Чингис хаан музейн барилгын нүүрэн талд Монголын эзэнт гүрний таван хааны тамгыг залжээ. Чингис, Өгэдэй, Гүюг, Мөнх, Аригбөх хааны тамгыг Их хаадын дэлдүүлсэн зоосон дээр тухайн хааны нэр, тамгыг дүрсэлсэн байдаг ба тэдгээр зоосон дээрх тамгыг хуучин хэв маягаар нь урласан байна.
Хаадын тамгыг Түүхийн ухааны доктор Б.Нямаагийн зөвлөснөөр Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач Б.Төмөрбаатар тэргүүтэй зураач, барималч, дархчууд урлаж, Монголын археологийн түүхэнд олдсон хосгүй үнэт дурсгалуудаар тойруулан чимжээ.
Тухайлбал, Таван тамганы дунд байрлуулсан Чингис хааны тамгыг Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутаг дахь Гол мод II дурсгалт газрын Хүннүгийн хааны 1 дүгээр булшнаас илэрч олдсон дугуй хэлбэрийн хөөмөл алтан чимэг дээрх ирвэсийн дүрстэй домгийн амьтан болох бэрсээр ороон чимэглэсэн байна.
Аливаа улс орны сүлдэнд өөрийнх нь газар нутгаас илэрсэн археологийн олдвор дээрх өвөг дээдсийнх нь сүр хүчний бэлгэдэл болсон дүрс агуулагдсан байдаг аж. Энэ жишгээр таван их хааны тамга тус бүрийн дээд талд эртний төрт улсуудын сүлд шүтээн шонхор, галт шувуу зэргийг дүрсэлсэн бол тамганы доод талд тухайн хааны үед хэрэглэж байсан зоосон мөнгийг урласан байна.
Сонирхуулахад, Гол мод II дурсгалт газрын Шаньюйгийн 1 дүгээр булшны гуравдугаар дагуул булшнаас 200 гаруй шагай олдсон ба тэдэн дунд дөрвөн тамгатай шагай байжээ. Тэдгээр шагайн дээрх онгин тамга нь хожмын Чингис хааны, дэгрээ тамга нь Өгэдэйн, сэрээ тамга нь Мөнхийн удам угсааны тамгатай адил байсан нь түүх үргэлжилж ирсний нэг баталгаа болсон юм хэмээн түүхчид тайлбарлаж байна.
Музейн барилгын нүүрэн далд таван их хааны тамгыг байршуулахдаа, Музейн анхны зураг төслийн дагуу тамга хоорондын зайг яг ижил хэмжээнд бариагүй нь ч мөн бэлгэдэл бодсон хэрэг юм.
Өөрөөр хэлбэл, барилгын нүүрэн талын гурван баганаар эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийг төлөөлүүлсэн бөгөөд баруун талын гурван тамга буюу Өгэдэй, Гүюг, Чингис хаадын тамгыг багана тус бүрийг дагуулж байрлуулсан байна.
Хаадын тамга тус бүр 3х3 метрийн хэмжээтэй бөгөөд дунджаар 330 кг жинтэй.
Эх сурвалж: Чингис хаан музей