“Нийслэлийн усны тулгамдсан асуудал ба шийдэл-2022” хэлэлцүүлэг болж байна. Хэлэлцүүлэгт усны болон байгаль орчны салбарын төр, хувийн хэвшлийн байгууллага, иргэний нийгмийн байгууллага, олон улсын байгууллага, иргэн, аж ахуйн нэгж, эрдэм шинжилгээний байгууллагын 250 гаруй төлөөлөл оролцож буй. Тус хэлэлцүүлгийг НЗДТГ Монголын Мянганы сорилтын сантай хамтран зохион байгуулж байгаа юм.
Д.Сумъяабазар: Төвлөрөл, түгжрэл, агаар, ус, орчны бохирдлын суурь шалтгаан нь бодлогын алдаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хэлэлцүүлгийг нээж “Нийслэлд нийт хүн амын 48.1 хувь, их, дээд сургууль, худалдаа, үйлчилгээний салбарын 80-90 хувь нь төвлөрч байна. Төр, орон нутгийн засаг захиргааны байгууллага, хувийн хэвшил, олон улсын болон төрийн бус байгууллагууд үйл ажиллагаагаа уялдуулан нэгтгэж, нэгдсэн бодлоготойгоор нийслэл хотын усны асуудалд анхаарал хандуулах шаардлага үүссэн. Хүн амыг аюулгүй усан хангамжаар хангах, иргэдийн амь нас, эд хөрөнгө, хотын бүтээн байгуулалтын ажлыг үер усны эрсдэлээс урьдчилан сэргийлэх, усыг дахин ашиглах зэрэг усны салбарын олон асуудал бидэнд тулгарч байна. Эдгээр асуудлын үндсэн шалтгаанд замбараагүй газар олголт, газар ашиглалтаас хамааралтай хөрс, ус, орчны бохирдол ихээхэн нөлөөлж байгаа. Мөн төрийн байгууллага болон хууль, дүрэм, журам, стандарын баримт бичгийн нийцэл, уялдаа холбооноос ихээхэн хамаарч байна.
Нийслэлийн хувьд 1990 оноос хойш Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталж ирсэн боловч тэр бүр хэрэгжүүлээгүй, бодлогын алдааны үр дагавар нь өнөөдрийн “төвлөрөл-түгжрэл-агаар, ус, орчны бохирдол”-ын суурь шалтгаан юм. Өсөн нэмэгдэх иргэдийн ундны ус хангамжийн хэрэглээг хангахын тулд бидэнд гадаргын усыг цэвэршүүлэн ашиглах, цэвэрлэх байгууламжаас цэвэрлэгдээд гарсан усыг цэвэршүүлэн эргүүлэн ашиглах замаар усыг зүй зохистой хэрэглэж, усны сан бүхий газрынхаа эрүүл ахуйн бүсийг хамгаалж, ирээдүй хойчдоо устай хотыг үлдээх нь нэн тэргүүний тулгамдсан асуудал болно.
Бид агаар, орчны бохирдол, замын түгжрэлийг бууруулж, арилгах бүрэн боломжтой бол хэзээ ч тохиож болох байгалийн гамшгаас зайлсхийх, усыг тарьж ургуулах боломжгүй гэдгийг ухамсарлан, нэн тэргүүнд чухалчлан авч үзэж ажиллах шаардлагатай.
Мөн Нийслэл Улаанбаатар хотын хууль, эрх зүйн шинэ орчин, төрөөс үзүүлж буй бодлого, улс төрийн дэмжлэг нь бидэнд үнэт цаас гаргах, концесс олгох, нийслэлийн хөгжүүлэх санг байгуулах зэрэг санхүүжилтийн шинэ механизмуудыг ашиглах цоо шинэ боломжийг бүрдүүллээ. Нийслэлийн иргэдийн амьдрал ахуйтай шууд холбоотой байгаль орчин, усан сан бүхий салбарын нэгдсэн менежмент, бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэхэд бүх талын хамтын ажиллагааны оролцоо чухал” хэмээсэн юм.
Майкл С.Клечески: Компакт гэрээ нь Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлнэ
АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клечески “Дэлхий дахинд усан хангамж, усны хүртээмжийн асуудал санаа зовоож байна. Уур амьсгалын өөрчлөлт олон бэрхшээл, сорилтыг бий болгож, байгалийн нөөц баялгийг хариуцлагатайгаар ашиглахыг шаардаж байна. Энэ асуудал Улаанбаатар хотод ч тулгамдаж байна. Усны асуудлыг шийдвэрлэхэд АНУ томоохон хувь нэмэр оруулж байгаадаа баяртай байгаа. Мянганы сорилтын корпорац Монгол Улсын Засгийн газар хооронд байгуулсан Компакт гэрээ нь маш чухал хөтөлбөр бөгөөд 350 сая ам.долларын санхүүжилт бүхий буцалтгүй тусламжаар дэвшилтэт технологи ашиглан, Улаанбаатар хотын нийт усан хангамжийг нэмэгдүүлж, урт хугацааны санхүүгийн, байгаль орчны тогтвортой байдлыг цогц байдлаар хангахад оршино. Мөн усыг дахин боловсруулж ашиглах дэд бүтцийг байгуулна” гэлээ.
