Энэ оны нэгдүгээр сарын 08-наас 14-ний өдрүүдэд Унгар улсын Будапешт хотод зохион байгуулагдсан олон улсын циркчдийн XII фестивалиас Монголын циркчид ганзага дүүрэн ирлээ. Тодруулбал, Г.Номуунбаатар ахлагчтай Монголын циркчдийн баг "Mongolian Nomads" шидэх банзны үзүүлбэрээрээ алтан цом хүртжээ. Мөн Соёлын тэргүүний ажилтан Г.Намхайнямбуу тэргүүтэй циркчид “Шидэлттэй акробат” үзүүлбэрээр алтан цомын эзэн болсон байна. Уг багийн хувьд 2015 онд ОХУ-ын Москва хотод болсон “Идол” олон улсын циркчдийн тэмцээнээс мөнгөн цом, тусгай байрын шагнал, 2016 онд Испани улсад болсон олон улсын циркчдийн тэмцээнээс алтан цом, тусгай байрын шагнал, ОХУ-д болсон олон улсын циркчдийн тэмцээнээс алтан цом, Ардчилсан Солонгос улсад зохион байгуулсан “Хаврын баяр” олон улсын урлагийн наадмаас алтан цом, Монгол Улсад болсон олон улсын циркчдийн анхдугаар тэмцээнээс гран при шагнал тус тус хүртэж байв. Мөн өнгөрсөн онд Ижевск хотод зохион байгуулагддаг олон улсын циркийн фестивалийн 10 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтод урилгаар оролцож, Франц улсад болсон олон улсын циркчдийн тэмцээнээс гран при шагранл, БНХАУ-д болсон олон улсын А зэрэглэлийн тэмцээнээс эх орондоо анх удаа алтан цомыг авч ирсэн амжилтыг үзүүлсэн билээ.