Ж.Дашдондог Намын дээд сургуульд сурч байхдаа хөдөлмөрчдийн хүсэлтээр төрсөн нутагтаа дуудагдан Дэлгэрхаан сумын анхны Засаг даргаар томилогджээ. Залуус өөрчлөлт, шинэчлэлтийн тухай ярьж, дарга нарыг ид халж сольж байсан үе. Улсын төсөв хүндхэн байдалд орчихсон, төсвийн байгууллагуудын дийлэнх нь хаалгаа барихад тулчихаад байсан цаг. Дэлгэрхаан сум ч бас энэ хүнд үеийг тойроогүй, дайраад л гарсан юм. Төрөө ч, түмнээ ч, байгууллагаа ч, орон нутгаа ч боддог, зүтгэдэг, санаснаа заавал бүтээдэг “сэргэлэн нь дэндсэн” Засаг дарга ч үүргээ давуулан биелүүлсэн үү гэхээс дутуудуулсангүй ээ.
Дарга л байхаар заяагдсан мэт намба төрх, няхуур харцтай тэрбээр бидэнтэй наргиан хөгжөөнтэй, энгүүн сайхан яриа өрнүүлэв.
-Дэлгэрхаан сумын түүхийн нэгэн хэсэг болсон танаас асуух зүйл их байна. Танд ч ярих зүйл их байгаа биз ээ. Таны үүтгэл болсон өвөг дээдсийн тань талаарх дурсамжаар ярилцлагаа эхэлье.
-Одоо эргээд бодоход бага залуудаа хүнээс юм асууж, лавлаж мэддэггүй байж. Хүн ахмад настнуудаасаа өвөг дээдэс, ураг удмынхаа талаар ахиухан асууж лавлаж баймаар юм билээ. Ингэж чадаагүй өөрийгөө бага зэрэг зэмлэж, үр хүүхдүүддээ өөрийн мэдэхийн хэмжээгээр хэдэн үеийн түүхээ бичиж үлдээе гэж санадаг юм.
Миний өвөг дээдэс бахархам үүх түүх, тэгш сайхан намтар дурдатгалтай хүмүүс байсаан. Дэлгэрхаан сумыг Зоригт бэйсийн хошуу гэгдэж байх үед миний өндөр өвөг Зурхайч амьдарч байжээ. Түүний хүү Дамдингомбо, ач Жагдаг, жич нь би байгаа юм. Миний өвөө З.Дамдингомбо Зоригт бэйсийн хошууны зартай сайн уяач байсан гэдэг. Богд хааны морийг хүртэл уяж байсан гэж манай нутгийн Самдан гуай дурсаж байсан юм. Өвөө, эмээ хоёр маань Цэндсүрэн, Жагдаг, Дэжээ гэсэн гурван хүү, Должинжамсран нэртэй ганц охинтой. Миний аав Д.Жагдаг бага залуугаасаа бичиг номд сайн суралцсан хүн. Зүүн хязгаарт цэргийн алба хаан халагдаж ирээд Улаан булангийн эрхлэгч, Эвлэлийн үүрийн даргаар ажиллаж байлаа. Улмаар 1955 онд Цэнхэрмандал сумын нарийн бичгийн даргаар томилогдон ажилласан юм. Тэгэхэд би хоёр настай байлаа. Тус суманд очоод хоёр хүүхэд нь эндсэн учир “нутаг таарсангүй” хэмээн Дэлгэрхаандаа эргэн ирж, “Дэлгэрэх” нэгдлийг байгуулсан юм. Тухайн үед Гончиг гуай “Баянбадрал” нэгдлийг байгуулчихсан байсан.
Нутагтаа эргэж ирээд аав, ээж хоёр маань миний араас 11 хүүхэд төрүүлж өсгөсөн. Одоо ес нь эрүүл саруул, эсэн мэнд байна.
Миний ээж Дугаагийн Цэдэн ч мөн Дэлгэрхааны уугуул хүн. Бага сургууль төгсөөд нэгдэлд ажиллаж байгаад хожим цэцэрлэгт тогооч хийж байлаа.
