Дэлхийд техник технологи хамгийн дээд цэгтээ хүртэл хөгжиж бүх юмыг бүтээж чаддаг үе ирсэн ч ХҮН бүтээж чадахгүй. Энэ бүтээл бол зөвхөн эмэгтэй хүнээр, эх хүнээр үйлдэгдэх ГАЙХАМШИГ юм.
Сүхбаатарын талбай хөл хөдөлгөөнд дарагдсан тав хоног өнгөрлөө. Тэнд дандаа дөрвөөс дээш хүүхэд өсгөж хүмүүжүүлж гайхамшгийг бүтээж байгаа сайхан бүсгүйчүүд чуулав. Төрийн ордонруугаа орж, Ерөнхийлөгчөөрөө одон тэмдгээ зүүлгээд, ордныхоо урд хаалгаар ёслол төгөлдөр гарч ирнэ гэдэг бол маш хүндэтгэлтэй хэлбэр учир зуу зуун эмэгтэйчүүд бүгд дүүрэн догдлолтой байсан өдрүүд.
Харин ар гэрийнхэн ижий аав, ижил хань, энхрий үрс нь урд талбай дээр хүлээгээд зогсож байгаа. Энэ хэд бол ээжийг гарч ирэх хооронд бөөн юм болноо. Хамгийн бага нь буюу одонгийн маамуу нь халуунд нозоорсон уу яасан уйлж урваганана. Аав нь аргадах гэж арван аргаа хэрэглээд завгүй. Багаасаа 2 дахь хүү нь бол юу ч хийхэд бэлэн хөдөлгөөний туйл болчихсон ийш тийш гүйж олон хүмүүсийн хөлд орж алга болчих гээд завгүй. Хамгийн том нь тэр дүүгээ харж хөөж тууж хөөцөлдөж гүйгээд бас завгүй ээ. Дээрээсээ 2 дахь охин нь бол харин үс зүсээ гараараа янзлаад, гэрээсээ хичнээн гоё гарлаа тэр чигээрээ байх гэж хичээгээд, мөн ээждээ өгөх цэцэг чихрээ анзаараад бас л тун завгүй. Ээжид нь өгөх цэцэг хаана байна гэж аав гэнэт гэнэт асууна, хайна. Хажуугаар нь бага хүүгээ тайвшлуулах гэж үзэж тарж, үстэй толгойгоо зулгааж байна даа. Мөөмөө л нэхэж байгаа байх.
Ашгүй хаалгаар улаан дээлтэй чухам сайхан эхнэр нь гарч ирж байгаа харагдлаа. Хамаг гоёлоо өмссөн, цэцэгнээс ч хөөрхөн болсон ээж нь шатаар бууж ирэх мөч энхрий хүүхдүүдэд нь бол гайхамшиг. Гэрэл цацраад л нүүр дүүрэн мишээгээд л талбайгаар дүүрэн хүмүүсээс өөрийн гэр бүлээ хайгаад л, олж харж чадвал гараараа даллан мэндчилж улам догдолж байгаа харагдах юм.
Бүгд тийш гүйлдэв. Дөрвөн хүүхдээ бүртгээд л багыгаа тэврээд аав хамгийн ард гүйлээ. Ээж тэнд гэрийнхнийгээ харцаараа хайсаар шатаар бууж ирж байна. Энд байна энд, энд гэсээр тэр олон хүнийг зүсээд л эхнэрийгээ, ээжийгээ олж авцгаалаа даа. Нүүрнээс нь гэрэл цацарсан сайн хань нь, сайхан ээж нь ирж бүгдийн нүүрэнд мишээл тодорсоор арай хүн цөөнтэй хэсэгрүү зүтгэлээ. Ямарч үзэсгэлэнтэй эхнэр минь вэ, ямарч сайхан ээж минь вэ гээд бүгд ээжийгээ цоо ширтээстэй. Тэгээд нэг зурагчин гуйж нилээд хэдэн зурагаа даруулж аваад л явцгаана даа. За байз машинаа хаана тавилаа. Арай ачаад явчхаагүй байгаа даа гэж сандралдсаар төв талбайг орхино.
Эхнэр минь жил бүр ингэж одон авахгүй, дандаа ингэж ордонд орж, Ерөнхийлэгчтэй уулзаж, хатанхаан шиг шатаар бууж ирэхгүй учир өнөөдөр тийм л онцгой, цор ганц өдөр байлаа. Одоо хариад сайхан хоолоо хийж идээд унтацгаана даа. Хүүхдүүд их л ядарсан байх эрт унтах нь дамжиггүй гэж бодсоор одонтой эхнэртэй нэгэн залуу харьж явна...
Гайхамшигт хүмүүсийг бүтээж, өсгөж яваа бүх одонтой ээжүүддээ баяр хүргэе.
МОНГОЛЫН ҮРС МАШ ОЛОН БОЛТУГАЙ...