь монголчуудын үнэт зүйлийг үгүй болгох, түүх соёлоо мэдэхгүйд хүргэх гадны төрийн бодлого юм. Иймд монголчууд бичиг болон түүх соёлоо зайлшгүй мэддэг байх шаардлагатай” гэлээ.