Элон Маск бол олон төрлийн авьяас чадвартай нэгэн. Зарим хүмүүс түүнийг "Тесла"-гийн нүүр царай гэдгээр нь хардаг бол зарим нь түүнийг сансар огторгуйн “эрэл хайгуулч” гэж боддог. Тэгвэл дэлхий нийтийн "боломжгүй" хэмээн үзэж байсан зүйлсийг боломжтой болгож харуулсан Элон Маскийн эзэмшлийн "Старлинк Сервисес" компани Монголд байгуулагджээ
Монголд бизнесийн зөвлөгөө, мэдээлэл технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлсэн тус компани нь энэ оны гуравдугаар сарын 21-нд шинээр байгуулагдсан байна.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын нээлттэй мэдээллийн сангаас харвал, тухайн компанийн хувьцаа эзэмшигчээр Илон Маскийн үүсгэн байгуулсан "Space X" буюу "Space Exploration Technologies Corporation" болон түүний охин компаниудын нэг Нидерланд улсад бүртгэлтэй "Starlink Holdings Netherlands B.V." компани байгаа юм.
Түүнчлэн гүйцэтгэх захирлаар нь Лорен Эшли Дрейер нэртэй АНУ-ын иргэн бүртгэлтэй байгаа бол эцсийн өмчлөгчид Илон Максийн нэр ч ил тод байна.
Ташрамд дурдахад, SpaceX компани хиймэл дагуулын холбоогоор дэлхийн өнцөг булан бүрд өндөр хурдтай интернэт үйлчилгээ үзүүлэх Starlink төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд үйл ажиллагаа хариуцсан ахлах захирлын нэрийг мөн Лорен Дрейер гэдэг юм байна.
Уг төсөл нь дэлхийн өнцөг булан бүрээс ижил өндөр хурдаар интернэтэд холбогдох үйлчилгээг нэвтрүүлэхээр зорилготой юм.