Шадар сайд С.Амарсайхан Ипотекийн зээлийн санхүүжилтийн тогтолцоог сайжруулах, санал дүгнэлт гаргах ажлын хэсэгтэй уулзаж байна. Тус уулзалтад банкны төлөөлөл оролцсон юм.
Голомт банкны гүйцэтгэх захирал Д.Бадрал: Манай банк 483 тэрбум төгрөгийн зургаан хувийн зээл олгосон. Үүнээс Монгол банкны эх үүсвэрээс 131 тэрбум төгрөгийг олгосон бол манай банкны өөрийн эх үүсвэрээс 100 тэрбум төгрөгийн зээл олгосон. Орон нутагт 31 тэрбум төгрөгийн зээл олгосон.
Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч О.Банзрагч: 2021 оны байдлаар манайх 315 тэрбум төгрөгийн зээлийг 3679 харилцагчид олгосон. Өнөөдрийн байдлаар банкин дээр 380 тэрбум төгрөгийн багцтай. Олголт хэвийн байгаа. Он гарснаас хойш буюу оны эхний гурван сарын байдлаар 22-23 тэрбум төгрөгийн зээлийг олгоод байна.
Капитрон банкны гүйцэтгэх захирал Б.Үүрцайхбаатар: Зээлийн олголт хэвийн явагдаж байна. Эхний гурван сарын байдлаар 8.5 тэрбум төгрөгийн зээл олголт хийгдсэн. Үүн дээр эх үүсвэрийн 40 хувь нь манай банкаас үлдсэн 60 хувь нь Монгол банкнаас үлдсэн гарч байгаа. Ипотекийн зээлийн төлөлт хойшилсонтой холбоотойгоор эх үүсвэр мөн багассан.
Хаан банкны эрсдэл хариуцсан дэд захирал Д.Энхбаатар: Хаан банк 2021 онд хамгийн их ипотекийн зээл олгосон. 116.8 тэрбум төгрөгийг Монголбанкнаас аваад өөрсдөө 76.1 тэрбумыг нэмээд зээл олгосон. Энэ үед эх үүсвэр сайн байсан учир дараалал буурч ирсэн. Он гараад эх үүсвэр буурсан байсан. Одоогийн байдлаар 20 тэрбум төгрөгийг авсан бөгөөд үүн дээр 13.4 тэрбум төгрөгийг нэмээд олгоод явж байна. Одоогийн байдлаар найман сар судалж олгох дараалал үүссэн.
Харин Барилга хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо: Барилгын салбарын бизнес эрхлэгчдийн 80 орчим хувь нь ипотекийн зээлд зориулж бизнесийн үйл ажиллагаа явуулдаг. Өөрөөр хэлбэл барилгын компаниуд ихэвчлэн 80-аас доош мкв-тай барилга барьдаг. Өнгөрсөн жил нэг их наяд төгрөг гарсан. Энэ жил энэ дүн буурсан. Хоёр их наядын хөтөлбөрөөсөө 700 тэрбум төгрөгийг гаргана гэж тооцоолж байсан. Ингэснээр 10 мянган айлын орон сууцны асуудлыг шийднэ гэж төлөвлөж байсан. Гэвч өнөөдрийн байдлаар хоёр мянга орчим зээлдэгчийн асуудлыг л шийдсэн байна. Уг нь дөрвөн мянган зээлдэгчийн асуудлыг шийдсэн байх учиртай байсан. Эх үүсвэр байхгүйн улмаас ийн удаашралтай байна. Тооцоолж байснаар Монгол банк 400 орчим тэрбум төгрөг гаргах учиртай. Үүний 200 тэрбумыг нь одоогийн байдлаар гаргасан байх учиртай. Гэвч өнөөдрийн байдлаар 90 орчим тэрбум төгрөг л гаргасан. Тэгэхээр энд л асуудал байна гэж ойлгож байгаа.
