Аз жаргалтай алхсан тэмдэглэл.
Алхахын ашиг тусыг иргэд олон нийтэд сурталчлан таниулж байгаа Монголын явган алхалтын холбооноос зохион байгуулдаг алхалтуудын эвентийн нэгэнд нь хамрагдан алхаж үзлээ. Алхалтыг хүн хэзээ ч хаана ч хийж болно. Харин хором мөч бүрт кайф мэдэрч алхах нь хамгийн чухал, сайхан нь юм байна гэж би хувьдаа мэдэж авсан алхалт байлаа. Учир юу вэ гэхээр хотоос гарч цэвэр агаарт алхахаас гадна байгалийн үзэсгэлэнт газруудыг үзэж харж байгаа нь их авууштай санагдлаа. Энэ удаагийн эвент нь МҮЭСТО-ны гадаа талбайд цугласнаар эхэлж, нэгдсэн журмаар 45 орчим хүн цуглан нэгэн том автобус дүүргэн 07:10 минутын үед УБ-аас хөдөллөө. Энэхүү алхалтын маршрут гэвэл Төв аймгийн Баянцогт сумын үзэсгэлэнт байгал, уул хадаар алхах юм гэнэ. За ингээд хотоос баруун зүгрүү замдаа гараад цаг орчмын дараа Баянцогт сумын хаалган дээр ирэв.
Энд биднийг Төв аймгийн явган алхалтын холбооны баг хамт олон гурван машинтай хүлээж байв. Баянцогт сумын нэрт хөшөөн хаалган дээр зураг хөргөө татуулан гурван машинаар бүл нэмэн сумын төврүү орлоо. Алхалтын гайхамшгийг сүүлийн таван жил мэдэрч, тасралтгүй алхаж байгаа У.Уранчимэг гэх харваас цог золбоотой, эрч хүчтэй сайхан эмэгтэй биднийг баяр хөөрөөр дүүрэн угтав. Сумын соёлын төвийн хоёр давхар ягаан байшинд уртаас урт ширээ засчихсан, халуун сүүтэй цай, талх бяслаг, уураг гэх мэт амин дэмээр дүүрэн идээгээр ширээ засан хүлээж байлаа.
Хамгийн амттай нь миний хувьд таван цулын шөл байв. Бүр хоёр аягыг идчихсэн шүү. Цайлж дуусах үед энэ удаагийн алхалт, аялалыг удирдаж байгаа Монголын явган алхалтын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Г.Алтансүх тайзан дээр гарч ирэн Төв аймгийн явган алхалтын холбооны анхны сумын алхалтын клуб нээгдэж байгаа баяртай мэдээг дуулгаж нэр бүхий хүмүүсийг тайзан дээр дуудан гаргаж ирсэн нь Төв аймгийн явган алхалтын холбооны тэргүүн Б.Отгонбаяр, Хан-Уул дүүргийн явган алхалтын холбооны дэд тэргүүн С.Олонтүмэн, Нийгмийн эрүүл мэндийн төв, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны дарга С.Гэрэлмаа, Төв аймгийн Баянцогт сумын ИТХ-ын дарга Н.Од-Эрдэнэ нар байв.
Тэд Баянцогт сумын алхалтын клубын тэргүүнээр У.Уранчимэг эгчийг томилон салбар клубын бичиг баримт, туг далбааг гардуулан өгч, нээлтийн үйл ажиллагаа богино хугацаанд ёслол төгөлдөр болж дууслаа. Монголын явган алхалтын холбоо нь энэ мэт 21 аймаг, 330 суманд салбар нэгжээ нээж олон хүний эрүүл мэнд, эрч хүч, аз жаргалтай амьдарлын хэв шинжийг бүрдүүлсэн үйл ажиллагааг дэмжиж ажиллах чин зорилго нь ихэд таалагдав. Ингээд бидэн дээр Баянцогт сумын клубын алхагч нар нэмэгдээд бүр олуулаа болон алхалт эхлэх цэгрүүгээ явлаа. Сумын төвөөс хойд зүгт 10 км яваад нэгэн уулын амны эхэнд ирэн автобус зогсов. Энэ газрын нэр нь “АЛАГИЙН ҮЗҮҮР” гэдэг газар гэнэ.
Алхагчид бууж тойрог болон зогсоход урьдын адил аялалын чиглүүлэгч, түгжигч нарыг сонгон , аюулгүй байдлын зааварчилгаа өгөн, бие бэлдэх дасгал хийлгэж, бүх хүмүүсийг таван багт хуваан авснаар нэгдүгээр багаас эхлэн цуваа болон нэгэн эгнээнд орж алхалт эхэллээ.
Бидний хамгийн эхэнд үзсэн үзэсгэлэнт газар бол “ТЭМЭЭН ЦОХИО ХАД” байлаа. Хаанаас нь ч харсан яг тэмээ харагдахаар тогтоцтой өндөр сүрлэг хад байв.
