Эрт илрүүлгийн оношилгоо, шинжилгээний талаар болон Ковид19 халдварын эсрэг дархлаажуулалтын талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл өглөө.
Тэрбээр "Эхний гурван жилд жил тутам иргэдийг эрт илрүүлэг үзлэгт хамруулна. Ингэж байж богино хугацаанд үр дүн гарна. Үүний дараа хоёр юм уу, гурван жил тутамд тодорхой шинжилгээний багцуудыг гаргахаар төлөвлөж байна. Эхний хоёр жилд мэдээж эрүүл мэндийн салбар ачаалалтай ажиллана. Эрт илрүүлэг хийгээд өвдөхөөс өмнө нь оношилбол тухайн хүний эмчилгээний үр дүнд эергээр нөлөөлнө. Түүнчлэн эмнэлгийн зардлыг бууруулж, томоохон дататай болно. Үзлэг оношилгоог хийснээр бодлогын баримт бичгүүд гарна. Багцын шинжилгээ зонхилон тохиолддог өвчлөл рүү илүү чиглэсэн. 15-69 насны гурван иргэн тутмын нэг нь, 45-69 насны хоёр иргэний нэг нь өвдөж байна. Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 1.5 дахин илүү өвчилдөг. Эмэгтэйчүүд жилд дунджаар гурван удаа эмнэлэгт ханддаг бол эрэгтэйчүүд бага байдаг.
Хоёр өдрийн дотор улсын хэмжээнд 5,117 хүн эрт илрүүлэг үзлэг оношилгоонд хамрагдсан байна. Уг төсөлд 60 тэрбум төгрөг зарцуулна. Нэг эмнэлэг өдөрт 40-60 хүлээж авахаар зохион байгуулалт хийгдсэн. Иргэд эрүүл мэндийн байгууллагаас урилга ирсний дараа үзлэгт хамрагдана. Иргэнд ямар нэгэн зовуурь илэрсэн тохиолдолд заавал урилга хүлээхгүйгээр эмнэлэгт үзүүлж болно. Түүнчлэн насны бүлгийнхээ бүх багцын шинжилгээг заавал өгөх шаардлагагүй. Халдварт бус өвчинтэй тэмцэхэд зарцуулсан нэг ам.доллар болгон долоон ам.долларын үр өгөөж өгдөг гэсэн ДЭМБ-ын судалгаа гарсан" гэв.
Мөн тэрээр Ковид19 халдварын эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл өгсөн юм. Энэ талаар тэрээр "Вакцин хадгалах стандартад нийцсэн агуулахтай болсон. Тавдугаар сарын дундуур эмийн агуулах ашиглалтад орно. 2023 оны гуравдугаар сард хугацаа нь дуусах нэг сая тун Файзер, 2022 оны намар хугацаа нь дуусах 800 мянган тун Синофарм үйлдвэрийн вакцин байна. Цар тахлын нөхцөл байдал намар ямар байхыг хэн ч таашгүй. Тиймээс хариу арга хэмжээнд бэлдэж байна. Магадгүй тав дахь тун ч юм уу хүүхдийн нэмэлт тунг хийлгэх талаар зарлахаас өөр аргагүй нөхцөл байдал үүснэ байх. Хүүхдийн нэмэлт тун хийлгэх тухай тушаал удахгүй гарах байх. Иргэд өөрсдөө хүсвэл хийлгэж болно" гэв.