Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачууртын эцсээс Хар хошуу хүртэл 4.7км автозамын ажил 50 хувьтай үргэлжилж байна. Энэхүү замын ажлыг дотоодын аж ахуй нэгж болох “Таны Зам” ХХК гүйцэтгэж байна. Тэгвэл өнөөдөр зам хийгдэж буй талбайд УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан, ИТХ-ын төлөөлөгч Ц.Гомбосүрэн, холбогдох удирдлагууд нөхцөл байдлыг шалгаж, гүйцэтгэгч компанийн удирдлага, инженерүүдтэй уулзлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан хэлэхдээ
“Баянзүрх дүүргийн алслагдсан хороо Гачуурт тосгоны иргэдийн зүгээс хамгийн их санал дэвшүүлсэн зүйл бол энэ 4.7 км авто зам. Үүнийг миний бие шийдвэрлэж, улсын төсөвт суулгаж чадсанд иргэд баяртай байгаа. Тиймээс гүйцэтгэгч компанийн хамт олон дотоодын компани, залуу хамт олон учраас илүү сэтгэл гаргаж чанартай гүйцэтгэх тал дээр анхаарч ажиллаарай. Шаардлагатай санал хүсэлт, шийдвэрлэх зүйлс байвал эргэх холбоотой ажиллах хэрэгтэй” гэсэн юм.
Гүйцэтгэгч компанийн зүгээс жижиг саад бэрхшээл байгаа ч техник, хүн хүчээ нэмж 10 дугаар сарын 15-н гэхэд хүлээлгэж өгнө гэдгээ хэллээ.
Гачууртын эцсээс Хар хошуу хүртэл хийгдэж буй 4.7км замын хувьд 7м өргөнтэй, явган зам, дугуйн зам, гэрэлтүүлгийг цогцоор нь шийдэж өгсөн. Ашиглалтад орсноор тус орчмын иргэдийн газрын үнэлгээ нэмэгдэхээс гадна, амьдрахад таатай орчин, нөхцөл бүрдэнэ гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.