"Хүүхэд үймүүлсэн гэх дуудлагаар цагдаагийн алба хаагчид ирж арга хэмжээ авлаа" хэмээн Содон хорооллын оршин суугчдын хуудаст хуваалцсан нь цахим орчинд тархсан. Энэхүү асуудлаар Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газар тайлбар гаргажээ.
Уг тайлбарт:
"Содон хорооллын оршин суугчаас 2022 оны гуравдугаар сарын 1-ний өдөр 22:13 цагт ирүүлсэн “дугаар тоотын айлд согтуу хүн агсам тавиад байна” гэх дуудлага мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн алба хаагчид очиж шалгахад тухайн хаягт бага насны хүүхэд тоглож байсан тул бусдын амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байх талаар эцэг эхэд нь зөвлөгөө өгч шийдвэрлэсэн ба торгуулийн арга хэмжээ аваагүй болно.
Иймд иргэд та бүхэнд нийтийн зориулалтай орон сууцанд шөнийн цагаар бусдын амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байхыг анхааруулж байна" гэжээ.