Хөтлөгч Э.Энхзориг:
Энэ өдрийн мэнд хүргэе. Миний хувьд өөрийн бүх эд хөрөнгөө Хар сарнай хамтлагийн дуучин С.Амармандахад дээрэмдүүлээд 6 сар болж байна. Цагдаагийн байгууллагад хандсан ч шийдэгдэж өгөхгүй байна. Энэ хүнд бүх эд хөрөнгөө алдаад зогсохгүй одоо 2 өрөө байраа хүртэл алдах хэмжээнд орчихлоо.
- 2019 онд манай найз Хосбаяр БНСУ-ын иргэнтэй хамтарч ажиллахаар болж, баруун 4 замд байрлах Gem palace -ийн 17 давхарт цайны газар ажиллуулаад хэдэн сар ажилласны дараа дампуурсан. Энэ үед БНСУ-ын иргэн хаяад нутаг руугаа явсан. Энэ үед надад хандаж, хамтрах санал тавьсан. Гэр бүлийнхээ хүнтэй зөвлөлдөөд нэг тохироотойгоор хамтрахыг зөвшөөрсөн. Ингэхдээ цайны газар биш лоунж хэлбэрээр ажиллуулахаар тохирсон. Улмаар өндөр зэрэглэлийн лоунж болгосон.
Гэтэл 2020 оны 9 дүгээр сард "Хар сарнай" хамтлагийн ахлагч С.Амармандах энэ барилгын В1 давхарт баар нээх гэж байгаа, манайх гал тогоог чинь ашиглая гэсэн. Ингэхдээ чи хувьцаагаа надад шилжүүлээд миний дор ажилла гэсэн. Би ойлгоогүй, боломжгүй гэдгээ хэлтэл "Чи урлагийн дүү биш байсан бол би зодоод хөөгөөд гарна. Манай найзууд энэ барилгын удирддаг шүү. Хууль шүүхийнхэн миний халаасанд байна, дүү минь чи бодолтой байгаарай" гэж хэлээд өөрийнхөө саналыг тулгасан. Би чинь хуультай, тусгаар Монгол улсын иргэн хүн шүү дээ.
Үүнээс хойш нэг жилийн хугацаанд талбай түрээслэгч газруудын зүгээс дарамт ирж эхэлсэн. Есдүгээр сард манай газрыг лацдсан. Таван жилийн гэрээтэй байтал манай гэрээг түрээс дутуу төлсөн гээд цуцлаад хөөчихсөн. Амармандах наад хүмүүсээ хурдан гарга гэж шаардаад байна гэж хэлж байгаа бичлэгүүд нь ч бий.
2021 оны 11 дүгээр сарын 1-нд Хан-Уул дүүрэг дэх Дэлгэр интернэшл ХХК-ийн агуулахад тохижилтын эд хөрөнгөө агуулахад аваачиж тавьсан. Гэтэл 17 хоногийн дараа агуулахаас авах гээд очтол цоожийг нь эвдсэн байсан. Ингэхдээ гурван портер машинаар агуулахад аваачиж байрлуулсан эд хөрөнгийг зөөсөн. 120-130 сая төгрөгийн тохижилтын эд хөрөнгө байсан юм. Гэтэл маргааш нь цагдаагийн байгууллагаас над руу залгасан. Миний эд хөрөнгийг олсон гэхээр нь очтол хуучин миний ажиллуулж байсан газар аваачиж тавьсан байсан.
Найман цагийн дараа гурван цагдаа ирж хэргийн газрын үзлэг хийнэ гэж ирсэн мөртлөө удалгүй явчихсан. Хэрэг одоо болтол цагдаагийн байгууллагад шийдэгдэхгүй байна. Би 382 сая төгрөг нэхэмжилнэ гэдгээ хэлсэн. Гэтэл цагдаа дээр очихоор хуурамч бичиг баримтууд гаргаж өгсөн байсан. Манай хэрэг дээр гурван мөрдөгч солигдсон. Хоёр дахь мөрдөгчийг дөрвөн газарт гомдол өгч шалгуулсан.
Хэд хэдэн үл хөдлөхийн зуучлалуудаар 420 сая төгрөгөөр зарах зар тавиад байгаа юм. Тэрбумтан хүн байж яагаад ингэж дээрэлхэж байгаа хэрэг вэ. Олны танил хүн намайг хүнд байдалд орууллаа. Одоо байраа алдахад хүрчихээд байна. Хууль зүйн сайд Х.Нямбаатар сайдаа эл хэрэг үнэн зөвөөр шийдэгдэхэд туслаад өгөөч гэж гуйж байна. Миний хувьд нөлөөлөл гэх зүйл их байна гэж харж байгаа. Ядаж орон гэрээ алдахгүйн тулд хөлөө хүрэх газраа явсаар байна. Дээрэмдсэн хүн нь үйл ажиллагаа явуулж сүүлдээ бүр зарна гээд явж байна. Гэтэл жинхэнэ эзэн болох би байраа алдахад хүрчихээд байж байна.