"Хувьсал" продакшныхан "Чамайгаа алдмааргүй байна", "Би хүсэхгүй байна" зэрэг жүжгээ амилуулж, тайзны урлагт байр сууриа бэхжүүлэхээр хөдөлмөрлөж байх үед бүгд загвар өмсөгч Д.Пүрэвсүрэнг л харж, гоо үзэсгэлэнг нь биширдэг байлаа. Харин би түүний эсрэг дүрийг бүтээгч, жүжигчин Г.Отгонцэцэгийг "харж явдаг" байв. Түүнийг урлагийн тайзан дээр гарахаас нэлээд хэдэн жилийн өмнө "Монголын сайхан бүсгүй" тэмцээний тайзан дээрээс олж анзаарсан маань ч нөлөөлсөн байж магад.
2003 он доо. "Монголын сайхан бүсгүй"-н тайзан дээрх гоо бүсгүйчүүдийн дундаас өндөр нуруу, төгс галбир, нүдний гал цогоороо аргагүй ялгарсан, ёстой л томск шиг дүүхэлзсэн бүсгүй байж билээ. Тэрээр “Хувьсал”-ын тайзан дээрээс ч авьяас чадвар, гадаад төрхөөрөө ч яг тэгж тодхон гялтганаж байсан юм.
2007 онд “Би хүсэхгүй байна” жүжиг тайзнаа тавигдахын өмнөхөн анх удаа түүнтэй нүүр тулан уулзаж, ярилцаж байлаа. Би тэр үед гуравдугаар курсийн оюутан, “Хүмүүс” сонинд сэтгүүлчээр ажиллаж байсан юм. Соёлын төв өргөөний хоёр давхарт товлосон цагтаа хүрч очиход, энгийн богино ханцуйтай цамц, богино өмд, хөнгөн кет өмсөж, үсээ толгойн орой дээрээ боосон тэрээр нүүр дүүрэн инээмсэглэл тодруулсаар гарч ирснийг тодхон санаж байна. Хөнгөн кеттэй хэрнээ л надаас хэд дахин өндөр мэт санагдаж байсан сан. Тэгшхэн урт хөл... хэт туранхай биш, сул унжсан зүйлгүй, булчинлаг... нэг тийм харц булаам гуя байдаг даа... хэлбэрлэг өгзөг, галбирлаг бэлхүүс... эргэлдэж гялтганасан нүд, тэгээд бас их гоё хэлбэртэй уруултай байсан юм аа. Эр хүн байтугай, эм хүн дуу алдмаар тийм гоо бүсгүй өөдөөс минь харж суучихаад, гал цогтой инээд алдаад л... сэтгэл хөдлөлдөө автаж, үе үехэн босож, хажуугаар минь томск шиг дүүхэлзэж алхаад л... элдэв чимэг зүүлт, хачир маяггүй энгүүн яриа өрнүүлсэн. Үндэсний хэмжээний сонинд анх удаа нүүр дүүрэн ярилцлага өгч буй тэр бүсгүйн надад итгэж ярьсан зүйлсийг огтхон ч хачирлалгүй, яг л миний сэтгэлд төсөөлөгддөг тэр төгс сайхнаар нь уншигчдад хүргэх юм шүү гэж бодож билээ. Харамсалтай нь, Отгоогийн гэрэл зургаар сониныхоо нүүрийг чимэхээр шийдсэн редактор маань олны анхаарлыг татахын тулд миний огт хүсээгүй гарчигийг өгчихсөн юм. “Ингэж ч хэлээгүй л дээ...” гээд ярианых нь утга гуйваад байгааг редактортаа тайлбарлах гэж оролдсон боловч их сургуулиа ч төгсөж амжаагүй дадлагын шахам оюутан-сэтгүүлчийн эрх мэдэл тэр шийдвэрт нөлөөлөхөд даанч жулдсан.
Маргааш нь яг таамаглаж байсны дагуу Отгоогоос дуудлага ирлээ. “Нүүр улайхааргүй сайн ярилцлага нийтэлж, сониноо өөрийн биеэр аваачиж өгөөд тэр бүсгүйтэй найзалж нөхөрлөнө дөө” гэсэн далд хүсэл минь хэдийнэ замхарчихсан. Түгшиж бэргэсээр л утсаа авсан. Отгоо ч утасны цаанаас ёстой л хашхичиж гарсан даа. Хашхичихаас ч өөр аргагүй. Намайг учраа тайлбарлахад тэр ч бас найруулагчийнхаа, продакшныхаа өмнө ямархан хариуцлага хүлээдгээ тайлбарлаад утсаа тасалсан.
Түүнээс хоёр жилийн дараа буюу 2009 онд “Орхидос” киноны нээлтийн дараахан бид ажил хэргийн журмаар хоёр дахиа уулзсан юм. Тэр үед Отгоо Улсын драмын эрдмийн театрт, харин би “Өнөөдөр” сонинд ажиллаж байлаа. Миний аз болоход, тэр намайг таниагүй. Яаж ч таних вэ дээ.
