ТА БИДНИЙ СЭТГЭЛ, ЗҮТГЭЛ ХҮҮХЭД БҮРИЙН ИРЭЭДҮЙД ХАМААТАЙ....
Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар ажлын хэсэгтэй хамт дүүргийн зарим хороодод ажиллалаа.
Өнөөдрийн байдлаар дүүргийн хэмжээнд бүртгэлтэй 35279, бүртгэлгүй, түр оршин суудаг, харьяалал шилжээгүй 5000 , нийтдээ 40000 гаруй хүүхэд байгаагаас бид яамнаас барьж буй бодлого, шийдвэрт үндэслэж цомцог гэр 5, түрээсийн байр 30, худалдан авах 9 байраар нэмж зохицуулалт хийсэн. Гэтэл 2576 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахааргүй хүндрэл үүсээд байгаа юм. Дээрээс нь иргэд хүүхдээ хэрхэн цэцэрлэгт хамруулах, бүртгүүлэх, миний хүүхэд аль цэцэрлэгт, хэрхэн хамрагдах талаар ямар ч ойлголтгүй байна. Үүнд яаралтай арга хэмжээ авч ажиллахыг холбогдох алба хэлтэс, хороо, хэсгийн ахлагч гээд бүх шатны хүмүүст хэллээ.
Монгол улсын Засгийн газар, мэргэжлийн яам нь хүүхэд бүрээ 100хувь цэцэрлэгт элсүүлнэ гэж мэдэгдээд байхад дүүрэг орон нутаг гүүр нь болж дэмжлэг, туслалцааг заавал үзүүлж, шаардлагатай ажлыг цаг алдалгүй зохион байгуулах ёстой. Тухайлбал
1. 9-р сарын 1-ны өдөр цэцэрлэг эхлэх үеэр зарим түрээсийн байр, цомцог гэр ашиглалтад орж амжихгүй. Тиймээс зарим хүүхдүүдийг 10,11 дүгээр сард элсүүлж зохицуулалт хийх
2. Та бид E-Mongolia application-аар дамжуулж хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлнэ. Гэхдээ дүүргийн ахмад, алслагдсан хорооны иргэд тухайн платформыг ашиглахад шаардлагатай чадвар, мэдлэг хомс. Тиймээс хороо бүтцээрээ дамжуулан өрх бүрд хүрч ажиллах
3. Хороо бүр дээр гарч буй хүүхдийн судалгаа, улсын бүртгэлийн судалгаа зэрэг хоорондоо харилцан адилгүй байгаа учраас яаралтай зохицуулалт хийж нэг ойлголттой болох
4. Ямар хүүхдүүд нь улсын сургуульд, ямар нь түрээсийн байр, ямар нь цомцог гэрт элсэх зэрэг ажлуудыг тодорхой болгож, хорооны бүтэц бүрэлдэхүүн, цахим орчноор дамжуулж иргэддээ мэдээллийг цаг алдалгүй өгөх хэрэгцээ шаардлагатай тулгараад байна.
Монгол улсын Засгийн газар, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Улаанбаатар хотод хэрэгжүүлж байгаа хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах ажил Баянзүрх дүүрэгт заавал 100% хэрэгжих ёстой. Тэгж байж дүүргийн өрх, иргэд маань хүүхдээ цэцэрлэгт өгсөн үедээ ажил хийх, цэцэрлэгийн элсэлт дагасан авлига, хээл хахуулийн асуудал нэгмөр цэгцрэх юм. Тиймээс үүнд дүүргийн бодлогын хэлтэс, хороо, хэсгийн ахлагчдыг онцгой анхаарч, Монгол улсын ирээдүй болсон хүүхэд бүрийн төлөө сэтгэл гарган ажиллах хэрэгтэй байна.