Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.
Тэрээр "Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн банкны өр барагдуулалт ямар түвшинд байгаа талаар болон, өр барагдуулах ажлыг хэрхэн эрчимжүүлэх талаар Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай мэдээлэл хийлээ. Өчигдрийн байдлаар Хөгжлийн банкны чанаргүй зээлээс 165 тэрбум төгрөгийн өр төлөгдсөн байна.
Хөгжлийн банканд 2019 онд Монголбанкнаас шалгалт хийгээд чанаргүй зээлийг журмын дагуу ангилаад 812 тэрбум төгрөгийн зээлийн алдагдлын сан байгуулахаар акт тавьсан байдаг. Гэсэн хэдий ч энэ актын дагуу тус банкны баланс дээр сан байгуулагдах гүйлгээ хийгдээгүй. Тиймээс цаашид Хөгжлийн банк хэвийн үйл ажиллагаагаа хангах, хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулахын тулд чанаргүй зээлүүдийг богино хугацаанд төлүүлэх зайлшгүй шаардлага үүссэн. 2023 онд төлөгдөх ёстой томоохон бонд бий. Тухайлбал, 2023 оны 10 дугаар сарын 23-нд 500 сая долларын бонд бий. Мөн 12 сарын 26-нд төлөгдөх Самурай бонд бий. Энэ нь өнөөдрийн ханшаар 725 тэрбум төгрөг юм. Энэ хоёр бондоос бидний онцгой анхаарах ёстой өр нь Самурай бонд. Энэ бол Засгийн газрын баталгаатай. Тэгэхээр Хөгжлийн банкыг дампуурлын ирмэгт авч ирээд байгаа чанаргүй зээлийг төлүүлэхгүй бол энэ өрийг татвар төлөгчдийн мөнгөөр төлөх том эрсдэл байна. Тиймээс Засгийн газар Хөгжлийн банкны чанаргүй зээлийг богино хугацаанд төлүүлэх ажилд шуурхайлан орсон.
Энэ жилийн зургаадугаар сарын 30 болон 12 дугаар сарын 31 гэхэд бодитой үр дүн гаргах хэрэгтэй байна. Ингэж байж тайлан балансаа олон улсын аудитын байгууллагаар баталгаажуулна. Улмаар ирэх оны дөрөвдүгээр улиралд төлөгдөх хоёр томоохон бондыг амжилттай төлж барагдуулах нөхцөл бүрдэнэ. Одоо 165 тэрбум төгрөгийн чанаргүй зээл төлөгдсөн байна. Сангийн яам төлөгдсөн хэмжээндээ Самурай бондыг төлөөд явна. 165 тэрбум төгрөг гэдэг бол өнөөдрийн ханшаар 50 орчим сая доллар. Ийм хэмжээгээр Самурай бондоос төлөгдөж эхэлж байна гэсэн сайн мэдээтэй байна. Гэхдээ энэ бол том дүнтэйгээ харьцуулах юм бол чамлахаар дүн. Хөгжлийн банкны чанаргүй зээлүүд нэг үеээ бодвол хөдөлгөөнд орсон байна.
Бид энэ жил чанаргүй зээлүүдийн гуравны нэгийг төлүүлэх, ирэх онд Самурай бондыг Хөгжлийн банкны чанаргүй зээлээр төлүүлж, татвар төлөгчдийн мөнгөн дээр ирэх эрсдэлийг зайлуулах төлөвлөгөө зорилт тавьж ажиллаж байна. Энэ зээлүүдийг төлүүлэхэд хуулийн байгууллагуудын оролцоо их чухал. Тиймээс Хууль зүйн сайдаар ахлуулсан, хүчний байгууллагуудын төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг байгуулах шийдвэр гарлаа" гэв.