Улаанбаатар хотод дөрөв хүртэлх насны 175 мянган хүүхэд байдаг гэсэн статистик бий. Гэтэл сургуулийн өмнөх боловсрол олгодог байгууллага буюу цэцэрлэгийн тоо 674 байгаагийн ердөө 276 нь төрийн өмчийн цэцэрлэг. Эдгээр 276 цэцэрлэгийн нэг цэцэрлэг нь 250-275 хүүхэд хүлээн авах чадалтай гэж тооцвол 70 мянга орчим хүүхэд цэцэрлэггүй үлдэж буй. Тэдгээр хүүхдүүдийн 50 хувь нь хувийн цэцэрлэгт хамрагдана гэж тооцох юм бол 35 мянган хүүхэд цэцэрлэггүй үлдэж байгаа юм.
200 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болов
Улсын хэмжээнд бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулахад 270 гаруй цэцэрлэг шаардлагатай. Энэ хэмжээний цэцэрлэгийг богино хугацаанд улсын төсвийн хөрөнгөөр шийдвэрлэх боломжгүй. Тиймээс төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд энэ асуудлыг шийдвэрлэх гаргалгааг гаргажээ. Мөн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд Засгийн газраас 200 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болсон юм.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Засгийн газар 100 тэрбум төгрөгийг төсвийн тодотголд тавиад өгье. Та бүхэн тодотголоо хийгээд 100 тэрбумаа босго. Тэгээд 200 тэрбумын багц арга хэмжээний хүрээнд есдүгээр сарын 1 гэхэд цэцэрлэгийн сугалаа байхгүй, хүүхдүүдийг хамран сургах тойрогт нь цэцэрлэгт хамрагддаг болгоё. Энэ бол 2022 онд багтаан хийх ажил шүү. Шаардлагатай бол 2023 онд нэмж төсөв тавиад өгье. Хүүхдийн цэцэрлэгийн асуудлыг иж бүрэн шийдье.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:
-Улаанбаатар бол залуусын хот. Тиймээс залуу гэр бүлээ дэмжих үүднээс Засгийн газраас дорвитой бөгөөд даацтай шийдвэр гаргасан. Хотын иргэд хурдацтай өсөн нэмэгдэхийн хэрээр сургуулийн өмнөх боловсролын байгууллага болоод ерөнхий боловсролын сургуулийн хүрэлцээ хангамжийн асуудал тулгамдаж байдаг. Нийт боловсролын байгууллагуудын 53 хувь нь Улаанбаатарт байдаг. Тиймээс Боловсрол, шинжлэх ухааны яам, Нийслэлийн Боловсролын газартай нэг бодлогын хүрээнд үйл ажиллагаа явуулах учиртай. Бодлогын хувьд нэгдмэл шийдэлгүй явж ирсэн явдлыг Л.Энх-Амгалан сайдтай нэгдмэл болгохоор ойлголцон ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, боловсролын асуудалд хот, яам хоёр салаа үзүүргүй, давхар санаагүй хамтран ажиллаж буй юм.
Нийслэлийн хэмжээнд 57 байршилд ачаалал өндөртэй дүр зураг харагдаж байгаа. Бид БШУЯ болон мэргэжилтнүүдтэй ачаалал өндөртэй цэцэрлэгүүдэд онцгой анхаарахаар ярилцсан. Ялангуяа дөрөв хүртэлх насны хүүхэдтэй залуу эцэг эхчүүдийг ажиллаж, хөдөлмөрлөх боломжоор хангах юм. Ерөнхий сайд төсвийн тодотголоор хөрөнгө шийдэж өгөхөө амласан. Хүүхдийг сугалаагаар цэцэрлэгт хамруулна гэдэг XXI зуунд байж боломгүй. Ирээдүйн монгол хүнийг бэлтгэх, төлөвшүүлэхэд нийслэл болоод Засгийн газраас 200 тэрбум төгрөгийг хуваан гаргахаар болсон гэлээ.
