Цахим гарын үсгийн тухай хууль тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлээд байна.
Энэ хүрээнд иргэдэд тоон гарын үсэг олгох ажлын нээлт өнөөдөр Улсын Бүртгэлийн Ерөнхий Газарт боллоо.
Хуулийн хүрээнд өнөөдрөөс эхлэн 16 нас хүрсэн Монгол Улсын иргэдэд таван жилийн хугацаатай тоон гарын үсэг олгож эхэлж байна.
УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан "Улсын бүртгэгч нараар дамжуулан 21 аймаг, есөн дүүрэг, зургаан үйлчилгээний төв болон Киоск төхөөрөмжөөр дамжуулан тоон гарын үсэг олгох ажил 100 хувь хийгдсэн. Гар утасны аппликэйшнээр тоон гарын үсэг олгох ажлыг тавдугаар сард багтаан хийнэ. Иргэдийн хувьд иргэний үнэмлэх, гар утасны аппликэйшн дээр тээгч байдлаар тоон гарын үсгийг хэрэглэх боломж бүрдэж байна. Мөн гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэд тоон гарын үсгийг авах боломжтой.
Манай улсад 16 насанд хүрсэн 2.2 сая иргэн одоогоор байна.
Тоон гарын үсэг нь зөвхөн тухайн иргэнийг цахим орчинд таних бололцоогоор хангана. Улсын бүртгэлийн ерөнхий хууль дээр улсын бүртгэлийн үйлчилгээ үзүүлж буй нэгжүүд болон сонгуулийн үед хурууны хээг ашиглана гэж заасан. Бусад тохиолдолд хурууны хээг ашиглахгүй бөгөөд хурууны хээний оронд тоон гарын үсэг хэрэглэнэ" гэв.
Цахим гарын үсгийн тухай хуулийн зургаадугаар зүйл. Тоон гарын үсгийг хэрэглэх
- 6.1.Энэ хуулийн 18 дугаар зүйлд заасан тоон гарын үсгийн гэрчилгээ олгох тусгай зөвшөөрөл эзэмшигч /цаашид "тусгай зөвшөөрөл эзэмшигч" гэх/-ээс олгосон тоон гарын үсгийн гэрчилгээгээр баталгаажсан тоон гарын үсгийг ердийн гарын үсэгтэй адил хүчинтэйд тооцно.
- 6.2.Тоон гарын үсгийг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс олгосон тоон гарын үсгийн гэрчилгээ бүхий иргэн, хуулийн этгээд хэрэглэж болно.
- 6.3.Төрийн байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой бусад хуулийн этгээд цахим баримт бичгийг бусдад шилжүүлэх, дамжуулахдаа зөвхөн тоон гарын үсэг хэрэглэнэ.
- 6.4.Цахим хэлбэрээр албан хэрэг хөтлөх нийтлэг журмыг Засгийн газар батална.
- 6.6.Тоон гарын үсгийн гэрчилгээ эзэмшигч нь хуулийн этгээд бол цахим баримт бичигт тухайн хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтны тоон гарын үсгийг хэрэглэнэ.
- 6.7.Тоон гарын үсгийг хэрэглэхтэй холбогдсон, энэ хуулиар нарийвчлан зохицуулаагүй харилцааг холбогдох хуулиар зохицуулна.
Долдугаар зүйл. Тоон гарын үсгийн хэрэгсэл
7.1.Тоон гарын үсэг тухайн тоон гарын үсгийн гэрчилгээ эзэмшигч этгээдэд хамаарах эсэх болон тухайн цахим баримт бичиг бүрэн бүтэн эсэхийг тоон гарын үсгийн хэрэгсэл ашиглан шалгана.
7.2.Тоон гарын үсгийг бүтээх болон тоон гарын үсгийн хувийн түлхүүр /цаашид "хувийн түлхүүр" гэх/-ийг хадгалахад дараах шаардлагыг хангасан тоон гарын үсгийн хэрэгсэл ашиглана:
- 7.2.1.тоон гарын үсэг бүхий цахим баримт бичгийн агуулгад өөрчлөлт орсон эсэхийг тогтоох боломжтой байх;
- 7.2.2.тоон гарын үсгийн гэрчилгээ эзэмшигчийг таних боломжтой байх;
- 7.2.3.тоон гарын үсгийг хуурамчаар үйлдсэн эсэхийг тогтоох боломжтой байх;
- 7.2.4.хувийн түлхүүрийг хууль бусаар ашиглахаас сэргийлэх нөхцөлийг хангасан байх;
- 7.2.5.хувийн түлхүүр болон тоон гарын үсгийн нийтийн түлхүүр /цаашид "нийтийн түлхүүр" гэх/-ийг үүсгэх, дамжуулахдаа түүний давтагдашгүй байдал болон нууцлалыг хангасан байх.