Цааш алхсаар “ДӨРӨӨ ХАНГИНАХЫН ДАВАА”-г давав. Тэрүүгээр өнгөрөх хэн бүхэн дөрөөгөө хангинуулан өнгөрдөг уламжлалтай гэнэ. Цаахна талд нь ширгэсэн булгийн эх байсан ба нов ногооноороо байх хоёрхон модыг хашаалсан байв. Бүр маш содон тов тод, нов ногоон модод. Булаг ширгээд ус ундрахгүй болсон ч тэр хоёр мод гүнээс булгийн усыг сорон ургаж буй мэт гайхамшигтай түүхийг хүүрнэн зэрэгцэн орших ажээ. Энэ хэсэг намайг үнэхээр гайхшруулсан шүү.
За тэгээд цааш нилээд өгсөж алхсаар “ЭЛГЭН ХАД” гэх өндөр налуу хавтгай хадны энгэрт ирцгээв. Хадыг сайн ажиглавал элэг шиг хэлбэртэй, ухлаадастай харагдах ажээ.
Жоохон амсхийж аваад цааш өгсөв. Маш огцом өгсүүр алхсаар хадтай давааны орой дээр гарч ирэв. Эндээ сайн амарч цайлж, хөгжилдөж аваад дараагийн очих цэгрүү хөдөллөө. Уруудаж алхсан учир арай хурдан явсаар “ХИЙМЭЛ НУУР” дээр ирэв. Хиймэл гэж ерөөсөө ч мэдэгдэхээргүй том цэлгэр нуур байх юм. Голд нь нугас ангир, хун шувууд хөвөөд, давлагаа нь зөөлөн дайвалзаад, нүд, чих амраагаад үнэхээр таатай санагдав. Хүний гараар ингээд сайхан үзэсгэлэнтэй нуур бүтээгээд хүн малын сэтгэлийг баясгаж чадаж байгааг бодон бахархан нилээн саатав бид.
Ингээд нийтдээ дөрвийн дөрвөн үзэсгэлэнт газар, байгалийн сайхан бүхнийг үзсэн бид цааш автобусруугаа яаран алхацгаав. Энэ хооронд сум, аймаг, хотын хүмүүс хоорондоо танилцацгаагаад хэдийн ах, эгч, дүү мэт харилцаатай болцгоочихсон яриа хөөрөөтэй, дуу хууртай хөгжилтэй алхсаар автобусан дээрээ ирлээ.
Шороо тоосоо гөвөн автобусандаа сууж цааш сумын төврүү ирэн нөгөө л ягаан соёлын төврүүгээ орцгоолоо. Энэ удаа биднийг хорхог хүлээж байв. Вуав алхаж алхаж, алжааж ирсэн бидэнд үнэхээр сайхан зоог байв. Маш амттайн дээр 60,70-н хүнийг өлхөн цатгаад илүү гарсан нь ямар их сэтгэлээ шингээж бэлдсэн гэдэг нь илт мэдэгдэж байв. Нэгэнт сумын төвийн соёлын төвд цуглацгаасан бид яаж зүгээр байхав, хооллож дууссаныхаа дараа ширээ сандлаа зайчлан бүжгийн талбай бэлдэн бүжин цэнгэв ээ. Энэ хооронд Хан-Уул дүүргийн явган алхалтын холбооны дэд тэргүүн СТА С.Олонтүмэн гэх залуу сайхан эх орон, ээж аавыгаа магтсан дуу дуулж өгсөн бол Төв аймгийн явган алхалтын холбооны тэргүүн Б.Отгонбаяр маань найз нөхдөө магтсан дууг дуулж олныг хөгжөөв. Ингээд харахаар Монголчууд минь аргагүй дуучин түмэн юм даа гэж бодогдож байлаа. Ийнхүү нар хэлбийж орой болон бидний үйл ажиллагаа өндөрлөх дөхөв. Баянцогт сумын явган алхалтын клуб болон, соёлын төвийн хайр мэдрүүлсэн хамт олон ямар сайхан хүлээж авч, ямар мундаг зохион байгуулалттай байсныг энд үгээр хэлэхийн аргагүй байнаа.
За тэгээд биднийг сумын төвийн үүд хүртэл гарган, үдэж өгч харин бид баярласан талархсанаа илэрхийлэн сэтгэлийн үгсээ солилцон эндээс гурван тийш салав. Төв аймгийн алхагчид маань аймгийн зүг, Баянцогтынхон маань сумын зүг, харин бид хотын зүг хөдөллөө.
Ийнхүү эрүүл мэндийг эрхэмлэсэн, хайр халамжийг мэдрүүлсэн, аз жаргалыг түгээсэн, нөхөрлөлийг бүтээсэн сайхан алхалт, аялалын өдөр дууссан юм даа. Алхалт бол эрүүл мэндийн жанжин шугам юм гэдгийг илүү олон хүнд мэдүүлж, хэлж тунхаглаж явах болно. Дараагийн алхах аялал хүртэл сэтгэл догдлолтой хүлээж сууна би...
Та Төв аймгийн Баянцогт сумаар заавал аялаж, алхаж үзээрэй.
Монголын явган алхалтын холбооны гишүүн, шинэхэн алхагч А.Ш
ёстой гоё тэмдэглэл болжэээ, алхаж үзмээр санагдлааа