Үндсэн хуулийн дугуйлан төслийн хүрээнд Иргэдийн шударга шүүх ТББ-тай хамтран ажиллах байгууллагууд санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнгөрөгч Бямба гарагт буюу 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр боллоо. Иргэдийн шударга шүүх төрийн бус байгууллагаас энэхүү төслийн хүрээнд хамтран ажиллахаар нийт 14 олон нийтийн байгууллагад урилга хүргүүлснээс 7 байгууллага ирж хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Арга хэмжээнд хүрэлцэн ирсэн байгууллагууд болон тэдгээрийн төлөөллийг дурдвал:
- Худалдаачдын холбооны тэргүүн- Э. Урантөгс
- Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нам- Б.Саранцэцэг
- Монголын оюутны холбооны- ЕНБД Н.Мягмарсүх
- Хамуг монголын хөдөлмөрийн намын дарга -Б.Одсүрэн
- Хөгжлийн хөтөлбөр намын дарга- О.Заяа
- Монголын залуучуудын холбооны тэргүүн- О.Гэрэлт-Од
- Монголын хараагүйчүүдийн холбооны тэргүүн- Д.Ганбат нар ирж үндсэн хуулийн дугуйлан төсөлд идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.
Нээлтийн үйл ажиллагааг Иргэдийн Шударга Шүүх ТББ-ын Тэргүүн Х.Бат-Ялалт үндсэн хуулиа нийтээрээ судалцгаая, Монгол улсын бүх иргэд үндсэн хуульд захирагдаж, эх орондоо эзний ёсоор сайхан амьдарцгаая хэмээн уриалж үйл ажиллагааг эхлүүлсэн юм.
Мөн тэрээр хэлэхдээ “21 аймагт хамтран ажиллах санамж бичиг байгуулах санал хүргүүлснээс 19 аймаг нь зөвшөөрсөн хариу ирүүлсэн бөгөөд 2 аймаг нь төсөвт тусгаагүй гэсэн үндэслэлээр татгалзсан хариу ирүүлсэн. Татгалзсан байгууллагууд болон аймгууд уг төслийг мөнгөний төсөл санаачлаад байна гэж харж байгаа бололтой. Миний санаачилсан уг үйл маань ямар ч мөнгө санхүүд хамаагүй. Нийтээрээ бүгд Монгол улсынхаа үндсэн хуулийг мэддэг болчихвол хуулиа хэрэглэдэг хуульд захирагддаг ард түмэн болж сайхан амьдрах л чин хүсэлтэй байгаа юм” хэлэв.
Үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгч нар бүгд сайн дураараа эвлэлдэн нэгдэж, Иргэдийн шударга шүүх төрийн бус байгууллагаас санаачилсан үйл ажиллагаанд гар бие оролцон Монгол улсынхаа төлөө хамтдаа зүтгэх хүсэлтэйгээ илэрхийлсэн юм. Хамтран ажиллах байгууллагуудын цаашдын ажилд нь амжилт хүсч, хамтдаа дурсгалын зургаа татуулан, үйл ажиллагаа өндөрлөсөн юм.