Нөөцийн мах худалдаанд гарсан эхний сар гаруй хугацаанд эрэлт их худалдан авалт ч сайн байжээ. Харин одоо худалдах цэгүүдийг нэмж, үнийг хоёр удаа хямдруулсан ч авах иргэд багассан байна. Тиймээс нөөцийн махны үлдэгдэл их байгаа учир төрийн албаныханд нэгдсэн байдлаар өгч, дараа төлбөрийг төлөх зохицуулалт хийх шийдвэр гаргажээ. Уг шийдвэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ганболд гаргасан байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас энэ талаар тодруулахад, энэ хавар цаг агаарын нөхцөл байдал сайн байгаа учир мал аж ахуй эрхэлж буй хүмүүс олон тэрбум төгрөгийн хэмнэлт хийсэн. Засгийн газраас бэлтгэсэн нөөц, өвс тэжээлийг одоогоор гаргаагүй байна. Нөөцийн мах хотын хэрэгцээг бүрэн хангана гэж тооцоолсон. 2022 онд нийслэлийн хүн амын өвөл, хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан нийт 13 мянган тонн мах бэлтгэсэн. Махны шим тэжээлийг алдагдуулалгүйгээр урт хугацаанд хадгалдаг тул махны эрүүл ахуйн чанарыг сайн шалгаж, хадгалалтын горимыг нарийн төлөвлөдөг. Тиймээс махны шим тэжээлийг алдагдуулахгүйгээр нөөц дуустал худалдана. Яамнаас төрийн албаныханд албадан худалдан авалт хийх тушаал, захирамж гаргаагүй гэв.