УИХ нийслэлд бодлогын дэмжлэг үзүүлж байна, цаашдаа ч үзүүлнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон нийслэлийн удирдлагын баг УИХ болон Засгийн газрын анхаарлыг Улаанбаатар хотын хөгжилд хандуулан, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд томоохон дэмжлэгүүдийг авч чадсан. Тухайлбал, Улаанбаатар хотын хөгжлийг дэмжих түр хороог УИХ-д байгуулж, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн батлуулж, хотын томоохон асуудал болсон түгжрэлийг бууруулахад Засгийн газраас санхүүжилт авч чадсан, хот өөрөө төсвөө захиран зарцуулдаг болсон гээд олон жишээг нэрлэж болно. Харин энэ удаад цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх дэмжлэгийг мөн авч чадлаа.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
-Нийслэл бол манай улсын нийт хүн амын талаас илүү нь амьдран сууж буй хамгийн том хот. Том хот учраас асуудал нь ч том. Том асуудлыг жижиг бодлого, бага төсвөөр шийдэж чадахгүй. Амиа аргацаасан хэрэг болно. Улаанбаатар хотын хөгжлийг дэмжих түр хороо хатуудаа хатуу, зангидсан гар шиг байгаа. Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд гар татах, харамлах аргагүй. Хотын бүтээн байгуулалтыг дэмжихгүй, хөдөө орон нутагт үргүй байдлаар тараах байдал гаргавал хотоос сонгогдсон гишүүд нам үл харгалзан өөртэй чинь хариуцлага ярина шүү гэдэг шаардлагыг Сангийн сайдад хүргэсэн. Улаанбаатарт автобус шатсан тохиолдол хэд хэд гарсан. Тэдгээр автобусны ашиглалтын хугацаа дууссанаас шатаж байгаа. Шинэчлэх ёстой юу, ёстой. Гэтэл хөрөнгө мөнгөний асуудал л тулгамддаг. Мөнгө өгөөгүй байж асуудлаа шийд гээд Хотын даргыг шахаж болохгүй биз дээ. Улсын төсвийн хөрөнгийг шийддэг газар нь УИХ, Засгийн газар. Тиймээс УИХ бодлогын дэмжлэг үзүүлж байна. Цаашдаа ч үзүүлнэ. Харин дараа нь хариуцлага ярих эрх нээлттэй байгаа гэсэн юм.
БШУЯ-аас боловсруулсан 10 шийдэл
Энэ ондоо багтаан 28 цэцэрлэгийн барилгыг өргөтгөх болон шинээр барихыг төлөвлөж байгаа ч богино хугацааны зохицуулалтууд шаардлагатай байгаа юм. Тиймээс БШУЯ-наас цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх 10 шийдлийг боловсруулсан байна.
- Цэцэрлэгийн барилга шинээр барих, өргөтгөх
Ингэснээр шинээр баригдах цэцэрлэгт 1730 хүүхдийг, өргөтгөлөөр 825 хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжтой болно.
- Цэцэрлэгийн зориулалттай барилга түрээслэх
Ачаалал ихтэй бүсэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 10.886 хүүхдийг цэцэрлэгийн зориулалттай байр түрээслэх замаар цэцэрлэгтэй болгоно.
- Хувийн цэцэрлэгийн сул орон тоонд нэмэлт элсэлт авах
Хувьсах зардлыг төр дааж, нэмэлтээр 1300 орчим хүүхдийг хамруулна.
- Байгууллагын цэцэрлэгийг дэмжих
Одоогоор гурван байгууллага хүсэлт ирүүлсэн бөгөөд энэ шийдлийн хүрээнд 480 хүүхэд цэцэрлэгтэй болно.
- Хувийн цэцэрлэг байгуулах, өргөтгөх санаачилгыг дэмжих
Энэ шийдлийн хүрээнд 150 хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжтой.
