“Face 820” өдөрлөг анх удаа Баянзүрх дүүрэгт амжилттай явагдаж байна.
Санамсар болгоомжгүй болон гэнэтийн байдлаас болж түлэгдсэн хүүхдүүдэд зориулсан БНСУ болон Монгол Улсын хамтарсан “Face 820” өдөрлөг анх удаа Баянзүрх дүүрэгт амжилттай зохион байгуулагдаж байна. Уг арга хэмжээг БНСУ-ын “Юнисити Мега Ворлд” ХХК, “U9Change” хүмүүнлэгийн байгууллага болон Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулж байна. Жуковын талбайд өглөө 09:00 цагаас арга хэмжээ эхлэхээр зарласан ч Баянзүрх дүүргийн болон бусад дүүргийн, хөдөө орон нутгийн иргэд хүрэлцэн ирж хонож, үүрээр дугаарлаж тус арга хэмжээнд оролцохоор зорьжээ. Анх зохион байгуулагчдын зүгээс эхний 100 хүүхдэд үнэ төлбөргүй үзлэг, зөвлөгөө өгөхөөр төлөвлөж байсан ч зорин ирсэн эхний 300 хүүхдийг бүртгэн авч үйлчилгээ үзүүлж байна. БНСУ-аас Хан Ган Сү түлэнхийн мэргэшсэн эмнэлгийн нэг эмч, ГССҮТ-ийн Түлэнхийн төвийн хоёр эмч түлэгдсэн хүүхдүүдэд үзлэг хийж, зөвлөгөө өгч, шаардлагатай эмийг тарааж байгаа бөгөөд өдөрлөгийн үеэр Солонгос тогооч нарын гар хоол, хүүхдийн хувцасны худалдаа явагдаж байна. Тус арга хэмжээнээс олсон бүх орлогыг түлэгдсэн хүүхдүүдийн эмчилгээнд зарцуулахаараа онцлогтой. БНСУ-ын Инчон хотын “Ин Ха” их сургуулийн профессор багш И Мён Үн:
“Анх 2012 оноос эхэлж “U9Change” хүмүүнлэгийн байгууллага түлэнхийн чиглэлээр илүү өргөн хүрээнд ажиллаж эхэлсэн. Монгол Улсад энэхүү арга хэмжээг зохион байгуулахаар холбоо тогтоож, Баянзүрх дүүргийн удирдлагууд маш сайхнаар хүлээн авсан. Бид анх эхний 100 хүүхдэд үзлэг хийж, зөвлөгөө өгөхөөр төлөвлөж байсан ч өнөөдөр маш олон хүн ирээд байна. Бидний энэхүү арга хэмжээ маш нүдээ олсон нь үүнээс харагдаж байна. Цаашид Баянзүрх дүүрэгтэйгээ хамтран энэхүү арга хэмжээг жил бүр зохион байгуулах, цаашлаад хагалгаа хийх шаардлагатай, Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдүүдийг үнэ төлбөргүй БНСУ-д эмчлэх зэрэг ажлыг хийхээр зорьж байна. Зохион байгуулалтыг хийж, бүхий л зүйлээр дэмжиж тусалсан Баянзүрх дүүргийн удирдлагууддаа маш их баярлалаа” хэмээн хэлсэн. Мөн Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан “БНСУ-ын “Юнисити Мега Ворлд” ХХК, “U9Change” хүмүүнлэгийн байгууллагатай хамтран гурван төрлийн арга хэмжээг зохион байгуулж байна. Өчигдөр Цагаан давааны хогийн цэгт амьдарч байгаа хүүхдүүдэд үзлэг, шинжилгээ хийсэн. Мөн хамтран ажиллах санамж бичиг байгуулж, Баянзүрх дүүрэгт байгуулагдаж буй Олон улсын цэцэрлэгт хүрээлэнд мод тарьсан. Санамж бичгийн хүрээнд цаашид жил бүр энэхүү арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Өнөөдөр энд хүрэлцэн ирсэн иргэдийг харахад хэрэгцээ шаардлага нь байна гэж харж байна” хэмээн хэллээ.