-Та хаана дунд сургууль төгссөн бэ. Дэлгэрхаан сумын анхны Засаг даргаар томилогдох хүртлээ ямар, ямар алба хашиж байв?
-Би Дэлгэрхаан сумын төвд Аваргын голын дэргэд 1953 оны дөрөвдүгээр сарын 22-нд мэндэлсэн хүн. Ээж минь араг түшиж намайг төрүүлсэн гэдэг. Нагац ах Цэрэнбаатар маань Хөвсгөл нутгаас гаралтай, хүний бага эмч хүн байлаа. Тэр хүн намайг эх барьж, Аваргын голын эхэнд хүйг минь оршоосон гэдэг юм. Тэнд л хүй минь цөглөсөн дөө.
Би сумандаа бага сургууль, Цэнхэрмандалд долоодугаар анги төгссөн. Олон дүүтэй учраас “Аав, ээждээ нэмэр болъё” гэж сэтгээд Оросын модны үйлдвэр лүү 1967 онд ТМС-д явсан юм. Нэг жил орчим суралцаж, ой модны мэргэжилтэй боллоо. Сумандаа эргэж ирээд гэртээ ч харьж амжилгүй л Батширээтийн модны үйлдвэр лүү хуваарилагдаж байлаа. Гэрээрээ орж, аав, ээжтэйгээ уулзаж, дүү нартаа авч ирсэн бэлгээ ч өгч амжаагүй.
Батширээтэд очоод ажиллах гэсэн боловч нас хүрдэггүй ээ. Тэгэхээр нь 1952 онд төрсөн гэж худал хэлж үйлдвэрийн боловсон хүчинд бүртгүүлээд л ажиллаж эхэлсэн дээ. Тийнхүү ажиллаж байгаад 1971 онд Ардын хувьсгалын 50 жилийн ойгоор Тэргүүний залуу ажилтнаар шалгарч байлаа. Нэг жил ажиллачихаад нутагтаа ирж, хураасан цалингаа ээждээ өгч баярлуулж байв. Тухайн үед 900 орчим төгрөг ч их мөнгө байлаа шүү дээ. Ээж минь жигтэйхэн баярлаж, дүү нарт минь хувцас хунар авч өгч билээ.
-Олон хүүхэдтэй айлын ууган хүү болохоор их эрт “тусад оржээ”.
-Тэгэлгүй яах вэ. Намайг “тусад орлоо” гээд эмэг ээж Думаа болон хоёр охин дүүгийн маань хамт Батширээтэд айлын хашаанд гэр барин, тусад нь гарсан гээд л бод доо. Эмэг ээжийгээ асарч, хоёр дүүгээ хариуцан өсгөж байтал 1971 оны үеэс цэрэгт явмаар санагдаад ер болдоггүй ээ. Үйлдвэрийн ажилчин гээд намайг явуулдаггүй дээ. Тэгэхээр нь би эмэг ээждээ “За би та нарыгаа хоёр жил харж хандлаа. Одоо та гурав минь Дэлгэрхаан руу буц. Би цэрэгт явна” гэж хэлээд нүүлгэчихлээ. Ганцаараа болсон хойно ч сумын нарийн бичгийн дарга Дамбийжанцан гуай намайг цэрэгт явуулахгүй гэж гүрийгээд байсан юм.
Нэгэн удаа цэргийн машин ирээд цэрэгт татагдсан хүүхдүүдийг суулгаж байхыг хараад би гэр лүүгээ цахилгаан бичиж үлдээгээд л суучихсан юм. Тэгтэл ч аав маань Аймгийн дарга Аюуш гуайг Дэлгэрхаан сумын бригадуудаар явж байхтай тааралдаад “Хүүгээ цэрэгт үдэж өгье” гээд хүрээд ирсэн байж.