- Өргөө цэцэрлэг барих ажлыг эрчимжүүлэх
- Орон сууцны 1 давхрыг цэцэрлэгийн зориулалтаар түрээслэх
- Хувийн хэвшил өөрийн газар дээр цэцэрлэг баривал төр худалдаж авах, түрээслэх
- Хүүхэд харах үйлчилгээг дэмжих
Ачаалал ихтэй 57 бүсэд хүүхэд харах үйлчилгээг дэмжсэнээр 5000 гаруй хүүхэд энэ үйлчилгээнд хамрагдах юм.
- Хоёр настай хүүхэд бүрд хувьсах зардал олгох
Үүнд, хүүхдийн 100 мянга, хүүхэд асрах 50 мянга, хоёр настай хүүхдэд олгох нөхцөлт мөнгөн тэтгэмж 150 мянган төгрөг гээд нэг хүүхдийн хувьсах зардлыг 300 мянган төгрөг байхаар тусгажээ. Ингээд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд шаардагдах зардлыг Засгийн газар, нийслэл хамтран гаргах нь зүйтэй бөгөөд дээрх шийдлүүдийг 2022 оны төсвийн тодотголд тусгахыг Монгол Улсын Ерөнхий сайд үүрэг болгосон юм.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан:
-Дээрх 10 шийдлийг хэрэгжүүлэхэд нийт 57.4 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй. Тус санхүүжилтийг шийдвэрлэж чадах юм бол энэ намар хичээлийн жил эхлэхэд 21 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломж байна. Нийслэлийн хэмжээний 37 мянган хүүхдээс 21 мянгыг хамруулах боломжтой болно.
Улаанбаатар хотыг төлөвлөлтийн дагуу хөгжүүлнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:
-Улаанбаатар хотыг төлөвлөлтийн дагуу хөгжүүлэх ёстой. Нэг хотхоны бүтээн байгуулалтыг эхлүүллээ гэхэд сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж, эрчим хүч, цэвэр, бохир усны хэрэглээг стандартын дагуу төлөвлөж, түүнийгээ дагаж мөрдөх ёстой. Ерээд оноос өмнөх Улаанбаатар хот тийм л байсан. Түүнээс хойших 30 жилийн хугацаанд үүссэн гажуудлыг засах гэж хичээж байна, бид. Нэлээд хүч шаардаж байна. Яг үнэнийг хэлэхэд, гажуудлыг засахын тулд 2-3 дахин их хүч зарцуулж байгаа. Тиймээс цаашдаа системтэй явахгүй бол хүнд юм байна. Хот төлөвлөлтөөрөө явна, БШУЯ бол багшаа бэлтгэж, сургахад анхаарах юм. Тухайн тойрогт нь чанартай, тэгш боловсролыг бий болгохын тулд сайн багш нарыг бэлтгэх шаардлагатай болоод байна. Сайн багш сайн цалин хүснэ биз дээ. Тэгэхээр эдийн засгаа нэгдүгээрт тавьж, хууль, эрх зүйн реформ хийх учиртай. Хааж, хориглож, боомилж байгаа бүхнийг цэгцэлнэ гэсэн юм.
Цэцэрлэгийн хүртээмжийг 100 хувьд хүргэж, бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулахын тулд 270 цэцэрлэг шаардлагатай. Гэлээ гээд тэр олон цэцэрлэгийг баригдаж дуусахыг хүлээгээд зүгээр суугаад байж болохгүй. Учир нь цэцэрлэг бол хувь хүн төлөвшүүлэх суурийг тавьж өгдөг. Хүүхэд цэцэрлэгт хүмүүжиж, зөв төлөвшил олохын зэрэгцээ эцэг эхчүүд ажилтай, орлоготой байх үндсийг бүрдүүлдэг. Тийм учраас богино хугацаанд шийдвэрлэх боломжуудыг судлаад төр, хувийн хэвшилтэй хамтран ирэх намар гэхэд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ямархан зорилт дэвшүүлснийг тоймлон хүргэлээ.