УИХ-ын Боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар “Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааны тухай” салбарын сайдуудын мэдээллийг сонслоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг сурлагын хоцрогдлыг хэрхэн арилгах вэ, та нар яаж харж байгаа вэ хэмээн асуулаа.
Хариуд нь, Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “ Үнэлгээний тогтолцоог өнгөрсөн жилээс нэвтрүүлсэн. Багш нарын ур чадварыг сайжруулах чиглэл рүү анхаарлаа хандуулж ажиллах нь гол асуудал байна. Ер нь ковидоор үүссэн цахимын хичээлийн хоцрогдлыг тахимаар нөхөх юм билээ.Цахимаар хичээлийн хоцрогдол нөхнө гэж хэзээ ч байхгүй. Судалгаагаар хүүхэд мэдлэгийнхээ 70 хувийг танхимаар авдаг гэсэн үр дүн гарсан.
ЭЕШ-ын сүүлийн таван жил хамгийн муу үзүүлэлт гаргасан сумдын сургуулийг шилж авсан. Нийт 42 сургуулийн 14 мянган хүүхдийг улсын хэмжээнд сонгож аваад хоцрогдлыг нөхөж байгаа.
Есдүгээр ангийн сурагч хэр нь гуравдугаар ангийн мэдлэгтэй хүүхэд зөндөө байна. Маш их хоцрогдол үүссэн. Тэгээд хойшоо ангиа сунгаад явчихсан. Яг хэддүгээр ангиас хоцрогдол үүссэн байна, тэндээс эхлээд хоцрогдлыг арилгаж, үр дүнд хүрч байгаа. Энэ сургалтын үр дүнг эцэг эхчүүдэд нь хүргэх хэлбэрээр хичээлийн хоцрогдлыг нөхөх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Хоёрдугаарт, малчдын хүүхдийн насны асуудлыг асуулаа. Ер нь долоон насандаа сургуульд элсэх эрх зүйн зохицуулалт бий. Ковид бид нарт ямар боломж өгсөн бэ гэвэл хүүхдээ магадгүй гэрт нь байлгаад танхимын бус сургалтуудад хамруулж, долоон нас хүрэхээр хоцрохгүйгээр сургуульд элсүүлэх боломжтой” гэлээ.
Харин УИХ-ын Б.Жаргалмаа цахим орчинд багш нарын ёс зүйтэй холбоотой үйлдэл багагүй дуулиан үүсгэж байгааг анхааруулаад сурагчдыг хүчирхийллээс хамгаалах асуудалд яамны зүгээс баримталж буй бодлогын талаар лавласан.
Хариуд нь, 2022 оныг боловсролын салбарт “Ёс зүйн жил” болгон зарласан бөгөөд ерөнхий боловсролын сургууль бүрд ёс зүйн зөвлөлийг байгуулж, эхний ээлжинд 150 сургууль дээр сэтгэл зүйч ажиллуулж байгааг салбарын сайд хариултдаа онцолсон.
Цаашид ерөнхий боловсролын бүх сургуульд сэтгэл зүйч ажиллуулах нь зүйтэй гэж байлаа. Мөн тэрбээр, хүүхдүүд сургуулийн орчинд үе тэнгийн дээрэлхэлт, цахим халдлагад өртөх зэрэг сэтгэл эмзэглүүлсэн асуудал их байгаа тул үүнд нийгмээрээ онцгой анхаарч шүгэл үлээж, соён гэгээрүүлэх ажил хийх шаардлагатай хэмээв.