УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганаар Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзжээ. Тэд гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг бууруулах боломж шийдэл, гарцын талаар санал солилцсон байна.
Уулзалтад гурил үйлдвэрлэгчид болон тариалан эрхлэгчдийн холбооны төлөөллөөс гадна УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, Г.Ганболд, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан нар оролцжээ. ХХААХҮЯ-наас өгсөн мэдээллээр өнгөрсөн намар нөөцийн мах бүрдүүлэх чиглэлээр 23 аж ахуйн нэгжид 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож, нийт 12,7 мянган тонн махыг нөөцөлсөн байна. Нөөцийн махыг өнгөрсөн гуравдугаар сарын 25-наас эхлэн худалдан борлуулж эхлээд байгаа. Нийслэлд 400 гаруй хүнсний дэлгүүрт үхрийн мах нэг килограмм нь 8900 төгрөгөөр, хонины мах 8300, ямааны мах 7100 төгрөгөөр зарж байна. Цаашдаа нөөцийн махныг жижиглэнгээр бус гулуузаар нь борлуулбал үнийг нь 1000 төгрөгөөр бууруулах боломжтой гэж Махны холбооноос мэдэгджээ.