“Хөх сувд-2022” мөсний баяр Хөвсгөл аймгийн Хатгал суманд үргэлжилж байна. Өвлийн мөсний баярыг аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Энэ жилийн хувьд "Хөх сувд" мөсний баярын 20 жилийн ой тохиож буй онцлогтой. Баярын үеэр унадаг дугуй, тэшүүрийн тэмцээн, нохой чарганы уралдаан, мөсөн дээрх олс таталт, буухиа тэмцээн, тахтай морьдын уралдаан гэх мэтчилэн тэмцээн наадам болох хуваарьтай байгаа юм.
Мөсний баяртай холбоотойгоор Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас 70 алба хаагч, 11 тээврийн хэрэгсэлтэйгээр хамгаалалтын үүрэг гүйцэтгэж иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна хэмээн тус аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ.
Хөвсгөл аймгийн Хатгал сумын цагдаагийн алба хаагчид
"ЦЭВРЭЭС ЦЭВЭР, ЦЭНГЭГЭЭС ЦЭНГЭГ"
"Хөх сувд-2022" мөсний баярын зохион байгуулалтын талаар Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч М.Хуягбаатар "Хатгал сумын постоор өчигдрийн тухайд 2,500 орчим машин орсон тоон бүртгэл байна. Тиймээс хамгийн багадаа 8,000 гаруй хүн ирсэн гэх тооцоог гаргаад байгаа юм.
Энэ удаагийн мөсний баярыг "Цэврээс цэвэр, цэнгэгээс цэнгэг" уриатай зохион байгууллаа. Наадамд оролцохоор ирсэн иргэд маань ч дор бүрнээ ухамсартай байгаа. Далай эргийн ойролцоо ил задгай бие засах, ойр хавийн газрыг бохирдуулах гэх мэтчилэн зөрчил огт гараагүй. Түүнчлэн 12 эко жорлон байршуулсан.
Харуул хамгаалалтад 200 гаруй алба хаагч ажиллалаа. Мөн машин цөмөрч орж болзошгүй хэсгүүдэд анхааруулга тэмдэг тавьж, мөс цөмрөх аюулаас сэрэмжилсэн" хэмээн мэдээлэл өгөв.
Хатгал тосгоны нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаа худалдан борлуулах түүгээр үйлчлэх цагийн хуваарийг 2022 оны гуравдугаар сарын 2-ноос гуравдугаар сарын 5-ны өдрүүдэд 09:00-20:00 цагийн хооронд байхаар тогтоожээ.
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын захирамж
Эх сурвалж: Хөвсгөл аймгийн Цагдаагийн газар