Засгийн газрын өнгөрсөн сарын 16-ны өдрийн хуралдаанаар ХАА-г дэмжин хөгжүүлэх үүднээс гурван хувийн хүүтэй 400 тэрбум төгрөгийн зээл гаргахаар шийдвэрлэсэн юм. Үүнээс газар тариалангийн салбарт 100 тэрбум төгрөгийн, хүнсний ногоочдод 50 тэрбум төгрөгийн зээлийг тус тусад нь олгох юм. Уг хөнгөлөлттэй зээлийг өнөөдрөөс арилжааны банкуудаар дамжуулан олгож эхлэлээ. Үүнд,
- Ноолуур бэлтгэлд 150 тэрбум төгрөг
- Ноос бэлтгэлд 25 тэрбум төгрөг
- Арьс шир бэлтгэлд 15 тэрбум төгрөгийн зээлийг тус бүр хоёр жилийн хугацаанд,
- Гурил тэжээл бэлтгэл, үйлдвэрлэлд 40 тэрбум төгрөгийн зээлийг нэг жилийн хугацаанд олгож эхэллээ.
Өмнө нь нэг жилээр олгодог байсан уг зээлийг энэ оноос хоёр жилийн хугацаатай болгож байна. Өнгөрсөн жил ХАА-н салбарыг дэмжих зээлийг 629 иргэн, ААН-д 43.3 тэрбум төгрөгөөр олгож байв. ХАА-н салбарынхан дээрх зээлийг авах нөхцөл, шаардлага нь
- Аймаг, орон нутгийнхаа Хүнс, ХАА-н газарт бүртгүүлсэн байх,
- НӨАТ төлөгч гэдгээ баталсан баримт бичиг, эсвэл уг татвараас чөлөөлөгдсөн байх,
- Газартай буюу түрээсэлж буй гэрээтэй байх,
- Санхүүжилт шаардлагатай байгаагаа нотлох бичиг баримтыг бүрдүүлж,
- Банкнаас тавих бусад шаардлагыг биелүүлсэн байх юм.