Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин Сайдын Яамны албан ёсны мэдэгдэл хийлээ.
Үүнд:
"Монгол Улсын Засгийн газар, Австрали Улсын Засгийн газар хооронд “Ажиллах болон амрах” визийн зохицуулалтыг хэрэгжүүлэх тухай Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа 2022 оны 3 дугаар сарын 31-нд Австралийн Парламентын ордонд болов.
Санамж бичигт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Австралийн Улсын Засгийн газрыг төлөөлж Австралийн Парламентын гишүүн бөгөөд Цагаачлал, иргэншил, шилжилт хөдөлгөөний үйлчилгээ, олон үндэстний асуудал хариуцсан сайд Алекс Хоук нар гарын үсэг зурав.
Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, залуус хоорондын соёлын солилцоог дэмжих, тэдний суралцах, хөгжих хүсэл сонирхол, тэмүүллийг дэмжих зорилготой энэхүү Санамж бичиг зурагдсанаар Монгол Улсын 100 залуу 2022 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Австрали Улсад “Ажиллах болон амрах” визээр 1 жилийн хугацаанд ажиллах, аялах энэ үеэрээ 4 сар хүртэлх хугацаагаар суралцах боломжтой болж байна" гэв.