Харин түүний дүүхэлзсэн алхаа, төгс галбир, гал цогтой инээд, энгүүн яриа надад танил хэвээрээ байлаа. Тэгэхэд би өөрийнхөө жинхэнэ хүсэж байсан ярилцлагыг хийж, сониндоо нийтлүүлээд маргааш нь хайртай уран бүтээлчтэйгээ нүүр бардам уулзсан даа. Тэр ярилцлага маань “Эмэгтэй хүн бол араатан” гэсэн хурц гарчигтай ч хоёуланд маань таалагдсан. Тэгж л би хоёр жилийн өмнө сэтгэл нь гонсгор үлдсэн түүнд өрөө тэглэж, өөрөө ч багахан уужирсан юм.
Хоёр дахь удаагаа уулзахад гоо сайхны багахан ажилбараас болоод нүднийх нь гал цог, уруулынх нь хэлбэр алдагдаад, урмыг минь жаахан хугалж билээ. Гэвч түүний авьяас чадвар урьдынхаасаа хэд дахин ахисныг тухайн үед дэлгэцнээ гарч байсан “Орхидос”, “Боолын гэрээ” кинонуудад урласан дүрүүд нь батална.
Дэлгэцийн бүтээл дээр тодоос тод гялалзаад байсан одод сонгодог урлагийн тайзан дээр гараад бүдгэрчихсэн, уначихдаг. Тэгж бүдгэрч буй жүжигчдийг, тэр дундаа эмэгтэй уран бүтээлчдийг олныг ч харж байлаа. Харин Отгонцэцэг анхнаасаа л тайзан дээр байхаар заяагдсан нэгэн мэт. Дэлгэц төдийгүй тайзны уран бүтээлийн алинд нь ч бусдаасаа тод гялалзаж гялтганаж чаддаг уран бүтээлч. Загварын тайзан дээр ч ялгаагүй.
“Парисын дарь эхийн сүм”, “Манекен”, “Шөнө дундын бүжиг”, “Гамлет”, “Гоолингоо”... тэр тоглож буй дүрээ зүгээр ч нэг бүтээдэггүй, дахин давтагдашгүй, зөвхөн жүжигчин Отгоогийнх болгон урладаг бүсгүй. Тэр дундаа эсрэг дүрийг жинхэнэ урлана, шигтгэнэ, урж тасдана. Тоглосон жүжгүүдийг нь хараахан үзэж амжаагүй бол та “Орхидос”, “Аюултай харилцаа” зэрэг киноноос энэ чадварыг олж харсан л байх. Нөгөөтэйгүүр, Отгоод наалинхайтаж, нахилзсан жирийн нэгэн даруухан охины дүр хэзээ ч тохирохгүй мэт санагддаг. Хувь хүнийх нь дотроос буцалж байдаг гал цог нь тийм дүрээс давж гэрэлтээд байдаг учраас тэгж санагддаг байх. Гэвч тэр “Боолын гэрээ” киноны Булгаа шиг сул дорой, эгэл жирийн эмэгтэйн дүрийг ч, Эсмеральда шиг, Гоолингоо шиг, Шубира шиг хувь тавиланд богтлогдсон бүсгүйчүүдийн дүрийг ч урлаж чадсан. Ер нь тэр ямар ч үед хамтрагчдаасаа илүү тод гялалзаж, хамтран тоглогч эрэгтэй жүжигчнээ илүү тодотгож, эсрэг дүрээ “дарж” гэрэлтэж чаддаг юм шиг ээ. “Би л ганцаараа ингэж боддог байж ч магад” гэж эргэлздэг л байлаа. Харин “Гэнэтийн бэлэг” дуулалт жүжгийн үеэр хамт сууж байсан эгч маань “Тэр цагаан хувцастай нь хэн бэ? Энэ бүсгүйг гараад ирэхээр л бусад эмэгтэй жүжигчид нь бүдгэрчих юм” гэж чихэнд минь шивнэж билээ. Түүнээс хойш би энэ бодолдоо улам ч итгэлтэй болсон.
Ер нь би монгол эмэгтэй жүжигчдээс тийм ч олон хүнийг хайрлаж, бишрээд байдаггүй. Дээр хэлсэнчлэн тэдний дийлэнх нь дэлгэцэнд гялалзаж гялтганаад, тайзан дээр очиж бүдгэрээд, эсвэл тайзан дээр гэрэлтээд, дэлгэцэнд очихоороо урам хугалаад байдаг учраас тэр. Харин хаанахынх ч тайз, дэлгэцнээ урмыг минь өчүүхэн төдий ч хугалж байгаагүй тэр бүсгүй одоо амраг хань, алаг үрээ халамжлан, амьдралаа урлаж яваа. Урлагийн хамтрагчаа тодотгон чимдэгийнхээ нэгэн адилаар дэргэдэх ханиа чимж, өөрийг нь өөнтөглөж харсан харц бүрийг гал цогтой инээдээрээ тас намжирдан гэрэлтэж л яваа байх даа.
Эх сурвалж: Сэтгүүлч Ц.Баттуяагийн "Дотоод алс" номоос 2021.01.05