Монгол Улсын Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ шавь нарынхаа санаачилгаар урлагт зүтгэсэн 50 жил, язгуур урлаг, тэр дундаа уртын дууг судалж, залуу үедээ өвлүүлэн түгээх гэгээн үйлсэд зүтгэсэн 30 жилийн хөдөлмөрөө дүгнэн тайлагнаж, тавдугаар сарын 21, 22-ны өдөр 19 цагаас UB palace-т "Дуунд залбирсан тавилан" тоглолтоо хийх гэж байна.
Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ "Миний бие урлагт хөл тавьснаас хойш хагас зуун жил алтан тайзан дээр дуулжээ. Мөн багшилж, хүнийг чиглүүлж, урлагт хөтөлснөөс хойш 30 жил болжээ. Энэ онд эдгээр ой тохиож байгаа учир шавь нарын маань санаачилгаар хүндэтгэлийн тоглолт болох гэж байна. "Дуунд залбирсан тавилан" хэмээн нэрийдсэн тоглолтод миний "тарьсан цэцгүүд" буюу шавь нар маань оролцоно.
Энэхүү тоглолтод олон сайхан дуунууд үзэгч, сонсогчдод хүрэх юм. Монгол Уртын дууны холбооноос 108 уртын дуучин Эзэн Чингис хааны төрийн сүлд дууллаар хүндэтгэл үзүүлнэ. Мөн Цагаан, Ногоон дарь эхийг дүрслэн буулгасан Үлэмжийн чанар дууг хүргэх болно" гэсэн юм.
Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ Монголын уртын дууг анх удаа ноттой болгосон бөгөөд зохиосон нотоор ар, өвөр Монголын дуучид дуулдаг аж. Монголын ястан бүрийн аялгуут гийнгоог судалж цомог гаргаж, ном ч бичжээ.
Тоглолт 2020 оны 11-р сарын 28-нд тоглох байсан ч цар тахлын улмаас цуцлагдсан байна. Тухайн үед цомогтой тасалбар авсан хүмүүс тавдугаар сарын 21-нд болох "Дуунд залбирсан тавилан" тоглолтыг үзэх боломжтой юм. Харин 22-нд болох тоглолтыг хуучин тасалбаргүй, шинэ тасалбартай үзэгчид үзэх боломжтой аж.