Чөлөөт бөхийн 23 хүртэлх насны ангиллын Азийн АШТ Бишкек хотод өчигдөр дууслаа. Тэмцээний сүүлчийн өдөр Монголын бөхчүүд хоёр, алт, нэг хүрэл медаль хүртэв.
Тэмцээний эмэгтэйчүүдийн 55 кг-д барилдсан, “Алдар” спорт хорооны тамирчин, спортын мастер Баянмөнхийн Отгонтуяа 2021 оны Азийн АШТ-ий хүрэл медальт, Казахстаны Ассылзат Сагымбайг 7:2-оор, эзэн орны Арук Кадырбек Кызыг цэвэр ялсан.
Сүүлийн барилдаандаа Энэтхэгийн Жиотийг 9:4-өөр ялж, Азийн аварга боллоо. 2020 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий хүрэл медальт, 21 настай тэрбээр олон улсын тэмцээнээс анхны медалиа хүртэж байгаа нь энэ.
50 кг-ын жинд өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, Сонгинохайрхан дүүрэг, “MJ” клубийн тамирчин, ОУХМ Мөнхбатын Мөнхгэрэл алтан медаль хүртлээ.
Тэрбээр тойргийн сүүлийн барилдаанд Казахстаны Лаура Ганикызытэй барилдаж оноогоор цэвэр (10:0) ялснаар, тивийнхээ аварга болсон юм.
76 кг-д насанд хүрэгчдийн УАШТ-ий хошой хүрэл медальт, өсвөр үе, залуучуудын улсын аварга, “Асашёорюү кап” тэмцээний аварга, Налайх дүүргийн тамирчин, спортын мастер Баярбаатарын Сарнай хүрэл медаль хүртлээ.
Тэрбээр хүнд бэртлийн улмаас дөрвөн жилийн хугацаанд барилдаагүй бөгөөд саяхнаас дэвжээндээ эргэн ирсэн юм.