"Лантуун дохио" ТББ-аас "Ид шидийн орон" жишиг төвийг орон нутагт бүтээхээр тендер зарласан билээ. Тэгвэл тендерийн сонгон шалгаруулалтын эцсийн дүн гарч, жишиг төв байгуулах аймгаар Дундговь тодорсон байна.
Тендерт нийт есөн аймгаас нэгдүгээр шатанд материал илгээж, хоёрдугаар шатанд тус есөн аймгаас нэмэлт мэдээллийг авч сүүлийн шатанд Дорноговь, Дундговь аймгууд шалгарчээ.
Дөрөвдүгээр сарын 11-12-ны өдрүүдэд "Лантуун дохио" ТББ-аас зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг хоёр аймгийг зорьжээ. Улмаар дэд бүтэц, газар, байршил, аймгийн нөөц боломж, иргэд болон иргэний нийгмийн байгууллагын оролцоо, төсөл хэрэгжүүлэх баг хамт олон, орон нутгийн дэмжлэг гээд бүхий л боломжуудыг судалж шалгаруулжээ.
Ташрамд дурдахад, "Ид шидийн орон" жишиг төвийг 21 аймагт байгуулах зорилготой бөгөөд бусад аймгуудад ч боломж байгаа гэдгийг холбогдох хүмүүс хэлж байна.