Нийслэлийн Засаг даргын баталсан хуваарийн дагуу Хот байгуулалт, хөгжлийн газрын орлогч дарга М.Шижирбаяр, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны орлогч дарга Б.Загдсамбар нар өнөөдөр Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Мишээл” салбарт иргэдтэй уулзлаа. Уулзалтад Хот байгуулалт, хөгжлийн газрын Хэсэгчилсэн төлөвлөлтийн хэлтсийн дарга М.Мэндсайхан, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Т.Мөнхцогт, НЗДТГ-ын Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн ажилтан Х.Ганбаатар нар оролцсон юм.
Уулзалтад Сүхбаатар дүүргийн иргэд газартай холбоотой тулгамдаж буй асуудлаа шийдүүлэх хүсэлтэйгээ илэрхийлэв. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны иргэн А.Соёл-Эрдэнэ тус хороо Үндэсний урлагийн их театрын төлөвлөлтөд 2020 онд орж, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба оршин суугч нартай гэрээ байгуулсан. Гэтэл одоог хүртэл гэрээний дагуу мөнгө орж ирээгүй иргэдийг хохироож байгааг хэллээ. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны орлогч дарга Б.Загдсамбар гомдол гаргасан иргэний хүсэлтийг хүлээн авч, тухайн газрыг дахин үнэлүүлж, асуудлыг шийдье гэв.
Мөн Сүхбаатар дүүргийн иргэн П.Мягмарсүрэн тус дүүргийн 20 дугаар хороонд гурван хүний эзэмшлийн гэрчилгээтэй газрыг бусдад давхардуулан олгосон гэх асуудлаар хандаж, уг асуудлыг шийдэж өгөхийг хүслээ. Энэ асуудлаар Газар зохион байгуулалтын албанд хандсан боловч шийдүүлж чадаагүй байна. Түүний эзэмшлийн газарт өөр өрх хашаа татаж, байшин барьжээ. Иймд холбогдох албаныхан газрын эзэмшигч хууль бусаар барьсан байшинг албадан буулгах бүрэн эрхтэйг дуулгав. Мөн иргэний гомдлын дагуу Газар зохион байгуулалтын албаны албан хаагчид алдаа гаргасан тохиолдолд дотоод хяналтын байгууллагаар шалгуулж, шийдвэрлүүлэх болно гэлээ.