БНХАУ-ын тал аравдугаар сарын 13-наас хилээр нэвтрэх ачаа тээвэрлэлтийг бүрэн зогсоосон. Ийнхүү хоёр сар гаруй хугацаанд Эрээн, Замын-Үүд боомт хаалттай байсны эцэст өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн чингэлгүүдийг нэвтрүүлж эхэлсэн. Улмаар Эрээний талд гацсан 9000 орчим чингэлэгийг нэг, хоёрдугаар сард нэвтрүүлсэн юм. Ингэхдээ бүртгэлийн дарааллаар нь оруулж байсан юм.
Харин энэ сараас эхлэн Эрээн боомтоос ачаа тээвэр оруулах дарааллыг сугалаагаар шийддэг болжээ. Уг ажлыг Хятадын талаас зохион байгуулж байгаа аж. Түүнчлэн эм, эмнэлгийн хэрэгсэл болон хүнсний бүтээгдэхүүнийг түрүүлж оруулах зэрэг зохицуулалт хийхгүй байгаа юм байна. Үүний улмаас бараа бүтээгдэхүүний чанар, стандартад өөрчлөлт орох, хадгалалтын горим алдагдах зэрэг эрсдэл бий болж болзошгүй байна.