Үдэш “Батширээтийн цэргүүд хаана байна” гэсэн эмэгтэй хүний дуу гарсан нь ээж минь юм шиг санагдлаа шүү. Сум бүрээс цэрэгт татагдсан хөвгүүдийг байрлуулж байсан тэр олон гэр дотроос хөөрхий аав, ээж хоёр минь намайг хайгаад явж байсан нь тэр юм билээ. Ингээд л би 1973 онд Хязгаарын цэргийн албанд хуваарилагдан Дорнод аймагт албаа хаагаад 1976 онд халагдсан даа.
Цэрэгт очоод удаагүй байхдаа Бага даргын сургуульд сурсан. Өнөөх шинэ цэрэг маань намар нь бага дарга болчихоод хилийн застав руу очиж байлаа. Заставт Эвлэлийн үүрийн даргаар очиход намайг хэн ч дарга гэж тоосонгүй. Оны ялгаа гэдэг чинь хэцүү шүү дээ. Өглөө нь миний үгэнд орж босох цэрэг үгүй, офицерууд ирээд “Чи цэргүүдээ босгохгүй яасан юм бэ” гэж загнана. Иймэрхүү байдалтай хөглөж байгаад хязгаарын цэргийн үзэл суртлын тэргүүний ажилтны улсын зөвлөгөөн болон Эвлэлийн хорооны тэргүүний ажилтны VI бага хуралд төлөөлөгчөөр оролцож байлаа. Энэ мэтчилэн цэргийн албыг нэр төртэй хаасан.
-Цэргээс халагдаад шууд нутагтаа ирсэн юм уу?
-Тийм ээ. 1976-1984 онд сумандаа, 1984 оноос Хэрлэн Баян-Улааны отор тэжээлийн сангийн аж ахуйд Эвлэлийн үүрийн даргаар ажиллалаа. 1985 онд МАХН-ын гишүүнээр элсэж, хоёр жилийн дара Намын дээд сургуульд элсэх шалгалт өглөө. Монголын түүх, Орос хэл хоёроо онцсайн өгсөн боловч монгол хэл дээр хоёр алдчихсан байв. Ингэж л Намын дээд сургуульд тэнцэн дөрвөн жил суралцсан даа.
-Тэнд сурч байхад тань Монголд Ардчилсан хөдөлгөөн өрнөж, Сандагдорж даргыг албан тушаалаас нь буулгаад таныг дуудсан гэдэг бил үү?
-Сандагдорж даргыг албан тушаалаас нь буулгаад, сум, нэгдэл хоёр маань салчихсан байлаа. 1991 онд “Танай сумынхан чамайг сумын даргаар авна гэж байна” гэдэг юм байна. Тэр үед дүү Ж.Билэгсайхан маань Утга зохиолын дээд сургууль төгсөөд, сумандаа нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм. Ардчилсан хөдөлгөөн өрнөөд Дагвабүслүүр даргыг “огцор” гэчихсэн байж. Тийм эгзэгтэй үед л хөдөлмөрчдийн хүсэлтээр нутаг руугаа буцаж, сумын Засаг даргаар ажиллаж эхэлсэн юм, би.
-Өөрчлөлт шинэчлэлтийн салхи сэвэлзсэн хэцүүхэн цаг үе байж. Дэлгэрхаан сум маань ямаршуухан байдалтай байв?
-Сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэх мэт улсын байгууллагууд хүндхэн байдалтай угтсан. Төсвөөс олгодог хэдэн төгрөгөөр л амь зуудаг учир арга ч үгүй биз ээ. Манай сумын хамгийн том асуудал бол халаалт байсан юм.
Сум маань ганц том уурын зуухтай. Хоногт 1-2 машин нүүрс түлдэг ч байгууллагууд маань бүрэн халахгүй хөлдчихдөг байлаа. Байгууллагууд эхнээсээ хаалгаа барихад бэлэн болчихсон, санал гомдол нь дээд цэгтээ тулчихсан байв. Энэ хүндхэн байдлаас гарахын тулд тэр том уурын зуухыг л татан буулгах хэрэгтэй юм шиг надад санагдсан. Аймгийн дарга болон сумын МАХН-ын дарга нарт санал хүргүүлэн, уулзаж ярилцлаа. Ингээд уурын зуухаа татан буулгаж, улсын байгууллагуудын халаалтыг тус тусад нь шийдвэрлэсэн юм.
