Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны дөрөвдүгээр сарын 20-нд буюу өнөөдөр боллоо. Хуралдаанаар олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийн дагуу авто дизелийн онцгой албан татварын хэмжээг 2022 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл бууруулж, тонн нь “O”төгрөг болголоо. Уул уурхай, газар тариалан, бүтээн байгуулалтын ажлын бэлтгэл эхлэх энэ үед дизелийн түлшний үнийг өнөөгийн түвшинд тогтвортой хадгалах, хангамжийг тогтвортой байлгах нь оновчтой гэж Засгийн газар үзсэн байна.
Дотоодын зах зээлд борлуулж байгаа дизелийн түлшний хангамж, нийлүүлэлт, жижиглэнгийн үнийг тодорхой түвшинд байлгах холбогдох арга хэмжээг авч, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуун нарт даалгалаа.
Манай улс 2018 онд дизель түлшнээс бусдынх нь онцгой албан татварыг тэглэсэн юм.