Хэлэлцүүлгээс уриалга гарсан бөгөөд оролцогчид болон илтгэгчид гарын үсэг зурж, нэгдэж байгаагаа илэрхийлж байлаа.
Ундны усны хориглолт, хязгаарлалтын бүсэд 14 мянга гаруй иргэн, хуулийн этгээд байна
Хэлэлцүүлгийн эхэнд Хот, нийтийн аж ахуйн салбарын өнөөгийн байдлын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд илтгэл тавилаа. Тэрбээр “Газар зохион байгуулалтын албанаас Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолт, хязгаарлалтын бүсийн газар олголтын нарийвчилсан судалгааг гаргасан. Хориглолтын бүсэд 3784, хязгаарлалтын бүсэд 10.539 иргэн, хуулийн этгээд байна. Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж ихээхэн химийн бохирдолтой ус хүлээж авч байгаагаас үйл ажиллагаа нь доголдох болсон. Мөн гэр хорооллын өрхийн 144.9 мянган нүхэн жорлон, гудамжид ил задгай асгах угаадас нь агаар, хөрсний бохирдлыг ихэсгэж, бороо, үерийн усаар дамжин гол бохирдуулах, улмаар гүний худгуудад сөргөөр нөлөөлж байна” хэмээлээ. Үүнтэй холбоотой хэд хэдэн судалгааг мөн иш татсан юм.
Н.Нацагдорж: Туул, Улиастай, Сэлбэ голоо сувагчилж, тогтмол урсацтай болгох хэрэгтэй
Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, ус хангамж, инженерийн бэлтгэл арга хэмжээний төлөвлөлтийн талаар Нийслэлийн Ерөнхий архитектор Н.Нацагдорж:
-Улаанбаатар хотын анхны ерөнхий төлөвлөгөөг 1954 онд боловсруулж, 125 мянган хүнтэй байхаар төлөвлөсөн байдаг. Үүнээс хойш таван үе шаттай ерөнхий төлөвлөгөө хийж, 2020 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөнд Улаанбаатар хотын хүн амыг 500 мянга байна гэж төсөөлж байсан. Гэтэл өнөөдөр 1.6 сая хүн амтай болсон. Нийслэлчүүд бүх хэрэглээндээ маш сайн гүний ус хэрэглэдэг ч дамжуулах шугамаараа муу болж иргэдэд очдог.
Нийслэлчүүдийн усны хоногийн хэрэглээ 160 мянган метр куб байна. Цэвэр усны шугамын урт 586 км ч 40-өөс дээш жилийн насжилттай 68.9 км, 20 жилийн насжилттай 229 км шугам бий. 2040 оны ерөнхий төлөвлөгөөнд нийт усны хэрэглээний 50 хувийг гүний уснаас, 25 хувийг гадаргын уснаас, үлдсэн хувийг цэвэршүүлсэн уснаас хангахаар тусгасан.
Сүүлийн үед Улаанбаатар хот барилгажиж байна. Хөрсний ус хөрсөөр дамжин агаараа чийгшүүлж байдаг. Барилгажсанаас болж агаараа чийгшүүлэх нь багасдаг. Агаар хуурайшихаар хур тунадасны хэмжээ багасдаг. Тэгэхээр Туул, Улиастай, Сэлбэ голоо сувагчилж, тогтмол урсацтай болгон, нуур, цөөрөм хийж, агаараа чийгшүүлэх хэрэгтэй. Мөн ногоон байгууламжаа нэмэгдүүлж, гэр хорооллын айлуудаа моджуулбал агаар чийгшиж, энэ хэрээр хур тунадасны хэмжээ нэмэгдэнэ.
Хотын ундны усны эх үүсвэр зүүн талдаа байдаг. Баруун талд Мянганы сорилтын сангаас хоногийн 140 мянган метр куб нөөц бүхий усан санг бий болгож, дамжуулах шугамын ажил 50 хувьтай байгаа. Мөн саарал усыг цэвэршүүлэх бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. Түүнчлэн үерийн ус зайлуулах шугам сүлжээ маш муудсан. Нийт 153 км шугам, сүлжээ байдгаас 30 жилээс дээш настай, үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон 92.7 км шугам байна. 2040 оны хүртэлх хөгжлийн төлөвлөгөөнд 270 км үерийн шугам, борооны ус зайлуулах 464 км шугам, хөрсний ус зайлуулах 82 км шугам байгуулахаар төлөвлөсөн. Туул голоо 57 км сувагчлахаар төслүүд хийсэн. Ингэснээр Туул гол тогтмол урсацтай болж, усан тээвэр хөгжих боломжтой болж, агаарын чийгшил нэмэгдэнэ хэмээлээ.