-Халаалтын асуудлаа шийдвэрлэчихлээ. Дараагийн асуудал нь юу байсан бэ?
-Төсвийн мөнгө хаана ч хүрэлцдэггүй байлаа. Эсвэл хэтрүүлээд загнуулаад байлаа. Энд тэндээс, хүн амьтнаас гуйгаад л гүйнэ шүү дээ.
Би ч нэгдэл тарж, өмч хувьчлал явагдахад улсын хэдэн байгууллагаа л малтай болгоё гэж зорьсон юм. Харамсалтай нь, төрийн албан хаагчдад тэр хувьчлалаас юу ч оногдоогүй. Нэгдлийн гишүүд л хэдэн зуугаар нь авч байлаа.
Гол нь, Өмч хувьчлалын комиссийн дарга нь би. Тиймээс хурал дээр үг хэлж, санал оруулаад сумын эмнэлэг болон захиргаанд тус бүр 300 бог, таван тугалтай үнээ хувьчиллаа. Сургууль тухайн үед төсвийн хөрөнгөөр хэдэн мал худалдаад авчихсан байсан юм. Түүн дээр нь нэмээд хэдэн мал өгчихлөө.
Мөн төрийн албан хаагчид дунд өрх толгойлсон эмэгтэй, олон хүүхэдтэй гэр бүлийн гишүүд олон. Тэд цалингаас цалингийн хооронд л амьдардаг улс. Тиймээс төрийн бүх албан хаагчид есөн хургатай хонь, гурван ишигтэй ямааг байгууллагад хувьчилсан малаасаа хуваарилж, тараалаа.
Асуудал үүгээр дуусахгүй ээ, сумын албан байгууллагуудын дарга нар дундаа нэг шар УАЗ-69 машинтай байлаа. Хэдэн талд зэрэг ажил бужигнаж байх үед унаа тэрэг нь хүрэлцэхгүй, хэцүүднэ шүү дээ.
Нэгэн удаа Эрдэнэтийн үйлдвэрийн дарга Ш.Отгонбилэг гуай Аварга тосонд амрахаар ирсэн юм. Би ч гүйж очоод л учир байдлаа хэллээ. Тэгтэл “Миний унаж яваа машиныг аваад үлд” гэдэг юм байна. Яаж тэгж болох вэ дээ, би ч шууд л татгалзлаа. Тэгж байтал 1993 онд Хэнтий аймгийн түүхт их ойгоор Засаг дарга нь “Хонины ууцтай ирээрэй, чамайг том бэлэг хүлээж байгаа шүү” гэдэг юм байна. Тухайн үед бүх юм дарга нарын тушаал даалгавраар юм чинь, хонины ууц шүүс бэлтгэж, нэг гэр ачаад л Худалдаа бэлтгэлийн ангийн ЗИЛ-130 машиндаа ачаад аймгийн төвийг зорилоо. Зам зуурт машины ус халж зогссоор наадмын нээлтийн дараа л очлоо.
Наадмын талбайн гол хэсэгт нэг хар ногоон өнгөтэй цоо шинэ УАЗ-69 машин харагдаж байна. Түрүү бөхийн бай шагнал байх нь гэж бодож байтал “Эрдэнэт үйлдвэрээс энэ машиныг чамд бэлэглэж байна” гэдэг юм байна. Толгой манараад л явчихлаа. Тэгтэл нэг жолооч хархүү намайг хажуудаа суулгаж, машиныг маань бариад наадмын талбайг тойрчихдог юм байна. Би ичиж, санаа зовсон гэж яана аа. “Бушуухан л эндээс гараасай” гэж бодож байлаа шүү дээ. Хэдэн дарга нараа хараад л, хөлс цуваад л... бүр баларлаа. Ингэж нэг машинтай болсон түүхтэй. Дахин нэг УАЗ-69 машинтай болсон түүхээ би чамд ярьж өгөх үү?
-За тэг.