Монгол банкны газрын захирал А.Энхжин: 2021 оны хувь Монгол банк, арилжааны банкны эх үүсвэрээр нийт нэг их наяд төгрөгийн зургаан хувийн зээлийг 13 мянган зээлдэгчид олгосон. Энэ он гарснаас хойш Монгол банкнаас сар бүхэн 30 тэрбум төгрөгийн зээлийг олгож байгаа. Үүн дээр банкууд өөрийнхөө 40 хувийг нэмээд зээлээ олгох ёстой. Одоогийн байдлаар нийт 170 орчим тэрбум төгрөгийн зээл гарсан. Үүний 60 хувь нь Монгол банкны эх үүсвэрээр гарсан. Энэ оны хувь 700 орчим тэрбум төгрөгийн зээл олгоно гэж төлөвлөсөн. Төлөвлөгөөндөө хүрч ажиллахыг хичээнэ. Гэхдээ барилгын салбарт гаргаж байгаа эх үүсвэрийн 60 орчим хувь нь импортын бараа байдаг. Тиймээс болгоомжтой хандах хэрэгтэй байдаг.
Шадар сайд С.Амарсайхан: Засгийн газар иргэдийн санал хүсэлтийг шийдвэрлэх хариуг нь өгөх үүрэгтэй. Гэтэл ипотекийн санхүүжилтийн тогтолцоог унагаах гэж байна гэсэн арьсаа хамгаалсан буруу зөрүү мэдээлэл, ойлголтыг өгч эхэлсэн. Тухайлбал, 6.2 их наяадын 5.6 их наяадыг гаргасан Засгийн газартай хамтарч ажиллахаас татгалзаж байна гэсэн буруу зөрүү ойлголтыг өгсөн. Манай Засгийн газар зохион байгуулалт тогтолцоог сайжруулахын төлөө ажиллана. Энэ системийг үгүйсгэж байгаа асуудал байхгүй. Цаашдаа энийг аль болох тогтвортой хэрэгжүүлэх шаардлагатай байна. Тиймээс боломжтой бүх хувилбарыг гаргах шаардлагатай. МИК-ийг нэгдмэл сонирхолтой этгээд 80 гаруй хувийг нь эзэмшдэг болсон байна. Ижил тэнцүү оролцоотой байсан банкууд явцын дунд арчигдсан, хамгийн бага хувийг эзэмшиж буй нөхцөл байдал илэрсэн. Энэ бол ноцтой асуудал. МИК өмнө нь аудитын тайлангаа нийтэд ил тайлагнадаг байсан бол 2019 оноос хойш санхүүгийн тайлан тодорхой бус болсон. МИК-ийн 2014-2018 оны санхүүгийн тайланг үзэхэд найман хувийн зээлийн хүүгээс 740 тэрбум төгрөгийн орлого олсон байна. 360 тэрбум төгрөгийг Монголбанканд төлсөн. МИК 260 тэрбум төгрөгийн цэвэр орлоготой ажилласан. Дөрвөн жилийн хугацаанд 255 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Гэтэл олон нийтэд МИК ямар ч ашиггүй ажилладаг гэж буруу зөрүү ойголт төрүүлж байна.
МИК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга: Зээл олгож байгаа процесст МИК оролцдоггүй. Харин хөтөлбөрийн хүрээнд ямар оролцоотой байгааг тайлбарлая. МИК орон сууц санхүүжилтийн тогтолцооны хүрээнд банкуудад байгаа орон сууцны зээлийг худалдан авч, ипотекийн зээлээр баталгаажсан бонд болгон үнэт цаасжуулж байгаа. Монгол банк арилжааны банкуудад нэг жилийн хугацаатай эх үүсвэр олгож байгаа. Арилжааны банк иргэнд олон жилийн хугацаанд зээл олгож байгаа. Арилжааны банк нэг жилийн хугацаанд эх үүсвэрээ өгч чадахгүй байх тохиолдол гардаг. Тиймээс үнэт цаасжуулснаар арилжааны банкууд эх үүсвэрээ өгөх боломж нээгдэнэ гэсэн үг. Мөн МИК зээл олгодоггүй учир зээлийн хүүг өсгөх эсэхийг шийдэх боломжгүй.