Хөдөлмөрийн зах зээлийг шинэчлэх зорилгоор 2022 оны тавдугаар сарын 25-нд чуулга уулзалт зохион байгуулахаар болжээ.
Энэ талаар Ажилчдын хөгжлийн нэгдсэн төв, Хөдөлмөрийн биржүүдийн холбоо зэрэг байгууллагууд хамтран өнөөдөр мэдээлэл хийв.
Тус холбоог төлөөлөн Б.Ганзориг:
-Бүтээн байгуулалтын ид үе эхэлж байна. Гэтэл аж ахуйн нэгжүүд ажилчдын хомстолд оржээ. Ажил идэвхтэй хайдаг иргэдийн тоо жилээс жилд буурчээ. Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Хөдөлмөрийн биржүүдээс авсан судалгаагаар жилд 30 мянган хүн ажил идэвхтэй хайдаг байсан бол одоо 14 мянга болж буурчээ. Ажил хийх сонирхолтой залуус эрс багасжээ. Цалин өндөр тул залуучууд гадагшаа явах хүсэлтэй байна. Манай ажил олгогчдын байдал хэцүү байгааг бид ойлгож байна. Гэхдээ цалинг цагт нь өгдөггүй үзэгдэл бүх салбарт байна.
Бид хөдөлмөрийн зах зээлийг шинэчлэх хэрэгтэй. Цалингаа авч чадаагүйн улмаас амиа хорлохдоо тулсан тохиолдол ч бий. Энэ асуудлыг нэгдэн шийдье. Барилгаар жишээ авахад захиалагч тал гэж бий. Доор нь 2-3 туслан гүйцэтгэгчид бий. Тэдний дор зуучлагчид, бригадын дарга нар, инженерүүд, санхүүгийнхэн бий. Ингэсээр ажилчид хамгийн бага цалин авдаг.
Манай улсад жил бүр 85 мянган хүн бүтээн байгуулалтад оролцдог. Эдгээр иргэдийн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг зарим компани төлдөггүй. Осолд ороод бригадын дарга, компани хариуцдаггүй, нөхөн төлбөр авч чаддаггүй. Эрүүл мэнд, биеэрээ хохирсон хүн маш их. Хуулийн байгууллагад хандаж л хохирлоо нөхөн төлүүлдэг.
Бусдын хөдөлмөрийг шулсан, “цус сорогч” компаниудыг хохирсон иргэд өөрсдийнхөө нийгмийн сүлжээнд зарлаад л өнгөрдөг. Харин бид цаашид ийм компанийг нийтэд зарлана. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эдийн засгийн форумаар бүтээн байгуулалтыг хойш татсан компанийг эзний хамт зарлана гэдгээ илэрхийлсэн. Уул уурхай, зам, барилга, сүлжээ дэлгүүрүүдийн зарим нь ажилчдынхаа цалинг өгөхгүй, очихоор загнадаг хөөдөг. Дэлгүүрүүд маш бага, үйлчлэгчийн цалинг ажилчдадаа өгдөг.
Иймд ажилчид бид дуу хоолойгоо хүргэх шаардлагатай. Энэ асуудлыг хөндсөн чуулганыг энэ сарын 25-нд хийнэ. Та бүхэн ирж оролцон, үгээ хэлээрэй. Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сан, Нийслэлийн хөдөлмөрийн бирж гэх мэт арван байгууллагын төлөөлөл оролцоно. Оролцох хүмүүсийг бид 86108787, 96272277 утсаар бүртгэн, мандат олгоно. Оролцогчдын санал хүсэлтийг бид нэгтгэн, ЗГХЭГ, Ерөнхий сайдад хүргүүлнэ. Хуулиа өөрчлөх үү, журмаа шинэчлэх үү гэдгийг шийдье. Бид БНСУ-д ажиллаад авдаг цалинг эх орондоо авах боломжтой.
Цалингаа цагт нь тавьдаггүй тул 18-25 насны залуучууд барилга, замын салбарт ажиллахгүй байна. Энэ салбарт одоо 40-60 насныхан голдуу ажиллаж байна. Залуучуудын итгэл урмыг мохоочихсон. Уг нь залуус ажиллах хүсэлтэй. БНСУ руу явах гээд 18 мянган иргэн хүсэлт өгчээ. Очоод сонгино хураана, зочид буудалд ор засна шүү дээ. Энэ ажлыг хийхийн тулд Монголд авлига өгдөг. Гэхдээ авах цалин нь эндхээс 2 сая төгрөгөөр илүү байна.
Ажил олгогчид өөрсдөө үүргээ бүрэн биелүүлдэггүй атлаа ажилчдаа архичнаар нь дууддаг. Олон сар цалингаа авч чадаагүй хүн бухимдаад архи ууна. Энэ нь гэр бүлийн уур амьсгалд сөргөөр нөлөөлж байна. Залуучуудын амьдралаар тоглож болохгүй. Ийм хариуцлагагүй компаниудыг ил тод зарлана. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дэмжээрэй гэв.