Тавдугаар сарын 1-нээс орон даяар бүх иргэнийг эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамруулж эхэлнэ. Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/-ын дарга Г.Бямбадоржтой ярилцлаа.
0-17 насны хүүхдэд зургаан төрлийн үзлэг, шинжилгээ хийх бол 18-30, 31-ээс дээш насны иргэдээс нийт 19 төрлийн шинжилгээ авах юм. Үүнд есөн төрлийн хавдрыг илрүүлэх шинжилгээ багтсан.
Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг 2022 оны тавдугаар сарын 1-нээс 2023 оны тавдугаар сарын 1-ний хооронд нэг жил үргэлжилнэ. Жилийн хугацаанд аль хорооны иргэдийг хэзээ шинжилгээнд хамруулах тухай нэгдсэн төлөвлөлт, хуваарь гарсан. Хуваарийг өрхийн эрүүл мэндийн төв, хорооны хэсгийн ахлагч нар зохион байгуулж, товлолын дагуу урилга хүргэж байгаа. Иймд товлолт өдөр буюу урилга очсон өдөр хуваарьт эрүүл мэндийн байгууллагад очиж, шинжилгээнд хамрагдах ёстой.
Мөн үйлчлүүлэгчдэд чирэгдэл учруулахгүйн тулд иргэн хоёр өдөрт бүх шинжилгээнд хамрагдах зарчимтай ажиллана. Тухайн хоёр өдөр нь зайтай байж болно. Харин эрүүл мэндийн байгууллагад хоёр удаа очих, 20 хоногийн дотор эрт илрүүлгийн шинжилгээг дуусгасан байх ёстой.