-Сумын эмнэлэг машингүй, миний машиныг л гуйна шүү дээ. Тэгж байтал Аварга тосон рашаан сувилалд маань Сангийн яамны хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн Цэнд-Аюуш гэж их сайхан зантай хүн амрахаар ирлээ. “Манай аймагт нэлээд сайн хөрөнгө оруулалт хийсэн хүн шүү. Сайн дайлж цайлаад явуулаарай” гэсэн үүрэг ч Аймгийн дарга нар өглөө. Бид ч Цэнд-Аюуш гуайг нөхрийнх нь хамт хамаг байдгаараа дайлж, сайхан амраасан. Тэгээд яг явахынх нь алдад би ч машины асуудлаа хэлээд л орхилоо. Цэнд-Аюуш гуай “Их сэргэлэн хүн байна. Даанч их цайлж дайлаад байсан юм аа” гээд л инээж билээ. Тэр явдлаас хойш нэг их удаагүй ээ, би жолоочийнхоо хамт хот орж, цоо шинэ УАЗ-69 машин авчирч эмнэлэгтээ өгсөн дөө. Энэ хоёр машин маань 10 гаруй жил манай сумын албан байгууллагуудад хөл залгуулж, холыг ойртуулан, хоёрыг учруулсан. Аварга тосонгийн минь буян ч их шүү дээ.
-Та Засаг даргын албаа хүлээлгэж өгөөд энэ буянтай хоёр нууртайгаа ажил, амьдралаа холбосон, тийм үү?
-Тийм ээ. Би тавин нас шүргэж явахдаа Загдраднаа даргын ажлыг авч, Аварга тосон рашаан, амралтын газрын даргаар очсон юм. Уг ажлыг 1997 оноос хойш таван жил хийсэн. Тухайн үед амралтын газар маань Улсын төсвөөс татаас авдаг байлаа. Би тэр зарчмыг нь халж, амралтын газар өөрөө орлого олох үйл ажиллагаа явуулдаг болгосон юм. Тодруулбал, би тэнд нэг жил ажиллаад Хөдөө аж ахуйн нэгдлүүдээс таван хошуу мал аваад, өсгөж эхэлсэн юм. Зуны цагт малаа өсгөж, амрагчдаа хүлээн авна. Өвлийн улиралд зун хэрэглэх модоо бэлтгэж, илүү гарсныг нь зарж борлуулна. Ингээд бид 1999 онд 30 жилийн ойгоороо 9000 малтай, орлогоороо зарлагаа хаачихдаг нэр хүнд бүхий байгууллага болчихсон байсан. Сүүлдээ “Их малтай боллоо” гээд аймаг манайхаас мал авдаг болсон шүү. Рашаан сувилал маань 2004 онд хувьчлагдсан.
Би улмаар сумын үүрийн дарга, намын дарга, байгаль орчны улсын байцаагч, даамал зэрэг ажил хийж байлаа. Мөн “Тогтвортой амьжиргаа” төсөлд дөрвөн жил ажиллаж, сумандаа 100 сая гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ. Хүн эмнэлгийн иж бүрэн засвар, моргийн өрөө, сургуулийн дотуур байрны бүрэн засвар хийж, цэцэрлэгийн гал тогоонд цахилгаан тоног төхөөрөмж нийлүүлэн, гадна талбайг тохижуулж, Ахмадын өргөө бариулж, булаг шандыг тохижуулсан юм. Мөн халуун усны байшин, бэлчээрийг тохижуулсан. Арав гаруй шинэ худаг ч бариулсан. Бригадын хүний бага эмчид мотоцикль ч авч өгсөн. Их үр дүнтэй хөрөнгө оруулалт болсон гэж боддог юм.
-Сайхан буурлуудынхаа орон нутагтаа оруулсан хувь нэмэр, хөрөнгө оруулалтыг бид үгээр хэлж, үзгээр бичиж баршгүй юм. Танд урт удаан, сэтгэл тэнүүн амьдралыг ерөөн энэхүү ярилцлагаа өндөрлөе.
ХААН ТҮҮХИЙН ЖИМЭЭР номоос.