Ц.Төрхүү: Улаанбаатарын ундны усны чанар, эрүүл ахуйн байдал бүрэн хангагдсан
Улаанбаатар хотын ус хангамжийн аюулгүй байдал сэдвээр “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-ын дарга Ц.Төрхүү илтгэл тавилаа. Тэрбээр “Манай байгууллага Улаанбаатар хотын иргэдийг стандартад нийцсэн ундны усаар хангаж, гарсан бохирыг татан зайлуулах үүрэгтэй. Усны 10 эх үүсвэр, гүний 218 худаг, 10 усан сан, долоон насос станц, дахин дамжуулах 13 насос станц, сүлжээний 13 усан сан, цэвэр усны 586 км, бохир усны 230 км гаруй шугам бий. Нийслэлчүүд хоногт 150-170 мянган метр куб ус хэрэглэж байна. Манайх усыг газрын гүнээс авахаас хэрэглэгчдэд хүрэх хүртэл нь хянадаг. Эх үүсвэрийн талбайд шинжилгээ, судалгаа авдаг 18 цэг байна. Мөн байнгын хяналтын суурин таван цэг бий. Энэ нь газрын гүний усны чанар, түвшин, бүтэц, бохирдлын мэдээллийг өдөр тутам өгдөг. Хяналт, удирдлагын төв 2018 онд байгуулагдсан. Энэ төвөөс бүх салбар цэгээ хянаж, удирддаг. Мөн ундны усны чанарыг лабораториор хоногт 100 гаруй цэгээс 100 гаруй элементээр хянадаг. Жилд 5000 сорьц авдаг. Манай лаборатори Монгол Улсдаа номер нэг, Азидаа эхний гуравт ордог. Ажилтнууд маань гадаадад боловсрол эзэмшсэн.
Улаанбаатар хотын ундны усны чанар, эрүүл ахуйн байдал бүрэн хангагдсан гэж хөндлөнгийн шинжээчид үнэлсэн. Өнөөдөр бид газар шорооны ажил хийлгүй, шуудуу ухалгүйгээр, шугамыг доторлох ажил хийж байна. Энэ технологи бол хамгийн сүүлийн үеийнх. УСУГ-аас ус тасална гэж зар явуулахаа болиод гурван жил болж байна. Европчууд энэ технологийг ашигладаг. Цаашид дээрх технологийг бохирын шугамд ашиглахаар төлөвлөж байна” хэмээн ярив.
Үерийн хамгаалалтын далан сувгийн 36 хувийнх нь насжилт хэтэрчээ
Улаанбаатар хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний өнөөгийн байдал сэдвээр “Геодези, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ын Ерөнхий инженер С.Батсайхан “1995-2021 онд 45 удаа үер болсон. Үүний 60 хувь нь 2000-2009 онд тохиолдож байсан” гэв. 2020 онд болсон үерийн улмаас л гэхэд зургаан байршилд далан суваг эвдэрч, 60 барилга усанд автсан байна. Үерийн хамгаалалтын далан сувгийн 36 хувийнх нь насжилт хэтэрчээ. Ус зайлуулах шугам сүлжээний 22 хувийнх нь ашиглалтын хугацаа бүрэн дууссан байна. Судалгаагаар инженерийн бэлтгэл арга хэмжээ доогуур үнэлгээтэй гарчээ. Тус газраас үерийн хамгаалалтын далан сувгийн цэвэрлэгээ, үйлчилгээг жилд гурван удаагийн давтамжтай хийдэг.
Нийслэлийн усны чанар, аюулгүй байдалд хийсэн хяналт, шалгалтын нэгдсэн дүн, шаардлагатай арга хэмжээний талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрүүл ахуй, халдвар, хамгааллын улсын ахлах байцаагч Б.Баясгалан илтгэл тавьсан юм. Тэрбээр “Манай байгууллага улсын хэмжээнд жилд 1600 орчим дээжийг шинжилгээнд хамруулдаг. Хотын хэмжээнд 400 орчим дээжийг шинжилгээнд хамруулж байна. Нян судлалын шинжилгээгээр нийслэлийн хэмжээнд 2011 онд нянгийн бохирдол нийт сорьцын 16-17 хувьд илэрдэг байсан бол 2021 онд 3.6 хувь болж буурсан. Нянгийн бохирдлын түвшин буурч байгаа. Энэ нь дотоодын хяналтыг сайн хийсэнтэй холбоотой” хэмээв.