Өвөрхангай аймгийн Уянга сумын Таац багийн нутаг аймгийн төвөөс баруун хойд зүгт 190 км-т, сумын төвөөс баруун зүгт 120 км-т орших Баруун голын шаахам зураа гэдэг газарт гэрийнхээ гадаа тоглож байгаад сураггүй алга болсон гурван настай хүүг эсэн мэнд олжээ.
Хүү тавдугаар сарын 15-ны 17:30 цагийн орчим гэрийнхээ гадна тоглож байгаад алга болсон бөгөөд ар гэрийнхэн нь алга болсноос хойш 12 цагийн дараа Онцгой байдлын газарт дуудлага өгсөн байна. Дуудлагын дагуу Таац багийн Засаг даргаар ахлуулсан сумын мэргэжлийн ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд хүүг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 05.16-ны 10:29 цагт гэрээс нь хойш 7 км-т тус багийн Уст толгой хэмээх газраас эсэн мэнд олжээ.